Д.Цэвээнжав: Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон
Албан журмын даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав 2018.6.20-ны өдөр МҮОНР-ийн нэвтрүүлэгт оролцож, ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ТҮҮНД ХЭРХЭН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ талаар ярилцсан юм. Энэхүү ярилцлагыг буулган хүргэж байна.
-Жолоочийн хариуцлагын даатгалын хэрэгжилт өнөөдрийн бодит байдалд ямар байна вэ?
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал бол өргөн цар хүрээтэй, олон нийтийг хамарсан даатгал гэдэг нь ямагт батлагдсаар байгаа. Статистик тоогоор энэ даатгалд хамрагдагсдын тоо 600 мянга давчихаад байна. Өөрөөр хэлбэл Монгол улсад нийгмийн даатгалаас өөр ингэж өргөн хүрээг хамарсан даатгал байхгүй.Энэ даатгал долоо дахь жилдээ хэрэгжиж байгаа.
Өнөөдрийн гол маргаан үүсгээд байгаа шалтгаан бол энэхүү албан журмаар хэрэгждэг даатгалын үйлчилгээг хариуцаж, эрхлэх ажлыг арилжааны даатгалын компаниудад хариуцуулж өгсөн явдалд байгаа юм. Өөрөөр хэлбэл сайн дурын буюу арилжааны даатгалын үйл ажиллагааг эрхэлж байгаа компаниудын үйл ажиллагаа, төрийн хууль тогтоомжийг үндэслэн албан журмаар даатгалд хамруулж, хураамж төвлөрүүлэх хоёр өөр өөр хандлага илэрхийлэгдэнэ.
Гэтэл энэ хоёр өөр төрлийн бүтээгдэхүүнийг нэг байгууллага хэрэгжүүлнэ гэхээр үнэхээр зөрчилдөхөөс өөр аргагүй бөгөөд үүний цаана даатгуулагчдын эрх ашиг хохирч байна.
Албан журмын даатгалд заавал байх ёстой зүйл бол даатгуулагчдын эрх ашиг юм.
-Энэ даатгал олныг хамарсан, Нийгмийн даатгалын дараа орох хэмжээний даатгал гэж та сая хэллээ.АЖД-д Монголын нийт айл өрхийн 68 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 45 хувь нь хамрагддаг гэсэн тоо байна.Тэгэхээр даатгалын энэ төрлөөр үйлчилгээг сайжруулах тал дээр бид онцгой анхаарах зайлшгүй болжээ гэж ойлгож болох уу.
-Яах аргагүй тэгж ойлгож болно. Монгол улсад хэрэгжиж байгаа хуулиа харвал даатгагч, даатгуулагчийн аль алиных нь эрх ашгийг бид анхаарч үзэх ёстой. Гэтэл өнөөдөр арилжааны даатгалын компаниуд энэ бүтээгдэхүүнийг эрхлэхдээ зөвхөн өөрт төвлөрүүлэх орлогыг илүүтэй анхаарч байна л даа.
Хуульд заасан нөхөн төлбөрийг “хэлтэй, амтай” олгочихоод, сэтгэл амрах байдалтай байна. Албан журмын даатгалд заавал байх ёстой зүйл бол даатгуулагчдын эрх ашиг юм.
Үүнийг өнөөдөр даатгалын компаниуд авч үзэхгүй, бүрэн орхигдуулсан байдалтай байна.Энэ бүтээгдэхүүний даатгуулагчдын эрх ашгийн төлөө санаа тавих байгууллага ч үгүйлэгдсээр байна шүү дээ.
Тодорхой яръя л даа. Жилд нийт даатгуулагчын 4.2 хувь буюу 28 мянган осол гардаг. Үлдсэн 95 хувь нь хураамжаа төлөөд, даатгалаас ямар нэгэн нөхөн төлбөр авдаггүй гэсэн үг. Тиймээс энэ Миний бие 95 хувийн эрх ашгийг компаниуд үл тоож, хайхрахгүй байгаа нь дэндүү болчимгүй хэрэг гэсэн хатуу байр суурьтай байгаа. Би өөрийнхөө энэ байр суурийг зөв гэдэгт итгэлтэй байна.
Жилд даатгуулагчын 95 хувь нь хураамжаа төлөөд, даатгалаас ямар нэгэн нөхөн төлбөр авдаггүй.
