МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Глобал орчин: Эдийн засгийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2018.10.31
Эдийн засаг, Худалдаа

“Глобал орчин: Эдийн засгийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2018.10.31) “Глобал орчин: Эдийн засгийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ болон Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо зэрэг банк санхүүгийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр удирдан явуулсан бөгөөд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд”, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр “Улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээ: түүний үр дагавар”, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Глобаль орчин: Дэлхийн санхүү” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

“УИХ-аар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Дэлхий дахины эдийн засгийн сөрөг өөрчлөлтүүд дотоодын эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй. Иймд эдийн засгийг цаашид бодитой төлөвлөх, дархлааг бий болгоход чиглэсэн бодлого боловсруулан хугацаа алдалгүй хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Олон улсын туршлагаас үзвэл гадаад валютын нөөцтэй улс орнууд эдийн засгийн хямралыг хохирол багатай туулсан байдаг. Энэ үүднээс манай улс гадаад валютын нөөцөө хүрэлцэхүйц хэмжээнд байлгах нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Өнөөдрийн хэлэлцүүлгээс цаашдын бодлогыг тодорхойлох бүтээлч санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэлсэн үгэндээ онцолсон юм.

Монголбанк уламжлалт мөнгөний бодлогын арга хэрэгслийн цар хүрээ, үзүүлэх нөлөөг сайжруулж, олон нийтийн хүлээлтийг удирдах замаар үндсэн зорилт болох инфляцийг зорилтот түвшинд тогтворжуулахаар ажиллаж байна. 2019 оны мөнгөний бодлогод инфляцийг 2019-2020 онд 8 хувь, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулах зорилтыг дэвшүүлсэн. Эдийн засгийн дархлааг дэмжих, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, системийн эрсдэлээс сэргийлсэн макро зохистой бодлогын арга хэмжээг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх зорилттой байгааг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн илтгэлдээ дурдлаа.

Олон улсад өрнөж буй үйл явдлын талаарх мэдээ, мэдээллийг анхааралтай ажиглаж, тухайн үйл явдлаас үүдэн өөрийн улс орны эдийн засагт ямар нөлөө гарахыг урьдчилан судлах шаардлагатай байгааг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр илтгэлдээ онцлон тэмдэглэсэн. Иран, ОХУ, БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ,  АНУ болон БНХАУ хоорондын худалдааны дайн, Их Британи Европын холбооноос гарах үйл явц, газрын тосны үнийн өсөлт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх гамшигт үзэгдэл нэмэгдэх зэрэг олон хүчин зүйлийн нөлөөлөл хамгийн энгийнээр манай улсын эдийн засагт экспорт, импортын түүхий эдийн ханшийн өөрчлөлтөөр сөрөг үр дагавар гаргах эрсдэлтэй. Тулгарч болох эрсдэлд бэлтгэлтэй байхыг олон улсын банк санхүүгийн байгууллагууд сануулж байгааг тэрбээр хэлсэн.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан хэдий эрсдэл дагуулах ч банк, санхүүгийн тогтолцоогоо нээлттэй байлгаж, гадаадын банкны оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Мөн Засгийн газар, Монголбанк хамтран санхүүгийн зах зээл, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн бодлогыг зөв уялдуулж ажиллах нь оновчтой шийдэл болно гэдгийг онцоллоо.

Үндсэн илтгэлүүдийг сонссоны дараагаар хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Төвбанкны тухай хуулийг УИХ-аас 2018 онд баталсан.  Уг хуулийг дэлхийн чиг хандлагад нийцүүлж баталсан. Одоо УИХ-аар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Өмнөх жилүүдэд энэ хоёр бодлого тусдаа явж ирсэн. Уг нь хоорондоо нягт уялдаатай, нэг нэгнээ нөхөх, дэмжиж байх ёстой. Энэ зарчмыг “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийнхэн баримтлан ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 

