С.Амарсайхан: Нийслэлд эдийн засгийн ЧӨЛӨӨТ БҮС байгуулах төслөө ЗГ-т хүргүүлнэ
2018.07.05
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

С.Амарсайхан: Нийслэлд эдийн засгийн ЧӨЛӨӨТ БҮС байгуулах төслөө ЗГ-т хүргүүлнэ

НИТХ-ын дарга С.Амарсайхантай Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон Улаанбаатар хотод хийхээр төлөвлөж буй зарим ажлын талаар ярилцлаа.

-Нийслэлийн эрх зүйн байд-лын тухай хуулийг хэлэлцэх нөхцөл шаардлага зайлшгүй тулгарсан талаар яригдаж байна. Хуулийн төслөөр ямар өөрчлөлтүүд орох вэ?

-Энэ бол цаг үеийн зүй ёсны шаардлага гэж харж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудыг орон нутаг бие даан шийдэх боломж нөхцөлийг нээлттэй болгох ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл нийслэл төсвөө өөрөө бүрдүүлэх, хариуцлагаа мөн хүлээдэг тогтолцоог бий болгох юм. Тэр хүрээнд шаардлагатай төсөл хөтөлбөр, дэд бүтэц, сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, авто зам гүүрээ шинэчлэх зэрэг нийслэлчүүдийг ач тухтай, аюулгүй байдлыг хангах эрх зүйн боломжуудыг нээж өгөхөл энэ хууль чухал үүрэгтэй. УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

-Ямар замаар энэ боломжуудыг бий болгоно гэж төлөвлөж байгаа вэ?

-Нийслэл жилд 800 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлого бүрдүүлж байна. Үүнээс 200 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Харин үлдэж байгаа 600 тэрбум төгрөгийн 50 гаруй хувийг нь тогтмол болон урсгал зардалд зарцуулдаг. Тэгэхээр нийслэлд хөрөнгө оруулалт хийх 100 гаруй тэрбум төгрөг л эцсийн байдлаар үлдэж байна. Нийслэл бүх төсөв хөрөнгөө өөрөө мэдэж шийддэг гэж яриад байдаг боловч бодит байдал дээр төсвийн эрх үүрэг нь хязгаарлагдмал юм.

Нийслэл өөрийн эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр нь үнэлж санхүүгийн болон төлбөрийн чадвартай болгох замаар бонд, үнэт цаас гаргах эрх зүйн орчин шаардлагатай. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар нэгдүгээрт, нийслэлд хийгдэх төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг татах боломж нээгдэнэ.

Нийслэл бонд гаргаж тулгамдсан асуудлаа шийдвэрлэнэ. Хоёрдугаарт, нийслэлээс төрийн бусад байгууллагуудтай харилцах эрх зүйн орчин шинэ түвшинд хүрнэ. Мөн хот төлөвлөлт, стандартуудыг бий болгох, иргэдийн өдөр тугмын ажил, амьдралтай холбоотой ойлгомжгүй асуудлуудыг цэгцлэх эрх зүйн зохицуулалт хийх, дүрэм журмыг батлахад энэ хууль ихээхэн үүрэг гүйцэтгэнэ.

-Нийслэлээс бонд гарга-хад хөрөнгө оруулагчид хэр сонирхох бол. Бонд гаргахын тулд эрх зүйн ямар зохицуулалт шаардлагатай бол?

-Эрх зүйн хувьд орон нутаг бонд гаргаж болохгүй гээд хязгаарлачихсан байдаг. Гэтэл нөгөө таллаа нийслэл бонд гаргах боломж хангалттай бий. Нийслэлийн хэмжээнд өөрийн эзэмшлийн байр,  барилгууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, ААН-үүд, нийслэлийн болон нийтийн эзэмшлийн газар зэрэг асар олон үхмэл хөрөнгө байна. Соёлын төв өргөө, Улаанбаатар банкны шилэн барилга гээд ямар ч эдийн засгийн эргэлтэд ордоггүй объектууд олон. Нийслэл эдгээрийг өнөөгийн зах зээлийн ханшаар үнэлүүлж эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж байгаа. Тэгэхгүй бол уламжлалт буюу төсвөөс санхүүжилт авдаг, татварын орлогоор бүрдүүлсэн хэдэн төгрөгөө урсгал зардалдаа өгөөд дуусдаг байдлаар явсаар өнөөдөр нийслэл тулгамдсан олон асуудлаа шийдэж чадахгүй хэмжээнд хүрчихсэн.