Тэдгээр даатгалууд хамгийн гол нь даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалахад анхаардаг.Түүнээс бус даатгагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавиад байдаггүй.Тийм учраас жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хэрэгжүүлж байгаа зохион байгуулалтад алдаа байна, хэрэгжүүлж байгаа компаниуд зөвхөн ашгийн төлөө хөөцөлдөж байгаа явдалд шүүмжлэлтэй хандаад байгаа юм.Олон улсын чиг хандлага дээр суурилж би энэ байр суурийг илэрхийлж байгаа юм. Ойрын баримт хар л даа. Монгол улсад нийгмийн даатгалын 4 төрөл, эрүүл мэндийн даатгал зэрэг албан журмын даатгалууд хэрэгжиж байгаа.
-Таньтай санал нэг байна. Өмнө нь энэ даатгалыг сайн дурын шинжтэй байхад жилд 3 тэрбум төгрөгийн хураамж төвлөрдөг байсан. Харин албан журмын даатгал болсоноор 10 дахин өссөн байна. Үүнийгээ дагаад даатгалын компаниудын орлого хэд дахин нэмэгдэж байгаа. Гэтэл даатгалын компаниуд харин ч энэ хураамжийн хэмжээг нэмэх хэрэгтэй, бидний үйл ажиллагааны зардал өндөр байгаа, дээрээс нь эрсдлийн сан бүрдүүлэх ёстой гэсэн тайлбар тавьж байгаа шүү дээ. Та үүн дээр ямар байр суурьтай байна?
ААН-ийн үйл ажиллагаа нь ашгийн төлөө байна гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ Монголын төр албан журмын даатгалыг хэрэгжүүлэхдээ нэг хэсэг цөөхөн хүний ашиг олох хэрэгсэл болгох гэж зориогүй гэдэгт би итгэлтэй байна. Энэ даатгалыг хэрэгжүүлсэн төрийн бодлого нь нийгмийг илүү хариуцлагажуулах, зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарын хариуцлагыг өндөржүүлэх явдал байсан.
Түүнээс бус 10-аад компанийн үүсгэн байгуулагчдын ашиг сонирхлыг авч үзээгүй.Таны дээр хэлж буй тоо зөв.Хураамж төвлөрөх нь 10 дахин өссөн нь үнэн. Гэтэл хуульд хүндэтгэлтэй хандаад хамрагдаад явж байгаа тэр олон мянган даатгуулагчдын эрх ашигт дэмжлэг үзүүлэх ямар нэг ажил санаачилж хийхгүй байгаа нь үнэхээр харамсалтай.
-Таны ярьж буй энэ өөрчлөлтийг хэрхэн хийх вэ?Хуульд өөрчлөлт оруулах ёстой юу?
-Одоо хэрэгжиж байгаа Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль муу хууль биш. Олон улсын туршлагыг нилээд нарийвчилж мэргэжлийн хүмүүс судлаж үзээд хэрэгжүүлсэн хууль. Нөгөө талаар дэлхийн 165 улс энэ Жолоочийн хариуцлагын даатгалыг хэрэгжүүлж байгаа юм. Зарим улс нь 100 гаруй жилийн түүхтэй.
Эдгээр улсууд өнөөдрийн манайд хэрэгжүүлж байгаагаас арай өөр байдлаар хэрэгжүүлж байна. Нэг талаасаа даатгалд хамруулж хариуцлагажуулж нөгөө талаасаа даатгуулагчийн даатгуулах сонирхлыг бий болгож хэрэгжүүлж байна.
Монголын нөхцөлд ямар байдлаар хэрэгжүүлбэл зүгээр вэ гэдгийг бодож шийдэх хэрэгтэй л дээ. Олон жил осол гаргаагүй даатгуулагчдыг урамшуулах систем зайлшгүй байх хэрэгтэй.
Тухайлбал, тээврийн хэрэгслийн жил бүрийн оношилгоо, засвар үйлчилгээний зардлыг тодорхой хэмжээгээр хөнгөлөөд өгч болно.
