АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Цагдаагийн бичиггүйгээр даатгалаа эдлэх боломж бүрдүүлнэ
2018.10.09
Зам, Тээвэр

Цагдаагийн бичиггүйгээр даатгалаа эдлэх боломж бүрдүүлнэ

 Чингэлтэй дүүргийн иргэн Т.Ганболд 15 жил жолоо барьж буй нэгэн. Тэрээр замын хөдөлгөөний дүрэм зөрчин эгнээ байр сольж яваад машин шүргэчихжээ. Сүйдтэй осол биш ч хоёр машины хажуу тал нэлээд хонхойсон байна. Нөгөө машины эзэмшигч эмэгтэй цагдаа дуудахаар утсаа оролдох зуур Т.Ганболд зохицох санал тавьж гуйж гувшиж эхлэв.

Хэрэв цагдаа ирвэл 100 мянгаар торгуулиад зогсохгүй эрхийн онооны талыг нь хасах учир царайчилж буй нь тэр. Түүнд жолоочийн албан журмын даатгалын компанитай байгуулсан бичгийн цаасны хэмжээтэй гэрээ бий боловч ялгаагүй цагдаад мэдэгдэх хэрэг гарах тул хохирогч талаа “панаалдахаас” өөр аргагүй байдалд оржээ. Уг нь даатгалаа дуудаад хохирогчийн төлбөрийг гаргуулахаар тохиролцоод салчих газар шүү дээ. Гэвч замын цагдаад торгуулж, оноо хасуулахгүйн тулд машиныг нь мөргөсөн жолоочдоо 150 мянган төгрөг өгчээ.

Яг Т.Ганболдын адил хуулийн цоорхой, овжин компаниудын золиос болж яваа мянга мянган жолооч бий. Монгол улсын хэмжээнд 650 мянга гаруй жолооч албан журмын даатгал хийлгэжээ. Үүний цаана хоёр сая шахам жолооч давхар албан журмын даатгал хийлгэсэн гэсэн тоон баримт байдаг. Өрх бүр автомашинтай болсон өнөө үед жолоочийн албан журмын даатгал, жолооны эрхтэй холбоотой сэдэв бүгдийн анхаарлын төвд байгаа нь ойлгомжтой. Сүүлийн үед даатгалын компани осол гаргасан жолоочоос цагдаагийн тодорхойлолт шаарддаг байдал буурах нь байтугай улам нэмэгдсэн хэмээн иргэд гомдоллодог. осол гаргасан жолоочийг Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгож, эрхийн 10 онооны тавыг нь хасаж шийтгэдэг болсноос улбаатай энэ гажуудал жолооч нарыг хохироож, даатгалын компанийн ашиг орлогыг зузааруулсаар байгаа юм. Осол гаргасан жолооч цагдаа дуудаж, зөрчлийн хуудас гардаад зогсохгүй таван оноогоо хасуулсны оронд хувиасаа мөнгө гаргаж эрсдлээ үүрэх хэлбэрийг сонгохоос аргагүй байдалд орсоор байгаа.

Осол гаргасан бол цагдаа дуудалгүй даатгалаар хохирлоо шийдүүлэх боломжтой

Уг нь энэ асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн дөрөвдүгээр сард ХЗДХЯ, Санхүүгийн зохицуулах хороо, ЗЦА хамтран даатгалын компаниудтай тохироо хийсэн. Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, ослын буруутныг тодорхойлох маргаан үүсээгүй тохиолдолд заавал цагдаагийн хяналт, тодорхойлолт шаардахгүйгээр даатгал олгоод явах тохиролцоонд хүрсэн юм. Гэтэл энэ тохироо хяналт тавих эзэнгүйгээс өнөөг хүртэл ажил хэрэг болж чадаагүй л байна. Улсын хэмжээнд даатгалын үйлчилгээ үзүүлэгч 15 компани жолоочид учирсан санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр сүүлийн хоёр жилд зөвхөн хувь хүнээс 35.2 тэрбум төгрөгийн хураамж авчээ. Харин нөхөн төлбөрт сүүлийн хоёр жилд 17.4 тэрбум төгрөг олгосон байна. Тухайлбал, 2016 онд даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар 26.6 тэрбум төгрөгийн хураамжийн орлого олж, 53.4 хувийг нь нөхөн төлбөрт буцаан олгосон байна. Харин 2017 онд 29 тэрбум төгрөгийг жолооч нараас авч, 51.3 хувийг буцаан олгоод байгаа юм. Зөвхөн суудлын автомашины “B” ангиллын тээврийн хэрэгсэлд 514.9 мянган гэрээ байгуулж, 22.4 тэрбум төгрөгийн хураамжийн орлого олжээ.

