Ё.Баатарбилэг: УТААНЫ улирал ирж байна, ажил хариуцсан хүмүүүс нь АНХААРЧ байгаа гэж найдаж байна
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.
-Агаарын бохирдлыг бууруулах талаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг та ахлан ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийгдсэн бэ. Удахгүй утааны улирал эхэллээ шүү дээ?
-Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш УИХ-ын тогтоол батлуулж, агаарын бохирдлыг бууруулах чигэлээр хийгдэж байгаа ажлуудтай танилцсан. Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, холбогдох зөвлөмжүүдийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Ерөнхий сайдын нэр дээр хүргүүлсэн. Мөн Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хамтарсан хурлаараа тогтоол баталж, агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газарт чиглэл өгөөд байгаа.
Ямартаа ч “Агаарын бохирдлыг бууруулах сан” байгуулагдсан. Энэ чиглэлээр ажлууд хийгдэж байгаа гэж ойлгож байна. Тодорхой мэдээллүүдийг Засгийн газраас ажлын хэсэгт ирүүлээгүй байгаа. Ойрын хугацаанд ажлын хэсэг дахин хуралдана.
-Сайжруулсан түлш, зуух гээд хувилбарууд яригдаж байсан. Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулсан гэсэн?
-Засгийн газраас 2019 оны тавдугаар сараас “Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй” гэсэн шийдвэр гарсан гэж албаныхан ярьж байгаа. Үүнтэй холбогдуулан түлшний бүтцэд өөрчлөлт оруулахаар хийгдэж буй ажлын нэг нь түүхий нүүрс боловсруулж, сайжруулсан түлш гаргах ажил эхлүүлэх гэдгийг хэлж байсан Шийдвэрүүд гараад ажлууд эхэлсэн байх. Түлшний үйлдвэр байгуулагдсан. Ажлын явц хэр байгаа, хэзээнээс түлшээ үйлдвэрлэх, нийслэлд хэрхэн түгээх гээд олон асуудлууд бүрхэг байна л даа. Засгийн газраас ажлын хэсэгт мэдээлэл ирүүлэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Утааны улирал ирж байна, ажил хариуцсан хүмүүс нь анхаарч байгаа гэж найдаж байна.
-Утаагаар бизнес хийдэг гэж ярьдаг. Утааг бууруулахад бизнес биш, бодит ажил хиймээр байна. Цахилгааныг бүтэн хөнгөлчихвөл асуудал нэг талдаа гарах боломжтой гэх юм?
-УИХ-аас баталсан тогтоолд заачихсан байгаа. Мөн байнгын хороо, ажлын хэсгээс Засгийн газарт өгсөн чиглэл, зөвлөмжүүдэд ч энэ талаар маш тодорхой туссан. Шөнийн тарифыг тэглэх, цахилгаанаар гэрээ халааж байгаа өрхийн цахилгааны хэрэглээний зардлыг хөнгөлөх тухай. Энэ болохгүй зүйл биш. Иргэн хүн утаа үйлдвэрлээд өөрөөсөө бага зардал гаргаад амьдрах боломж байхад нийгмийн хариуцлагаа ухамсарлаад өндөр зардал гаргаж цахилгаан халаалт хэрэглэж байгаа бол төр үүнийг тусгайлан анхаарч үзэх ёстой. Гэхдээ гэр хорооллын эрчим хүчний дэд бүтцийн даац, чадавх гээд бас наана нь шийдэх шаардлагатай олон зүйл байгаа юм байна лээ. Дэс дараатайгаар шийдээд явна байх аа.
-Жил бүр утаа буурна гэж ярьдаг. Энэ өвөл утаа буурах уу?
-Шууд буурна гэхэд хэцүү. Агаарын бохирдлын асуудал олон жил яригдаж, үе үеийн Засгийн газар тодорхой шийдэлд хүрч асуудлыг шийдвэрлэж чадалгүй өдийг хүрсэн. 2018 оны улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулахад маш бага төсөв тавигдсан. Ямархуу хүндрэл бэрхшээлүүд гардгийг ч иргэд олон нийт мэдэж байгаа. Ихэвчлэн санхүү, хөрөнгө мөнгөний боломжоос хамаарсан тодорхой төслүүд хэрэгждэг. Зарим нь үр өгөөж муутай, үрэн таран болсон асуудал бий. Тэгэхээр ийм ужгирсан асуудлыг шууд нэг хоёр жилийн дотор ор тас байхгүй болгож шийдвэрлэнэ гэхэд амаргүй. Харин тодорхой үр дүн гаргаж, бохирдлын хэмжээг бууруулах үр дүнтэй, судалгаатай төслүүд хэрэгжүүлэхэд нааштай үзүүлэлтүүд гарна гэж бодож байна. Өмнөд хөрш БНХАУ, тийм том эдийн засагтай хүчирхэг улс гэхэд том хотуудынхаа агаарын бохирдлыг шийдвэрлэхээр өнөөг хүртэл ажиллаж, янз бүрийн төслүүд хэрэгжүүлж байгаа ч өнөөг хүртэл төгс үр дүнд хүрээгүй л байна. Бид хамгийн гол нь өөрсдийн санхүүгийн нөөц боломждоо тулгуурлаад, тооцоотой, судалгаатай, хамгийн өндөр үр дүн гарах төслүүдийг л хэрэгжүүлэх ёстой. Бас хариуцлагатай байх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн салан задгай байдал, үр ашиггүй төслүүд, хэтэрхий үрэн таран үйл ажиллагаанууд явагдаж, “хариуцлагагүйн зуд” нүүрлэсэн байснаас нийгэмд шүүмжлэл дагуулсан олон зүйл гарсан.