Тээврийн хэрэгсэл эзэмшигчид жилд 11 тэрбум төрөгийг оношилгооны зардалд төлдөг юм шүү дээ. Үүнээс нь бид яагаад тодорхой хэмжээгээр чөлөөлж болохгүй гэж? Нөгөө талаараа зам тээврийн ослын үед хохирч байгаа хохирогчийн мөнгийг даатгалаас олгож байгаа. Чухамхүү тэр мөнгийг яг тухайн эвдэрлийн засварт бүрэн зориулж байгаа юу? гэдгийг анхаарч үзүүштэй байгаа юм. Даатгалаас олгох нөхөн төлбөрийг бид шууд хохирогч жолоочид бус засварын газраар дамжуулж олгож болно. Ингэвэл машины засварын чанар сайжирна.
Энэ мэтийн арга хэмжээнүүдийг яаралтай авахгүй бол энэ даатгал чинь татвар мэт болж байна.-Тэгэхээр 5-6 жил даатгалаа төлсөн, зам тээврийн осол нэг ч удаа гаргаагүй хүн дараа дараагийн жилээс идэвхгүй болно цаашлаад маш том эсэргүүцлийн давалгаа болвол яах вэ?
- Бид асуудлыг шийдэхдээ дандаа алс ирээдүйг тооцоолж зохион байгуулах үүрэгтэй. Монголын төр хууль баталж, бодлогоо гаргачихсан. Энэ бодлого маань нийт иргэдийн эрх ашигт л үйлчлэх ёстой. Миний хатуу баримтлаад байгаа байр суурь бол даатгалын 15 компаний үүсгэн байгуулагчдын ашиг олох хэрэгсэл болон хувирч байгаа явдлыг өөрчилье гэж байгаа юм.
6-7 жил даатгалаа төлчихөөд, осол гаргаагүй даатгуулагч яагаад хөнгөлөлт эдэлж болдоггүй юм бэ?Тэдэнд цаашид даатгалаа жил бүр төлөөд явах итгэлцэл байгаа юу гэдэг нь эргэлзээтэй.
Тийм учраас тээврийн хэрэгслийн өмчлөгч, даатгуулагчдынхаа эрх ашгийг бодох ёстой гэж хэлээд байгаа юм. Нөгөө талаараа Монголын төр гаргасан хуулийнхаа хэрэгжилтийг хянаж үзэх, шалгах үр дүнг нь сонсох цаг ирнэ. Жолоочийн албан журмын даатгалаас гадна дараа дараагийн бусад төрлийн 20 гаруй албан журмын даатгалын бүтээгдэхүүн хэрэгжихэд бэлэн байна.
Тиймээс энэ даатгалыг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг сайжруулж, дараагийн хэрэгжих албан журмын даатгалд туршлага болгох ёстой.
-Тухайлбал, ямар ямар даатгал байна вэ?
Эхний хэрэгжиж буй жолоочийн хариуцлагын даатгалыг зөв хэрэгжүүлээд явахгүй бол дараа дараагийнхаа албан журмын даатгалд иргэдийн итгэх итгэлийг алдах аюултай.-Барилгын, автозамын чанар, хүнсний бүтээгдэхүүний чанар, эмч эмнэлгийн ажилтны хариуцлагын даатгал, өмгөөлөгчдийн, нотариатчдын гээд олон олон даатгал бий.
-Албан журмын даатгал хэрэгжиж эхэлсэнээр зам тээврийн зөрчил ихэссэнтэй та санал нийлэх үү?
-Шууд тэгж ойлгохгүй байна. Монголд жилээс жилд тээврийн хэрэгслийн импорт эрс өсч байна. Мөн бүртгэл сайжирч, амьдрал ил тод болсон шүү дээ. Гэхдээ анхаарах зүйл мөн л дөө.
Жолоочийн албан журмын даатгалын хууль хэрэгжиж эхэлсэнээр хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлсөн вэ гэдгийг судлаж үзэх хэрэгтэй.
Энэ бол судалгааны нэг судлагдахуун яалт ч үгүй мөн.Бидний хувьд хүмүүсийн хариуцлага дээшилж байна гэж харж байгаа.
Харин зарим нөхдүүд муудсан машинаа бусад этгээдтэй харилцан, тохиролцож хуурамч осол гаргах арчаагүй сэтгэлгээ ч байхыг үгүйсгэхгүй.
Саяхан даатгалын компаниудад хийсэн шалгалтаар зохиомол зам тээврийн осол бий болгож, хуурамч бичиг баримт бүрдүүлж, нөхөн төлбөр гаргуулсан залилангийн хэрэг илэрч байна.