Гэтэл 2017 онд Замын цагдаагийн газарт ослын 36591 дуудлага ирсэн байна. Харин даатгалын үйлчилгээ аваагүй даатгуулагч 7809 бүртгэгджээ. Олон жолооч Зөрчлийн тухай хууль, даатгалын компанийн хүнд суртлаас жийрхэж бэлэн мөнгөөрөө шатсаныг энэ тоо илтгэж байна. Жолоочийн эрх ашгийг хамгаалж, санхүүгийн эрсдэлийг нь шийдвэрлэх ёстой эдгээр компаниуд зургаан жилийн хугацаанд ядаж орон нутаг дахь үйлчилгээгээ сайжруулах нэг ч алхам хийсэнгүй. Ашгийн төлөө ийн улайрахдаа даатгуулагчаа дарамталсан хэвээр байгаа нь харамсалтай. Ямар сайндаа тохиролцоо хийгээд бүтэхгүй болохоор Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд тусгаж байхав дээ. Ирэх сарын 1-нээс хэрэгжих тус шинэчилсэн дүрмийн 3.6-д жолооч зам тээврийн осол гаргасан бол заавал цагдаа дуудахгүйгээр даатгалаар хохирлоо шийдүүлэх боломжтой гэж заасан тухай Тээврийн цагдаагийн албаны мэргэжилтэн М.Мөнхгэрэл хэлж байна. Аман тохироо бус цаасан дээр албан ёсоор бууж байгаа хойно жолооч нарыг элэг барьдаг байдал тодорхой хэмжээгээр буурах байх. Гэхдээ асуудлыг нэг талд нь шийдэх оновчтой хувилбар энэ биш. Зөрчлийн хуулийн торгодог, шийтгэдэг заалт байгаа цагт даатгалын компаниуд хуулийн тэр заалтаар далимдуулахаа өөрийн сайн дураар зогсооно гэж тооцох нь бас л эндүүрэл. Мөнгө олох нөхцөл нь бэлээхэн байхад боломжийг алдах бизнес гэж байхгүй.

Тиймээс үүнийг хуулийн хүрээнд шийдвэрлэж, хариуцлагыг тодорхойлж байж нэг талдаа гарах учиртай. Гэтэл иргэдийг нь улайм цайм доромжлоод, хэлэлцэж тохирсноосоо буцаж, илэрхий ашгийн төлөө улайрч байгаа даатгалын компаниудтай хариуцлага тооцох механизм одоогоор алга. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг дэлхийн 165 оронд хэрэглэж байгаа. Манайх ч олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ нэвтрүүлэхийн тулд энэ хуулийг баталсан. Харамсалтай нь хариуцлагын тогтолцоог тодорхой зааж өгөөгүйн дээр хувийн компаниар даатгалын үйлчилгээг хийлгэх болсон нь жолооч нарыг бухимдуулах нөхцөл бий болгосон гэж албаны хүн хэлж байна. Манайхаас бусад ихэнх оронд төрийн бус байгууллага энэ төрлийн даатгалын үйлчилгээг үзүүлэх зохицуулалттай байдаг. Тухайлбал, ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ гээд олон орон ашгийн бус байгууллагад төрийн үүргийг шилжүүлжээ. Ашиг орлогын төлөө хөөцөлдөхгүй учраас жолооч нарын эрх ашгийн төлөө гэсэн зорилго тэнд хэрэгждэг гэсэн үг. Манайд уг нь “Жолооч нарын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” гэдэг нэртэй зарим нэг төсөл хэрэгжүүлдэг байгууллага байдаг юм билээ. Тэд ил гараад чангахан шиг дуугарвал нэг сая гаруй жолооч хоолой нэмэн түрэхэд энэ байтугай бэрхшээлийг арилгах боломж бэлэн л санж. Даанч үүрэг зорилгоосоо хазайсан дорой нийгэмлэг жолооч нарын эрхийг хамгаалж чадахгүй, даатгалын компаниудын өмнө бөхөлзсөөр байна.

ЗГМ: ТОДРУУЛГА

Д.Цэвээнжав: Даатгалын компаниуд жолооч нарыг хохироосоор байвал эрхийг нь цуцлах санал хүргүүлнэ

Даатгалын компаниуд жолооч нарыг хохироодог байдлыг таслан зогсоох чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжаваас тодрууллаа.

-Даатгалын компаниуд ХЗДХЯ, СЗХ, ЗЦА-тай тохиролцсон ч осол гаргасан жолоочоос цагдаагийн бичиг шаардаж, улмаар нөхөн төлбөр төлөхгүй байхыг эрмэлзсээр байна. Ийм байдлыг бий болгоод байгаа тэдэнтэй ямар хариуцлага тооцох ёстой вэ?