-“Цэвэр агаар” сан, бонд, зуух, сайжруулсан түлшний үйлдвэр гээд өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан олон төслүүд асар их мөнгө хөрөнгө шамшигдуулсан хэрэг болж, хууль хяналтын байгууллагад шилжсэн. Энэ тал дээр ажлын хэсэг ямар дүгнэлттэй байгаа вэ?
-Мэдээж хууль хяналтын байгууллага шалгаж байгаа байх. Шүүхийн шийдвэр нь гараагүй хэргүүдийг би энд хэлж мэдэхгүй. Хариуцлага алдсан, улсын мөнгө төгрөг шамшигдуулсан бол хариуцлагаа хүлээх ёстой. Мөн одоо энэ ажлыг хариуцаж байгаа хүмүүс өмнөхөөсөө сургамж авч, хариуцлага алдахгүй, ашиг хонжоо хайхгүй, шударга ажиллах хэрэгтэй юм байна гэдэг бодол санаатай ажиллаж байгаа байлгүй дээ.
-Таныг тойрогтоо ажиллаад байна гэж сонссон. Архангай аймагт зуншлага хэр байв, намрын ажил эхэлж байна уу?
-Чуулган завсарлаад л Архангай руугаа явсан. Саяхан ирлээ. Улаанбаатарт бас гадаад, дотоодын зочид, албаныхантай хийх уулзалт, байнгын хорооны бичиг цаасны ажил их байгаа тул яаран ирсэн. Тойрогтоо нэлээд ажил, арга хэмжээ зохион байгууллаа. Иргэдтэй уулзаж, албан байгууллага, хувь хүмүүсээс гаргасан санал хүсэлтийг шийдвэрлүүлэх, зарим асуудлыг газар дээр нь үзэж танилцах гээд мундахгүй л завгүй зуслаа. Манай аймагт нэлээд хэдэн суманд малын шүлхий өвчин гарч, хүндрэл учруулсныг Засгийн газраас холбогдох хөрөнгийг шийдвэрлүүлж, үндсэндээ өвчний голомтыг дарж, хорио цээр цуцлагдлаа. Одооноос намрын ажилдаа малчид, олон түмэн орж байх шиг байна. Сайхан зун болсон. Одоо харин намрын налгар өдрүүдийг алдалгүй өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй.
-Хаврын чуулганаар ганц ч таслалтгүй, хоцролтгүй чуулгандаа суусан гишүүн гээд статистик гарсан байсан. Бусад гишүүддээ үлгэр дуурайлал боллоо гээд сошиалаар яваад байсан даа?
-За тэр ч нэг их сүйдтэй гайхуулах зүйл биш л дээ. Гишүүний л ажил. Тэгээд ч хар залуугаасаа төрд зүтгэсэн надад гишүүний ажлаас өөр сатаарах хувийн бизнес, компани, бусад зүйл байх биш. Гэхдээ УИХ-ын гишүүдийн хувьд чуулганы хугацаанд гадаад, дотоод томилолт, тойргийн ажил, олон нийтийн арга хэмжээ гээд мундахгүй гардаг тул заримдаа яалт ч үгүй оролцоогоо хангах үүднээс чөлөө авах, чуулганы хуралдаанд оролцож амжихгүй байх зүйл бишгүй гарч харагддаг юм. Хамгийн гол нь чуулгандаа суух хугацаандаа хууль хэлэлцэх батлах явцад хариуцлагатай, нухацтай хандаж, олон түмнийхээ дуу хоолой болж л явах хэрэгтэй гэж ойлгож байгаа.
-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах талаар нэр бүхий гишүүд гарын үсэг зурж өргөн барьсан байсан. Ээлжит бус чуулган хуралдах ёстой юу?