Үүнийг бид цаашид анхаарах ёстой.
Энэ бүгд дээр үндэслэн юу харагдаж байна вэ гэхээр Албан журмын даатгалыг сайн дурын даатгалын үйл ажиллагаа эрхлэж байгаа арилжааны даатгалын компаниудаар эрхлүүлж байгаа явдал бол биш юм байна гэдэг нь харагдаж байна.
Нөгөө талаар даатгалын олон компани энэ үйл ажиллагааг явуулж байна.
Өнөөдөр 15 компани, түүний 200 гаруй салбар, 3000 шахуу ажиллагсад энэ даатгалыг эрхлэж байна.
Тэгэхээр үүнд нэгдсэн, нэгдмэл удирдлага, хяналт хэрэгтэй байна.Тийм нэгдмэл удирдлага бүрдүүлэх боломж одоогийн тогтолцооны үед бий болгох боломж даанч харагдахгүй байна.
Тэгэхээр нөхцөл байдал ийм байгааг харсаар байж, зөвхөн тэдний олох ашгийг харж, төрийн бодлогын хэрэгжилтийг алдагдуулж болохгүй.Нөгөө талдаа ард түмэн буюу даатгуулагчийн эрх ашиг байх ёстой шүү дээ.
Тэдний эрх ашгийг хангахын тулд одоогийн зохион байгуулалтыг эргэж харах цаг болсон.Эргэж харна гэдэгт ч итгэлтэй байна.
Миний хатуу баримтлаад байгаа байр суурь бол даатгалын 15 компаний үүсгэн байгуулагчдын ашиг олох хэрэгсэл болон хувирч байгаа явдлыг өөрчилье гэж байгаа юм.
-Энэ хуулийг хэрэгжүүлэгч төрийн олон байгууллага байгаа. Сангийн яам, СЗХ, ХЗДХ яам, ЗТХ яам, Замын цагдаагийн газар, аймаг нийслэлийн ЗДТГ, түүний харъяа байгууллагууд бий. Тэгэхээр олон нийт төрд түшиглэсэн эсвэл төрийн оролцоотой нэгж, байгууллага байгуулахаар л “буруу” гэдэг ойлголт яваад байдаг. Даатгалын компаниуд өөрсдийг нь энэ даатгалаас гаргаад, нэгдсэн удирдлагаар хангасан шинэ нэгж байгуулахыг мэдээж сайшаахгүй.Одоогийн хуулиар үүнийг хийх эрхзүйн чадамж байхгүй шүү дээ. Тэгэхээр заавал хуульд өөрчлөлт оруулж л таарах нь дээ?
-Жолоочийн даатгалын тухай хуулийг батлахтай зэрэгцүүлээд, Даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ хоёр хуулийн боломж, чадамж хараахан шавхагдаагүй байгаа.
Тухайлбал, Албан журмын даатгагчдын холбоо ямар үүрэгтэй байхыг хуульчлаад өгчихсөн. Гэтэл тэр эрх, үүргийг өнөөдөр бүрэн эдлүүлээгүй л байна. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд СЗХ журам гаргаж, даатгалын үйл ажиллагаа эрхлэх шаардлагыг заагаад өгчихсөн. Гэтэл энэ шийдвэр нь хэрэгжихгүй байна.
Тухайлбал, сая бид бүх аймгуудад жолоочийн хариуцлагын даатгал хэрхэн хэрэгжиж байгааг судалсан.
Зам тээврийн осол гаргасан бол ослын дуудлагаа даатгалын компанийн орон нутаг дахь салбартаа өгч, даатгалын салбар нь шуурхай албаныхаа үйлчилгээг үзүүлж, ослын учир шалтгааныг тодорхойлоод, даатгуулагчид нөхөн төлбөр гаргаж өгөх ёстой.
Гэтэл энэ ажил орон нутагт хийгдэхгүй байна.Тэнд, зам тээврийн ослоос болж ямар хохирол үүссэнийг тодорхойлдог хохирол үнэлгээний компани байхгүй байна. Тэр бүү хэл байгаа хохирол үнэлгээний компани нь мэргэжлийн биш учраас “та яваад засварын газарт үзүүлээд юу юу эвдэрсэн, ямар үнээр засах вэ? гэдэг жагсаалт хийлгээд аваад ир” гээд хохирол үнэлгээний компани бичиг баримт дээр буулгаж, тамга дараад, хохирлын үнэлгээний дүгнэлт болгож өгч байна.