Монгол Улс дэлхийн эдийн засгийн глобалчлалын нэг хэсэг хүссэн, хүсээгүй болсон. Тиймээс үүнийг маш зөв тодорхойлж, урагшлах ёстой. Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн хөтөлбөрт манай улс 1990 оноос хойш дөрөв дэх удаагаа орж байна. Энэ нь айлд нэг сахилгагүй хүүхэд байгаад түүнийгээ дийлэхээ байгаад ирэхээрээ томоожуулахын тулд цэрэгт явуулдагтай агаар нэг ойлголт юм. Бид өөрсдөө стандарт төсөв, мөнгөний бодлогоо алдахаараа нарийн дэглэмтэй журманд орж байгаа гэсэн үг. ОУВС-гийн хөтөлбөр дуусна. Тэрнээс цааш бид “цэрэгт явсанаа” мартаж болохгүй. Шууд ОУВС-гийн гэрээт хөтөлбөр биш боловч дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг төсөв, мөнгөний бодлогын стандартад нийцтэй байлгахын тулд тодорхой хэмжээнд ОУВС-гийн хөтөлбөр үргэлжилнэ. Биднээс шалтгаалах хүчин зүйлс олон байгааг хэлмээр байна. Төсөв, мөнгөний бодлогыг зөв зохистой хэмжээнд хослуулж хэрэгжүүлэх нь ач холбогдолтой. 2019 онд эдийн засгийн халалт үүсэх хандлагатай байгаа учраас Засгийн газар, Монголбанкны бодлого ямар хэмжээнд хосолж байгааг шалгах том шалгуур болно.

Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл:

 Валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх эсэх нь биднээс шууд хамааралтай. Тухайлбал, манай улсын гол экспортын бүтээгдэхүүн болох зэс, түүхий нефть, нүүрсийг гаргадаг гол компаниуд төрийн өмчит компани байдаг. Эдгээр компаниудын валютын гарах, орох урсгалыг хянадаг төрийн тогтолцоо байх ёстой. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулийн төслийн үзэл санааг өөрчлөх шаардлагатай. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг аль нэг яам, сайдын багцад биш, бие даасан хараат бус байдлыг хангахын тулд Хөгжлийн банкны дэргэд байлгах нь илүү оновчтой шийдэл болно. Бие даасан, хараат бус байдлыг нь хуулиар хамгаалаад өгчихвөл нийгэмд үүсээд байгаа хардлага арилна. Мөн тус сангийн бүрэлдэхүүнд мэргэжилтэн, иргэдийн төлөөллийг тэнцүү оролцуулсан хөндлөнгийн хяналт тавих бүтцийг байгуулах хэрэгтэй.

Голомт банкны Хөрөнгө оруулалтын ахлах стратегич Г.Мөнх-Эрдэнэ: 

Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг гаргахдаа макро эдийн засгийн хэлбэлзлийг бууруулах зорилготойгоор санаачилсан байх. Энэ жил алтны ханш 1350 ам.доллараас 1220 ам.доллар хүртэл буурлаа. Ханшийн уналтаас болж манай аж ахуйн нэгжүүд 50 орчим сая ам.долларын ашгаа алдагдсан. Валютын нөөц тэр чинээгээр буурсан гэсэн үг. Мөн газрын тосны ханшийн өсөлт ямар байгаа билээ. Энэ мэтчилэн бид байнга ханшийн савалгаанд өртөж байна. Түүхий эдийн экспорт, импортоос шалтгаалдаг эдийн засагтай улсын хувьд бодлогын хэмжээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, Монгол Улс өөрийгөө бусад аж ахуйн нэгж шиг түүхий эд олборлодог, нефть худалдаж авдаг нэг компани гэж хараад сүүлийн 30-40 жилийн хугацаанд олон улсын зах зээл дээр ашиглагдаж ирсэн стандартын дагуу бүхнийг биржийн системээр үнэ, ханш бүгд тодорхой, хэн нэгэн дундаас нь завших боломжгүй хэлбэрийг ашиглах хэрэгтэй.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн:

 2007 онд санхүүгийн салбарын хямрал АНУ-д болсноос үүдэн уламжлалт хэлбэртэй мөнгөний бодлогоосоо татгалзсан. Гол санаа нь томоохон хэмжээний хөрөнгүүдийг худалдаж авах, богино хугацааны Засгийн газрын бондоос илүүтэй урт хугацааны санхүүгийн эх үүсвэрүүдийг бий болгох үйл явцыг өрнүүлсэн. Мөнгөний бодлогоо санхүүгийн бусад бодлоготойгоо зөв уялдуулж чадсанаараа амжилттай болсон. Үнэт цаасны зах зээл дээр нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн 25 жилийн хугацаанд байгаагүй өсөлттэй гарсан. Сүүлийн хоёр жил дунджаар 70 гаруй хувийн өсөлттэй гарлаа. Өнөөдөр 2,5 их наяд төгрөгийн хэмжээний зах зээлийн үнэлгээтэй болсон байна. Мөн даатгалын зах зээл нийт хөрөнгийн хэмжээгээрээ жилд 20-30 хувиар өссөн.  Энэ мэтчилэн дурдвал олон зүйл байна. Тиймээс бид мөнгөний бодлогыг санхүүгийн бусад бодлоготойгоо уялдуулах нь зүйтэй юм.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