-Чуулган завсарласнаас хойш наадмын үеэр нэр бүхий гишүүд тийм бичиг өргөн барьсан юм байна лээ. Хуулиараа ээлжит бус чуулганыг тодорхой асуудлаар, гишүүдийн ирцийг хангуулж хуралдуулах ёстой. Гишүүд чуулган завсарлахаар хийх ажлуудаа аль хэдийн төлөвлөчихдөг. Тойрог тойрог руугаа, гадагшаа дотогшоо, олон улсын болон орон нутгийн гээд олон арга хэмжээнүүдийн оролцоотой байдаг. Тэгэхээр ээлжит бус чуулган зарлахад ирц хүндрэлтэй байсан болов уу. Нөгөөтэйгүүр холбогдох байнгын хороо нь хуралдаж, ээлжит бус чуулган зарлан хуралдуулъя гээд шийдвэр гаргах юм бол гишүүд хуралдаа хүрэлцэн ирэх үүрэгтэй. Энэ хоёрын голд л асуудал хаахна нь явж байгаа вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэгээд ч сар гаруйхны дараа намрын чуулган эхэлнэ. Чуулганы явцад гишүүд хуулийн хүрээнд санаачилсан ямар ч асуудлаа хэлэлцүүлэх эрх нь нээлттэй бий.
-Турк сургуулиудын асуудлаар танай байнгын хороо судална гэж өмнө нь та мэдэгдэж байсан. Юу болов?
-БСШУСЯаманд албан бичгээр дээрх асуудлыг хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт сайдтай ярьсан. Яамнаас турк сургуулиудын талаар дэлгэрэнгүй судалгаа, мэдээлэл, лавлагаануудыг бэлтгэж ирүүлнэ. Тэгэхээр бид байнгын хороон дээрээ цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар нухацтай ярилцана. Шаардлагатай бол холбогдох хууль хяналтын байгууллагуудын мэдээллийг ч сонсох нь зөв байх.
-Саяхан ЗТХЯаманд хүн амины ноцтой хэрэг гарлаа. Төрийн албаныхны ёс зүй, хариуцлагыг яаж нэмэгдүүлэх ёстой вэ. Цаашид ийм хэрэг гарахгүй гэх баталгаа бий юу?
-Харамсалтай хэрэг болсон. Хайран сайхан залуу, нэг гэр бүлийн амьдралыг хохироосон хэрэг гарлаа. Тэр тусмаа монгол төрийн яамны удирдах албан тушаалтан нөхөр ийм хэрцгий хэрэг үйлдлээ. Мэдээж энэ хэрэг юунаас болов, ямар асуудлаас болж хүний амь нас хохиров гэдгийг хууль хяналтын байгууллагынхан шалгаад гаргана байх. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр төрийн байгууллагууд бүх шатандаа, дарга цэрэггүй, хаана хаанаа “хариуцлагагүйн зуд” нүүрлэсэн юм биш байгаа гэх эмзэглэл төрж байна. Энэ асуудлаас болж салбарын сайд удирдлагууд нь хариуцлага хүлээж ажлаа өгсөн. Уг нь Зам, тээврийн хөгжлийн сайдын хувьд энэ засаг дотроо мэргэжлийн бас мэргэшсэн хүн байсан гэж би хардаг. Боловсон хүчний бодлого алдагдах, намын нэрээр хаа хамаагүй томилгоо хийх, төрийн жинхэнэ албан хаагчдад тавигддаг өндөр ёс зүй, хариуцлага алдагдсан гээд сүүлийн олон жил нийгэмд сөргөөр яригдаад байсан зүйл ийм харамсалтай хэргээр нийгэмд түгшүүр харанга дэлдэж илэрлээ гэж л дүгнэж байна. Төрийн албаны тухай хууль батлагдсан, 2019 оноос мөрдөгдөж эхэлнэ. Энэ хуулиар төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх тодорхой заалтууд орсон. Нөгөө талаараа бас хаа хамаагүй дур мэдэн төрийн албанд, тэр тусмаа удирдах албанд томилгоо хийдэг явдлыг зогсоох заалтууд үйлчилж эхэлнэ. Ер нь бол төрийн албан хаагчдын мэдлэг ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай, төрийн албан хаагчид ч өөрсдөө ийм байхыг эрмэлзэх үүрэгтэйгийн нөгөө талд хүнээ танихгүй, энэ мэт ёс зүйгүй, мэдлэг чадваргүй, ажлын алуур болдог үл бүтэх этгээдүүдийг хэрэв томилсон бол шийдвэр гаргагчтай нь хамт хариуцлага тооцдог байх нь зүйтэй дээ.
-Улс төрийн намуудын анхаарлын төвд Хэнтий аймгийн нөхөн сонгууль ороод байна. МАН ямар хүнийг нэр дэвшүүлэх вэ?
-МАН сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлсэн. Шийдвэрээ ч гаргасан. Тэгэхээр сонгуулийн хуулийн дагуу есдүгээр сарын эхээр намын Бага хурал хуралдаж нэр дэвшигчээ тодруулах байх. Мэдээж ялах магадлал хамгийн өндөр хүнээ л нэр дэвшүүлж таарна.