Ийм байдлаар энэ ажил орон нутагт явагдаж, улсын хэмжээнд 15 тэрбум төгрөгийг жилд ослын хохирогчид өгч байна. Энэ үнэхээр харамсалтай.
Ийм хариуцлагагүй байдал байсаар байтал энэ даатгалын компаниудын эрх ашиг хөндөгдөнө, орлого нь буурчихна гэж хандах төрийн албан хаагч байхгүй байх гэж би бодож байна.
-Энэ хуулийг хэрэгжүүлж байгаа гол байгууллага бол СЗХ.Өнөөдөр бид нэвтрүүлэгтээ СЗХ-ын даатгалын зохицуулалтын газрын дарга Өлзийбатыг урьсан ч тодорхой шалтгааны улмаас ирсэнгүй.Хэрэв СЗХ-ны төлөөлөл, АЖДХ-ны төлөөлөл, Монголын Радио гэсэн гурван талаасаа ярилцсан бол илүү сонирхолтой, өгөөжтэй, олон талаас нь харж нэгдсэн ойлголтод хүрэх боломж байсан гэж харж байна.Яагаад гэвэд СЗХ-той холбоотой олон асуудал байгаа юм.Та үүн дээр юу хэлэх вэ?
-Хууль батлагдаад 7 жил болж байна.Тухайн үедээ СЗХ-оос гарах ёстой журмууд нь гарсан байдаг. Одоо харин цаг үеэ дагаад энэ журмуудыг сайжруулах, улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагууд байгаа.Үүний дагуу гол гол журмуудад өөрчлөлт орж, сая батлагдлаа.
Одоо нэг журам гараагүй байгаа. Энэ нь зам тээврийн ослын үед шуурхай албаны ажиллах журам юм. Энэ журам батлагдахад эрхзүйн орчин ч дутагдаж байгаа тал бий. Хуульд шуурхай албыг АЖДХ зохион байгуулна гээд заачихсан. Гэтэл ослын 2 хүрэхгүй хувьд манай холбооноос үйлчилгээ авдаг. Цаана нь 98 хувь нь ямар ч журамгүй явж байна гэсэн үг. Энэ байдал ажилд их саадтай байгаа юм. Нөгөө талаасаас өнөөдрийн тогтолцоо буруу байгааг давхар харуулж байна. Хуулийг арай өргөн хүрээгээр харж хэрэгжилтийг зохион байгуулах ёстой байжээ гэж хардаг шүү.
Өөр нэг асуудал бол албан журмын даатгалтай холбоотой мэдээлэл, статистик манай холбоо дээр төвлөрдэг. Мэдээллийг даатгалын компаниуд, орон нутгийн салбарууд бас зуучлалын компаниудад гаргаж өгдөг. Үүнтэй холбоотой журмыг СЗХ гаргасан байдаг. Гэтэл энэ журмын хэрэгжилт маш хангалтгүй байгаа.
Жишээлбэл, бид 2017 оны мэдээлэл дээр түүврээр шалгалт хийж үзэхэд, мэдээллийн 47 хувь нь чанарын доголдолтой, хагас дутуу байна. Мөн мэдээллийг ирүүлэхдээ буруу тоо нөхөж бичих байдалтай ч байна. Хууль, журам ингэж биелүүлэхгүй байгаа нөхцөлд СЗХ хяналт шалгалт хийх үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр улсын байцаагч нар энэ үүргээ биелүүлэхгүй байгаа юмуу? Эсвэл энэ дутагдлыг олж харахгүй байгаа юмуу? Цаашлаад, олж харсан ч үүнийгээ нуун дарагдуулаад байгаа юмуу? Бусадтай хуйвалдаад байгаа юмуу?Э нэ байдал дээр дүгнэлт хийх ёстой.
Өнөөдөр замын цагдаагийн мэдээлэл, нөхөн төлбөр олгосон даатгалын компани хоёрын мэдээлэл бараг 10-аад мянгаар зөрж байгаа. Яагаад зөрүү байгаа вэ гэхээр даатгалын компаниуд цагдаагийн тодорхойлолт шаардах болсон. Тодорхойлолт гаргуулж байгаа иргэдийг Замын цагдаагаас оноог нь хасаж, 100 мянган төгрөгөөр торгодог болсон.