-Санхүүгийн зохицуулах хороон дээр холбогдох байгууллагуудыг оролцуулсан уулзалтыг хоёр ч удаа хийсэн. Тэнд тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон ослын буруутныг тодорхойлох маргаан үүссэнээс бусад тохиолдолд даатгалын шуурхай албаар асуудлыг шийдвэрлэхээр тохиролцож, СЗХ-ноос албан бичиг гаргасан. Үүний дагуу даатгалын компани, замын цагдаагийн байгууллагад үүрэг, чиглэл өгсөн. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн тодорхой заалттай холбогдуулж даатгалын зарим компани сөрөг байдлаар хандаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өөрт хамаарахгүй үүргийн хүрээнд хууль хэрэгжүүлэгчийн байдлаар хандах гэж оролдсон. Манай холбооноос хууль, журмын дагуу ослын талаар нэгдсэн мэдээлэл Замын цагдаагийн албанд өгдөг. Хариуцлага тооцох эсэх нь энэ байгууллагын үүрэг юм. Үүнийг даатгалын компаниуд ойлгохгүй байна. Энэ нь даатгагч бол даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалах ёстой зарчмын эсрэг үйлдэл болчихоод байгаа юм. Энэ тал дээр манай холбоо даатгалын компаниудыг буруушааж СЗХ-д хандсан. даатгалын компаниуд үүргээ гүйцэтгэхгүй зөвхөн орлого төвлөрүүлэхийн төлөө, ашиг олохын тулд даатгуулагчаа дарамталж ажиллаж байгаа нөхцөлд зөвшөөрлийг нь цуцлах, түдгэлзүүлэх асуудлыг тавьж болно. Одоогоор эрхийг нь түдгэлзүүлсэн компани байхгүй ч удахгүй энэ асуудал СЗХ дээр шийдэгдэнэ гэж бодож байна.

-Ирэх сарын 1-нээс хэрэгжих Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд даатгалын компанийн энэ үйлдлийг хязгаарлахаар оруулсан заалт хэр нөлөө үзүүлэх бол?

-Шинэ дүрэмд заавал цагдаа дуудахгүйгээр ослын нөхөн төлбөрийг шийдэх заалт орсон нь тодорхой хэмжээгээр гажуудлыг арилгахад түлхэц болох байх. Гэхдээ даатгалын компаниуд үүнийг баттай хэрэгжүүлнэ гэж үзэхгүй байна. 

-Даатгалын компаниуд дундаа нэг дуудлагын шуурхай алба ажиллуулдгаас жолооч нарт хүндрэл учруулдаг, замын түгжрэл үүсгэдэг гэсэн гомдол тасрахгүй байна. Үүнийг өөрчилж болдоггүй юм уу?

-Даатгалын компаниуд тодорхой таван болзол хангаж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авдаг. Түүний нэг нь зам тээврийн ослын үед хурдан шуурхай очих албатай байх ёстой. Гэтэл одоо шуурхай албаа өөр нэг компанид ацаглаж өгчихөөд өөрсдөө чөлөөлөгдсөн байдалтай байгаа. Тухайлбал, нийслэлд AUTO SOS гэж компани 10 гаруй даатгалын компанийн шуурхай албаны үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Гэтэл тэр компани нийслэлд гарсан ослын 60 орчим хувьд л хүрч үйлчилдэг тухай яригдсан. Орон нутагт шуурхай албаны үйлчилгээ үзүүлэх байтугай үнэлгээ хийдэг компани ч алга. Хууль журам ингэж гууль болж байхад ямар хүмүүс нь тэдгээр компанийн зөв гэж хайр халамжиндаа байлгадаг юм бол доо. 

-Осол гаргасан жолооч нарын нөхөн төлбөрийг саадгүй олгохоос гадна осол огт гаргаагүй жолооч нарт урамшуулал бий болгох санал бий юу?

-Өнгөрсөн онд даатгалын компаниас 15 тэрбум төгрөгийг 28752 ослын тохиолдолд олгосон. Өөрөөр хэлбэл нийт жолооч нарын дөнгөж таван хувь нь нөхөн төлбөр авсан байна. Тэгэхээр үлдсэн 95 хувь нь даатгалаас ямар нэгэн үйлчилгээ, хөнгөлөлт аваагүй гэсэн үг. Осол гаргаагүй, даатгалаас мөнгө аваагүй дийлэнх олонх хэсэгт ямар нэгэн урамшууллын хэлбэр одоогоор алга. Албан журмын даатгалыг хуулийн хүчинд дулдуйдаж хамруулсан бол эргэж харах хөнгөлөлт үйлчилгээ бий болгож болно шүү дээ. Монголд хэрэгжиж байгаа албан журмын бусад даатгал ийм л байгаа. Тиймээс тухайн жолоочийн тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгооны төлбөрөөс чөлөөлөх, зарим засварын зардалд хөнгөлөлт үзүүлэх зэрэг саналыг холбогдох хуульд тусгуулахаар санал оруулна. Олон улсад техникийн үзлэг оношилгоо, засвар үйлчилгээг даатгалтай уялдуулж зохицуулсан жишиг бий.

ШИНЭ МЭДЭЭ