МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.11.13
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Ипотекийн зээлийн асуудлаар Засгийн газар маш тодорхой бодлого баримтлах ёстой

Өнөөдөр /2018.11.14/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ"-ний талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонслоо.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” батлагдан хэрэгжиж байна. 2008-2012 оны хооронд 42,6 мянган иргэн ипотекийн зээлийн журмын дагуу орон сууц авсан. 2013-2016 оны хооронд 76 мянган иргэн орон сууц худалдан авсан байна. 2016 оноос Монгол Улс эдийн засгийн хямрал, хүндрэлийн улмаас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан  тул ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ буурсан. ОУВС 2019 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн" гэдгийг хэлэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Засгийн газрыг ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг хүлээж авах бэлтгэлээ хангаж ажиллан, цаашид баримтлах бодлогоо тодорхой болгох хэрэгтэйг санууллаа. Тэрээр: 

"Ипотекийн бодлого бол Монгол Улсын макро эдийн засгийн бодлогуудын хамгийн гол хэсэг. Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг Засгийн газар хүлээж авах бэлтгэлээ хангах шаардлагатай. Энэ асуудалд Засгийн газрын маш тодорхой бодлого барьж явах ёстой. Монголбанкны хариуцах ажлууд бий. Хамтын ажиллагаа чухал.

Сүүлийн 15 жил Улаанбаатар хотод 200 мянган айл өрх нэмэгдсэн. Гэр хорооллын айл өрхийн хэмжээ нэг дахин нэмэгдсэн. Өнгөрсөн хугацаанд 75.8 мянган иргэнд зээл олгосон бага тоо биш. Маш их хэмжээний эрэлт байхад эрэлтийг нийлүүлэлтээр хангаж чадахгүйд учир байна. Ипотек бүх улсад бий. Энэ чиглэлээр гаргасан зөвлөмжүүд ч бий.

Дэлхийн банкны орон сууцны санхүүжилтийг дэмжих зөвлөгөөнөөс гаргасан дүгнэлт байна. Үүнд  зорилтот бүлгийнхээ иргэдэд чиглээгүй, агаарын бохирдлыг бууруулахад хангалттай нөлөө үзүүлэхгүй байна гэсэн байна. Монголбанк мөнгө хэвлэж санхүүжүүлж байсан, зардал өндөртэй. Орон сууцны эрэлт нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, үнэ хөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлсэн гэх мэт олон асуудалд шүүмжлэлтэй хандсан зөвлөмжийг бидэнд өгжээ.

Цаашдаа хувийн хэвшилд шилжүүлнэ гэдэгт санал нэг байна. Хувийн хэвшилд дэмжлэг үзүүлж, төрийн бодлого зохицуулалт хийх ёстой. Монголын төрд 28 жилийн хувьд зохицууллатгүй явсан учраас авсан арга хэмжээ нь бүгд мухардалд орж байна.

Төрийн бодлогоор хямд үнэтэй, олон хүн хамрагдах хөтөлбөрт чиглүүлэх шаардлагатай. Агаарын бохирдолтой холбогдуулж УИХ-ын тогтоол гарсан. Уг тогтоолоор гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татна гэсэн. Энэ жилийн төсөвт ч олон газар хамрагдсан байна" гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