Энэ нь ихээхэн сөрөг нөлөө үүсгэж байгаа. Уг нь даатгалын байгууллага нь очиж асуудлыг шийддэг олон улсын туршлага байна. Замын цагдаа зайлшгүй очих тохиолдол байна л даа. Даатгалаар шийдсэн ч зөрчлийн мэдээлэл нь замын цагдаад бүртгэгдэнэ шүү дээ.
-СЗХ өнгөрсөн 2017 оны 10 сар “хүний эрүүл мэнд амь нас ноцтой хохироогүй нөгөө талаас даатгалын тохиолдол гаргасан жолооч буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд” заавал Замын Цагдаа дуудах шаардлагагүй гэсэн чиглэл гаргасан. Энэ хэрэгжихгүй байх шиг байгаа юм?Уг нь би СЗХ-ын Даатгалын газрын даргаас асууя гэж бодож байсан нэг асуулт юм л даа.
- Уг нь тэр байгууллагын төлөөллөөс асуух нь зөв байж дээ. Яг наад чиглэл чинь нилээд хэд хэдэн хурал дамжиж ярьж байж гарсан.Өнөөдөр энэ шийдвэр орон нутагт хэрэгжихгүй л байна. Гарсан хууль, шийдвэр хэрэгжүүлэхгүй байхад энэ компаниудад найр тавина гэдэг нь юу гэсэн үг вэ?.
Ер нь хуулийн хэрэгжилтийг хариуцаж байгаа төрийн байгууллагууд хууль хэрэгжихгүй байгаа явдлыг хүлээн зөвшөөрч, найр тавьж, ая тал засаж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна шүү дээ.
Өнөөгийн энэ даатгалын тархай бутархай зохион байгуулалтыг өөрчлөх хэрэгтэй.
Тодорхой тодорхой заалтыг хэрэгжүүлэхгүй байна.Зөвхөн ганц жишээ авахад тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн тээврийн хэрэгслийг цалин хөлс аваад жолоодож байгаа жолооч мэргэшсэн жолоочийн даатгалд хамрагдах хуулийн заалттай.-Хууль дээр яг ямар ямар заалтууд хэрэгжихгүй байна вэ?
Өөрөөр хэлбэл, тухайн машины өмчлөгч нь жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж, харин хөлсөөр жолоодож буй жолооч мэргэшсэн жолоочийн даатгалд даатгуулна гээд заачихсан байдаг. Энэ мэтчлэн хуулийн заалтууд хэрэгжихгүй байхад бид хуулийг сайн хэрэгжүүлж байна гэж даатгагчдад найр тавих нь зөв үү? Өнөөгийн энэ даатгалын тархай бутархай зохион байгуулалтыг дэмжиж байна гэдэг бол дэндүү харамсалтай.
-Цаашид шийдвэрлэх ямар арга зам байна? Та жолоочийн хариуцлагын даатгал нь нэгдмэл удирдлагатай болох ёстой гэсэн санал дэвшүүлж байна. Ингэснээр ямар үр ашигтай вэ? Ямар аргаар зохион байгуулж болох вэ?
Нэгдсэн зохион байгуулалттай байвал маш олон үргүй зардыг багасгах бүрэн боломжтой.Тооцооллууд хийж үзсэн. Тухайлбал жолоочийн хариуцлагын даатгалын хураамжаар цалинжиж арилжааны даатгал хийж байгаа 800 хүний зардлаар өнөөдөр хийж байгаа зохион байгуулалтыг 180 хүний зардлаар улсын хэмжээнд хийх боломжтой. Нэг аймагт 7-11 даатгалын компанийн салбар байгаа юм. Тэд нэгдмэл удирдлагагүй учраас маш их үргүй зардал гаргаж байна.
Нэг жишээ авъя л даа. Техникийн үзлэг оношилгооны үеэр орон нутагт авто тээврийн мэргэжилтнийг даатгалын компани бүр дагаж явдаг. Тэгээд нэг суманд хоёр хоногт 20 - 50 жолооч даатгаад л дараагийн сум руу дахиад дагаад давхидаг.