-Нийслэлийн дагуул хотыг байгуулах замаар төвлөрлийг сааруулах бодлого яригдаж байгаа. Энэ чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ тухай Нийслэлийн эрхзүйн байдлын хуулийн төсөлд тусгасан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд “Хот өөрөө дагуул хоттой байж болно” гээд заачихсан. Тэр хүрээнд Налайхыг дагуул хот болгох шийдвэр 2014 онд НИТХ-аас гарсан.

Гэтэл эрх зүйн ойлгомжгүй байдал, төсвийн хэт төвлөрлөөс болж дагуул хот бие даан хөгжих боломжгүй болчихсон. Тэгэхээр цаашдаа бид алслагдсан дүүргүүд гэхгүйгээр Азийн хөгжлийн банкны шугамаар дэд төвүүд. дагуул хотыг бий болгоё гэж байгаа юм. Улмаар тэнд эрх мэдлийн хуваарилалтыг тэнцүү олгож, төсөв санхүүгээ өөрсдөө бүрдүүлэх, бие даан зарцуулах эрх зүйн орчныг бий болгож өгөх юм.

Мөн Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй учраас үүнийг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулж тухайн дүүрэг, дагуул хот өөрийн гэсэн өнгө төрхтэй шударга, эрүүл өрсөлдөөнөөр хөгжих боломжийг олгох хэрэгтэй.

Тухайлбал, Баянгол дүүрэг худалдааны байгууллага олонтой учраас худалдааны дүүрэг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг банк санхүү эдийн засгийн, Налайх, Багануурыг үйлдвэрлэл аялал жуулчлалын, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийг аж үйлдвэрийн дүүрэг гэх мэтээр онцлогоор нь бие дааж хөгжүүлэх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол 10, 20 жилийн дараа бахь байдгаараа асуудалтайгаа зууралдсан хэвээр л байна. Мөн хотын эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ярьж байгаа.

Тэнд нь агаарын болон авто замын тээвэр ложистик төв, үйлдвэрлэл инноваци, мэдээлэл технологи, аялал жуулчлал, гадаад дотоодын банк санхүүгийн байгууллагуудыг төвлөрүүлэх замаар иргэдээ ажлын байртай болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлье гэж төлөвлөж байгаа. Ингэснээр нийслэл эдийн засгийн чадавхаа бас нэмэгдүүлж хөрөнгө оруулалын давхар сантай болохгүй бол зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт хараад өнөөгийн энэ байдлаараа олон жил явах болж байна.

Тиймээс нийслэл өөрөө асуудлаа шийддэг бүрэн эрх мэдэлтэй болмоор байгаа юм. Одоо бол нийслэл тулгамдаад байгаа зарим асуудлаа бие даан шийдвэрлэх боломжгүй байна шүү дээ. Жишээ нь, Цэвэрлэх байгууламжийг шинэчилье гэхэд БХБЯ шийддэг, зарим төсөв хөрөнгийг Сангийн яам татаад авчихдаг, ХААХҮЯ хэрэгжүүлж байгаа зарим төсөл хөтөлбөрийг аваад явчихдаг гэх мэт. Ингээд нийслэл хот гэдэг том нэрээс цаашгүй, эцсийн дүндээ аль нь ч асуудлаа шийдэж чадахгүй явсаар цаг алдаж асуудлууд овоордог. Үүнийг хуульд тодорхой болгож цэгцлэхээр зорьж байгаа.

-Нийслэлд эдийн засгийн чөлөөт бүс бий болсноор эдийн засагт ямар бодит үр дүн гарах бол?

-Нийслэл элийн засгийн чөлөөт бүс байгуулах НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолын дагуу Ажлын хэсэг гараад урьдчилсан тооцоо судалгааг хийж танилцуулсан. Одоо нарийвчилсан тооцоо, судалгааг хийж, удахгүй холбогдох шийдвэрүүдийг гаргуулахаар Засгийн газарт төсөл өргөн барина. Чөлөөт бүсийг байгуулахдаа мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, технологид суурилсан, өртөг нэмсэн үйлдвэрлэл явуулахад анхаарч ажиллана. Дээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн суурь нь тэнд байна гэж харж байгаа. [ЗГМ]

Сэтгүүлч Г.Билгүүн

ШИНЭ МЭДЭЭ