МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Макаод 12 монгол иргэн ял эдэлж байна
2018.10.23
Хүний эрх

Макаод 12 монгол иргэн ял эдэлж байна

Энэ сарын 11-ны пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай" хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. 

Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, ялтан шилжүүлэх ажиллагааг хурдан шуурхай хэрэгжүүлэх, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ял эдэлж буй иргэд маань эх орондоо шилжин ирж ял эдлэх эрх зүйн орчин бүрдэж байна.

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнгөрөгч 7 дугаар сарын 9-ний өдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Манай улс БНХАУ-тай иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байдаг. Харин эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүсүүдэд үйлчилдэггүй учраас монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүд байгуулахаар ажиллаж иржээ. 

Энэ үндсэн дээр 2016 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгтой ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр байгуулсан бол “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг 2017 оны 05 дугаар сард үзэглэж, талууд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан байна. 

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол улс нь гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 5 гэрээ, мөн ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээ байгуулсан.

Харин Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, БНКазахстан Улстай ялтан шилжүүлэх тухай гэрээ, хэлэлцээрүүд байгуулахаар ажиллаж байна.

Түүнчлэн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгтой “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” гэрээ байгуулахаар ажиллаж байна. 

2018 оны 5 дугаар сарын байдлаар Монгол улсын 12 иргэн Макаод ял эдэлж байна. Тэдгээр иргэдээс эх орондоо шилжин ирж үлдсэн ялаа эдлэх хүсэлтээ байнга ирүүлж байгаа. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, ялтан шилжүүлэх ажиллагааг хурдан шуурхай хэрэгжүүлэх, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ял эдэлж буй иргэд маань  эх орондоо шилжин ирж ял эдлэх эрх зүйн орчин бүрдэж байна.

БНХАУ-тай ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулснаас хойш тэнд ял эдэлж байсан 7 иргэнийг шилжүүлж авсан. Одоогоор БНХАУ-д манай 111 иргэн ял эдэлж байгаа бол 190 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Тэдний ихэнх нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тухайлбал, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа иргэдийн 80 нь, Макаод ял эдэлж байгаа 12 иргэн бүгд хулгайн хэрэгт холбогдсон байна.

Мөн хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, биеэ үнэлсэн, биеэ үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулсан, мал амьтны гаралтай түүхий эдийг хилээр хууль бусаар оруулсан, хууль бусаар оршин суусан зэрэг гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдсэн болон шалгагдаж байгаа иргэд байна.

Ц.Соёлмаа

ШИНЭ МЭДЭЭ