МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх эсэхийг одоогоор эцэслээгүй байна
2018.10.30
Эдийн засаг, Худалдаа

Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх эсэхийг одоогоор эцэслээгүй байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.30) хуралдаан 09 цаг 30 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв.

Эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.

Ажлын хэсэг 2, дэд ажлын хэсэг 3 удаа хуралдахдаа Монголбанк, Сангийн яам төсөл дэх бодлогын талаарх төсөөлөл, эрсдлийг хэрхэн тооцсон талаар болон бодлогын бусад баримт бичигтэй уялдуулсан эсэхтэй танилцсан байна. Мөн УИХ-ын гишүүд, холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн саналуудтай нэгбүрчлэн танилцаж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэжээ. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг алт цэвэршүүлэх үйлдвэрийн талаар судалж, танилцуулах талаарх холбогдох заалтыг төсөлд нэмэхээр саналын томьёолол бэлтгэсэн байгаа талаар тодруулаад “шийдвэрлэх” хэмээн томьёолох нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.

Мөн ипотекийн зээлийг Монголбанк үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэхийг лавлав. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хариултдаа, Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах чиглэлээр олон судалгаа хийсэн байдаг ба тэр бүрт өөр, өөр дүн мэдээлэл гардаг. Олон улсын жишгээр жилд 20 тн-оос дээш хэмжээний алт олборлож байгаа тохиолдолд цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үздэг.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр энэ асуудлаар нэлээн удаан хэлэлцээд, Банкуудын холбоо болон Монголбанкны төлөөллийн байр суурийг харгалзан өмнөх судалгаануудыг нягтлах нь зүйтэй гэж үзсэн гэв. Ажлын хэсэг уг асуудлыг сайтар судлахын зэрэгцээ, үйлдвэр байгуулах өртөг зардал, төлөвлөгөө, ашиглалтад орсон тохиолдолд үр ашгийн талаарх холбогдох тооцоо судалгаа, алт цэвэршүүлэх үйлдвэрийн стратеги, хэтийн төлөв зэргийг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ.

Ипотекийн зээлтэй холбоотой С.Чинзориг гишүүний асуултад хариулахдаа, энэ төрлийн зээл олголтыг Засгийн газарт шилжүүлэх эсэхийг одоогоор эцэслээгүй. Ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбатаас Монголбанкаар үргэлжлүүлэх санал гаргасныг хэлэлцэн, дэмжээд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн гэлээ. 

Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал томьёолол тус бүрээр нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын тоьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхээр тогтов.

ШИНЭ МЭДЭЭ