ЦААЗЫН ЯЛ зөв гарц мөн үү
2018.04.02
Хүний эрх

ЦААЗЫН ЯЛ зөв гарц мөн үү

Өнгөрсөн гуравдугаар сарын 31-ны өдөр Сүхбаатарын талбайд хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаал болж 20 мянга гаруй иргэд дуу хоолойгоо нэгтгэн, оролцсон талаар зохион байгуулагчид мэдээлэв. Тайван жагсаалыг зохион байгуулсан долоон ээжийн хэлж буйгаар төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж, эл асуудлыг шийдвэрлэх тал дээр дорвитой алхам хийж,  анхаарлаа хандуулахыг шаардав.

Эл асуудалтай холбоотойгоор олон нийт  ёс бус хэрэг үйлдсэн, бага насны хүүхэд хүчиндсэн этгээдүүдэл хүнд ял, шийлтгэл оноох, цаазын ялыг сэргээх асуудлыг хөндөн, санал бодлоо илэрхийлсэн. Тэгвэл  хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд цаазын ял оногдуулах нь зөв алхам байж чадах уу эсвэл буруу юу гэдэг талаар тал талын эх сурвалжийн байр суурийг TIME.MN  бэлтгэн хүргэж байна.

Ч.Одгэрэл: Бидний зохион байгуулсан жагсаалын үр дүн цаазаар авах тухай биш

“Дахин тэвчихгүй” жагсаалын зохион байгуулагчдын нэг

-Жагсаалд хичнээн хүн оролцсон бэ, ямар зорилгоор жагсаж, олныг цуглуулах болов.

-Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаалд нийтдээ 20,000 гаруй иргэд оролцсон гэсэн талаар хөндлөнгийн эх сурвалжаас мэдээлсэн. Нийтдээ 15890 хүн гарын үсэг зурж, энэ асуудлыг дахин тэвчихгүй гэдгээ илэрхийлсэн.

Манай жагсаалын гол зорилго нь хүүхдийн хүчирхийллийн тухай хууль, тогтоомжыг илүү боловсронгуй болгох, эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэд тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг шаардан жагссан. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийн 80 гаруй хувь нь ураг төрлийн хүмүүс нь хүчиндэж байна гэсэн баримт бий. Ээж хүний хувьд нийгэмд гарч буй олон гэмт хэргүүд сэтгэл сэрдхийлгэж байна.

-Хүчиндэгч этгээдэд ямар ял шийтгэл оногдуулах нь зөв бэ санал бодлоо хуваалцаач.

-Хүчиндсэн этгээд мөнгөн торгуулиар бус бүх насаар нь хорих ял шийтгэл оногдуулдаг байх нь зөв гэж бодож байна. Дөнгөж хорвоо дэлхийтэй танилцаж яваа хүүхдэд ноцтой хохирол учруулсан бол өршөөлийн хуульд хамруулах, мөнгөн торгууль ноогдуулдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Мөн хүүхдээс мэдүүлэг авч байгаа бол сэтгэл зүйчийг заавал хамтад нь байлгах шаардлагатай. Цаазын ялыг бид хүсэхгүй байна. Харин энэ асуудлаар даруй арга хэмжээ авч болохуйц, хуулийг илүү боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллах шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн. Цаазын ял оновчтой шийтгэл биш. Бидний жагсаалын зорилго цаазаар авах тухай асуудал биш.


Ё.Бямбатогтох: Нийгмийн гишүүдийн ухамсрын түвшин муу тохиолдолд цаазын ялыг сэргээх нь зүй ёсны хэрэг

 Монгол Улсын хэмжээнд 2018 он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн 7368 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Хүчирхийллийн гэмт  хэргийн улмаас 135 хүн хохирч, нэг хүн амь насаа алдсан бөгөөд 14 хүн хүчиндэх гэмт хэргийн  золиос болсон талаар харамсалтай тоо  гарчээ. Мөн өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд хүчирхийллийн золиос болжээ. Цаазын ялыг буцаан сэргээх нь гэмт хэргийг бууруулахад зөв алхам байж чадах эсэхийг хуульч Ё.Бямбатогтохоос тодрууллаа.

- Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Сүүлийн үед интернет болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн мэдээлэл ихээр тархах болсон. Мэдэгдэж байгаа нь хэдхэн боловч цаана хичнээн хэрэг болж байгааг бид мэдэхгүй.  Монгол Улсад цаазаар авах ялыг халахаар нэгдэн орсон УИХ-ын тогтоол, эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын холбогдох зүйл, заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалттай зөрчилдөж буй асуудлаар “Үндсэн хуулийн цэц”-д санал хүргүүлсэн.

-Цаазын ялыг оноосноор онц ноцтой хүнд гэмт хэргийн тоо буурах уу?