Энэ давхардсан зардал биш үү. Үүний оронд нэг хүн энэ ажлыг зохион байгуулаад хийх нь ач холбогдолтой, зардал багатай. Нөгөө талаар тэнд байгаа бүх жолооч даатгалд хамрагдсан эсэхэд хэн ч хяналт тавихгүй байна. Даатгалын 15 компаний төлөөлөгч нар нь даатгуулахаар ирсэн хүнээ л булаацалдаж даатгалд хамруулна уу гэхээс биш цаана нь хичнээн тээврийн хэрэгсэл өмчлөгч даатгалгүй үлдчихэв гэдгийг боддоггүй.
Гэтэл өнөөдөр аймгуудад байгаа тээврийн хэрэгслийн 64 хувь нь л даатгалд хамрагдсан байна. Улаанбаатар ч ялгаагүй, хамрагдвал зохих тээврийн хэрэгслийн 25 хувь нь даатгалгүй явж байна. Өөрөөр хэлбэл УБ-т байгаа 400 мянга гаруй тээврийн хэрэгслийн 100 гаруй мянга нь даатгалгүй явж байж мэдэхээр байна гэсэн үг. Энэ тооны цаана маш их хор хохирол нуугдаж байж болно. Автын үзлэг оношилгоонд хамрагдсан, татвар төлсөн тээврийн хэрэгслийн тоо албан журмын даатгалд хамрагдсан тооноос доогуур байгаа шүү дээ.
- Таны санал болгож байгаа нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэхэд зайлшгүй хууль гарах шаардлагатай гэж харагдаж байна. Та өөрөө парламентын гишүүн байсан хүн. Хууль хэрхэн батлагддаг процедурыг мэднэ. Ямар лоббинууд ордогыг мэднэ.Мэдээж 15 компани зүгээр суухгүй. Тэгэхээр энэ хуулийг гаргахгүй байх, гацаах сонирхол байна байх гэж хардаж байна. Та хуулийг хэзээ батлаж, хэрэгжиж эхлэх боломжтой гэж харж байгаа вэ?
-Одоо мөрдөгдөж байгаа хуульд нөөц боломж байгаа гэж би хэлсэн. Үүний зэрэгцээ хууль амьдралд хэрэгжиж явцад харагдсан алдаа, оноог нь олж хараад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт хийх нь зайлшгүй. 2017 оны 2 сараас ажлын хэсэг ажилласан юм.Гэтэл бидний бэлэн болгосон хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хараахан УИХ-д өргөн баригдаж амжаагүй л байна.
Одоо харин Сангийн яам, СЗХ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад хууль дээр ажиллаж байна. Жолоочийн даатгалын тэр их орлогод нэг хэсэг нь дулдуйдаж, энэ хуулийг гаргахгүй байх сонирхол бий байх. Тийм зүйл гарахыг үгүйсгэхгүй.Гэхдээ 600 гаруй мянган хүний эрх ашгийг эрх биш бодож үзэх байхаа.
Энэ онд нь багтааж УИХ-д өргөн баригдана гэж итгэж байгаа.Одоо хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд бэлэн болсон байгаа. Даатгалын тухай болон Жолоочийн даатгалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед ард түмний төлөөлөл үү, цөөн компанийн төлөөлөл үү гэдэг нь харагдана. Би хувьдаа УИХ-ын гишүүдэд итгэж байна. Ард иргэд, даатгуулагчдын эрх ашгийг илүү авч үзэх байхаа
Ер нь бол Жолоочийн хариуцлагын даатгал хэрэгжиж эхэлсэн 7 жилийн хугацаанд 128.9 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрсөн.Үүнээс 68.9 тэрбум төгрөгийг нь нөхөн төлбөрт олгочихсон байна. Цаана нь үлдэж байгаа 60 тэрбум төгрөг даатгалын компаниудад тодорхой чиглэл чиглэлээр шингэсэн.
Мэдээж энэ бол 100 хувь ашиг гэж хэлж болохгүй, тодорхой зардлууд гарна. Энэ мөнгөний төлөө битгий улайраач ээ. Ард түмнийхээ эрх ашгийг бодож хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад битгий саад болооч, дэмжээд өгөөч гэж хэлмээр байна. Харин ч өнөөдөр даатгалын компаниудыг өдий зэрэгтэй болгоход Монголын төр дэмжиж, хууль гаргаж өгсөн байна. Монголын төрд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Аливаад хязгаар гэж бий шүү.
-Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалд хүн мөнгө төлөөд эргээд ямар нэг хөнгөлөлт эдэлдэг.Яг үүнтэй ижил Албан журмын даатгалд энэ зарчмыг тусгах хэрэгтэй байна гэж та хэлж байсан.Ингэх юм бол нөхөн олговор авахгүй байгаа 95 хувийн эрх ашгийг хангахад чухал хөшүүрэг болох байх?
-Албан журмын даатгал гэдгийн агуулгыг бид зөв ойлгох хэрэгтэй. Миний энэ ярьж байгаа байр суурийг “даатгагчдын эсрэг байна, албан журмын даатгалыг төрийнх болгож болохгүй, нийгмийн даатгал руу шилжүүлэх гэж байна” гэсэн эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байна лээ. Миний санаа бол ерөөсөө тийм биш.
Нийгмийн даатгалтай ч нийлүүлэх шаардлагагүй, төрд ч авах хэрэггүй.
Ганцхан энэ даатгалд нийт хамрагдаж байгаа хүмүүст эргэж үйлчилдэг үйлчилгээг л бий болгох ёстой юм. Ингэж байж даатгагч, даатгуулагчийн эрх ашиг тэнцүү болно.
Аль алиных нь эрх ашгийг хамгаалахын тулд нийтээрээ ажиллах тухай юм шүү дээ.
Жишээ нь, Олон жил осол гаргаагүй жолооч нарт оношилгоогоо үнэгүй хийлгэдэг ч юмуу, тос масло үнэгүй сольчихдог ч юмуу? наад зах нь иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг байх тухай яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ даатгалаар бий болсон хуримтлалаар жолоочийн эрсдлийг хамгаалдаг байх тухай яриад байна.
Ингэснээр тал талынхаа эрх ашгийг хамгаалж байна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс бус даатгалд чи хамрагд гэж шахчихаад дараа нь зүгээр сууж болохгүй.
Тийм учраас миний зорьж байгаа зарчим бол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал шиг хураамжаа төлсөн бол эргэж даатгуулагчидад эргэж ирдэг, үйлчилдэг үйлчилгээ, бас баталгаа байх ёстой юм. Аливаа даатгалын цаана баталгаа байх ёстой. Тэр тусмаа албан журмын даатгал дээр. Тэр баталгааг өнөөдрийн хуульд тодорхой зааж өгөх ёстой.
Ингэж байж энэ даатгалын хуримтлагдсан хөрөнгийн нилээд хэсэг нь хувь хүний /захирал/ халаасанд орох биш, эргээд даатгуулагчдыг соён гэгээрүүлдэг, тэдний эрх ашигт үйлчилдэг байх ёстой.
Тэр хэмжээгээр жолооч нар замын хөдөлгөөнд оролцох соёлыг бий болгож чадахуйц ухамсарыг төлөвшүүлмээр байна.
Жолооч нарын төлөө Монголын ард түмний төлөө энэ хуулийг гаргасан болохоос, хэдэн хүний халаасанд мөнгө хийх гэж энэ хуулийг гаргаагүй.
- Хуулийн өөрчлөлт хийгдэх юм байна.Үүнээс өмнө эхний ээлжид СЗХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдчих, хүлээгдэж байгаа ямар асуудлууд байна вэ?
Юуны өмнө одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг бүрэн хэрэгжүүлэхгүй байгаа шалтгааныг судалж, том дүгнэлт хийх хэрэгтэй. Хэнээс болоод энэ хууль хэрэгжихгүй байна вэ? Хууль, журмыг хэрэгжүүлэхгүй байгаа компаниудад шалгалт хийх хэрэгтэй.
Өнөөдөр илэрхий хууль зөрчиж байгаа, ноцтой ашиглалт гаргаж байгаа , хариуцлага алдчихсан компаниудад олгосон жолоочийн хариуцлагын албан журмын даатгал эрхлэх зөвшөөрлүүдээ татаж авах цуцлах хэрэгтэй. Бүр мөсөн татаж авахгүй юмаа гэхэд дутагдлаа застал нь түдгэлзүүлэх эрхтэй шүү дээ.