- Нийгмийн гишүүдийн ухамсрын түвшингээс хамааран хуулийн хэрэгжилтийн асуудал ямар байх нь тодорхойлогдоно. Мэдээж нийгмийг цочроосон хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазын ял оноох нь зөв ч нийгэмд оролцож байгаа гишүүдийн ухамсарыг сайжруулахгүйгээр гэмт хэргийн тоо буурах эсвэл энэ хэрэг огт гарахгүй, зогсоно гэсэн үг биш юм. Магадгүй хүн өөрөө ухамсартай болсон цагт цаазын ялгүй орон байж болох юм. Гэмт хэргийн учир шалтгааныг илүү тодруулж судлах шаардлагатай байна.

-Нийгмийн гишүүдийн ухамсрыг дээшлүүлэхэд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй нийтлэл нэвтрүүлэгт анхаарал хандуулж, насанд хүрээгүй хүүхдэд буруу мэдээлэл өгөхгүй байх тал дээр анхаарах цаг ирсэн байна. Иргэн бүр өөрийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байна. Хууль хяналтын байгууллага төрөөс ангид байх ёстой. Саяхан шүүгчдийн ХОМ-ийн мэдээлэл олон нийтэд ил тод боллоо. Үүнээс харахад ядаж бид шүүгчээ сонгодог болвол шүүх, улс төрөөс ангид байх урьдач нөхцөл бүрдэнэ.


Б.АлтантуяаЦаазаар авах ял нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн хэргийг нуун дарагдуулах үр дагавартай

Мөн тус асуудлаар Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяагаас тодруулан асуув. Тэрээр хатуу чанга ял оноохоос илүүтэйгээр бусад чиглэлд ялангуяа ял завшуулдаггүй байх, чанартай боловсрол олгох, ядуурлыг бууруулах, хүүхэд хамгааллын тогтолцоогоо сайжруулахад анхаарах шаардлагатай гэдгийг онцоллоо.

-Хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдэд цаазын ял оноох нь зөв үү?

-Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход хэрэгтнийг илрүүлж, баривчилж яллах нь хамгийн чухал. Түүнээс цаазаар авах ялтай байна уу үгүй юу гэдэг нь тухайн гэмт хэрэгтнийг хэрэг үйлдэхэд нөлөөлөхгүй. Харин ч цаазаар авах ялтай байлаа гэхэд гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн хэргийг нуун далдлах, цаашлаад гэрчүүдийг устгах гээд илүү хор хөнөөлтэй үр дагавартай. Иймд цаазаар авах ял гэмт хэргээс сэргийлэх үр нөлөөгүй юм чинь бид энэ ялыг хэрэглэх тухай ярихаасаа илүүтэй ийм төрлийн гэмт хэргүүд гарахад нөлөөлж байгаа нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

- Цаазын ялтай, ялгүй орны талаар харьцуулсан судалгаа, баримт бий юу?

-Бусад улс орнуудын хувьд тухайлбал цаазын ялгүй ОХУ, Франц, Герман, Канад зэрэг улс орны хувьд ийм төрлийн гэмт хэрэгт олон жилийн хорих ял, бүх насаар нь хорих ял оногдуулдаг. Цаазын ялтай улс орнууд тухайлбал Хятад, Япон зэрэг улсад олон жилийн хорих ял эвсэл, цаазын ял хүртэл оноодог. Гэвч цаазын ял оноож байгаа эдгээр улсад гарч буй хүчингийн гэмт хэрэг буураагүй харин ч цаазын ялгүй бусад улсын үзүүлэлттэй харьцуулахад илүү өндөр байдгийг НҮБ-ын судалгаануудаас харж болно. 2017 оны Эмнести Интернэшнл байгууллагын судалгаанаас харахад хүчирхийллийн эсрэг хамгийн чанга хуультай гэгдэх Мексик улсад энэ хэргийн гаралт хамгийн өндөр байсан нь хатуу чанга ял оноохоос илүүтэйгээр бусад чиглэлд ялангуяа ял завшуулдаггүй байх, чанартай боловсрол олгох, ядуурлыг бууруулах, хүүхэд хамгааллын тогтолцоогоо сайжруулахад анхаарах шаардлагатайг харуулж байна.


Р.Булгамаа: Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус шинжтэй хэдий ч бид бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, амьд явах эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх

Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд нийгмийн аливаа тулгамдсан асуудлын хүрээнд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж байдаг. Ялангуяа, бага насны, насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаагаас гадна энэ үйлдэл маш их харгис болж байна.

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус шинжтэй хэдий ч бид бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, амьд явах эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Тэдгээр хүүхдүүдэд ч гэсэн Хүний эрхийн тухай ойлголт зүй ёсоор хамаарах ёстой. Тийм учраас хүчиндэх гэмт хэргийн санкцыг чангатгах, бүх насаар нь хорих арга хэмжээг хуульд нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэмж тусгуулах нь зөв гэдэг саналыг тавьж байгаа.

Гэхдээ цаазын ялыг сэргээхдээ зөвхөн нэг төрлөөр буюу монгол хүний зан заншил, ёс суртахуунд нийцэмгүй жигшүүрт үйлдэл гаргаж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэж, амь насыг нь хороож байгаа үйлдэлд нь хууль зүйн хариуцлагыг нь чангатгах үүднээс энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