Ё.Баатарбилэг: УИХ агаарын бохирдлыг БУУРУУЛАХ бодлогын асуудлаа шийдсэн. Одоо гүйцэтгэх засаглал АЖЛАА ХИЙ
Үндэсний шуудан сонин, Сэтгүүлч Б.Номин
УИХ болон байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ- ын гишүүн Ё.Баатарбилэг агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Агаарын бохирдол сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ямар ажил хийж байна вэ?
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ оны нэгдүгээр сарын 5-нд УИХ-аас гаргасан. Манай ажлын хэсгээс өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд тогтоолын хэрэгжилтийг хангаж биелүүлэх агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоолын хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газарт хоёр удаа зөвлөмж хүргүүлсэн. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчны байнгын хорооноос хамтарсан хуралдааныг гурван удаа явууллаа. Байнгын хуралдаанаас зөвлөмж хүргүүллээ. Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дорвитой ажил хийсэнгүй. хорооноос дорвитой ажил хийсэнгүй. Та бүхэн санаж байгаа бол наймдугаар сард бидний шаардсаны дагуу Байгаль очин, аялал жуулчлалын яаманд мэдээлэл сонссон.
Үндсэндээ УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт асуудал хариуцсан хүмүүс нь тайлан мэдээллээ ирүүлж байх ёстой. Үүрэг нь тэр. Гэтэл тайлан мэдээллээ ирүүлэхгүй байна. Сүүлд сураг сонсоход Ерөнхий сайдын ахалж байсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ахалдаг болсон юм билээ. Харин сайд нь ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байна.
Арваннэгдүгээр сарын 5-нд ажлын хэсгийн гишүүд байгуулагдсан гэх сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцъя гэсэн боловч эхлээд Ерөнхий сайд үйлдвэртэй танилцана түүний дараа үйлдвэрт ажиллана уу хэмээн бидний ажлыг хойшлуулсан. Ингээд маш тодорхойгүй байдалтай байна. Гэтэл гадаа агаарын бохирдол ямар байгааг та бүхэн харж байгаа. УИХ бол хууль тогтоомжийг батлах нөгөө талдаа батлагдсан хууль тоггоомжийн хэрэгжилтийг шалгах хоёр үндсэн үүрэгтэй. Энэ дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтээ шалгая, танилцъя гэхээр бүх зүйлийг гацаачихаад байна. Бидний зүгээс шаардлага байнга тавьж байгаа.
-Өнгөрсөн хугацаанд Цэвэр агаар санд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч дорвитой үр дүнд хүрэлгүй, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Гэтэл энэ сангийн бүтцийг нь өөрчилж, дахин байгуулна гэж ярих боллоо. Дахин ийм чиг үүрэгтэй сан байгуулбал хяналтыг хэрхэн тавих вэ?
-Ирэх оны Улсын төсвийн тухай хууль батлагдсан. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад 80 гаруй тэрбум төгрөг суулгахаар төсвийн төсөл өргөн барьсан ч харамсалтай нь ажил хариуцсан сайд нь үүнийгээ хамгаалж, батлуулж чадалгүй тал нь хасагдсан. Одоо 40 гаруй тэрбум төгрөг төсөвт суулгасан байгаа. Уг нь сайд нь янданд шүүлтүүр тавина гэж “сенсаци”- лж байсан.
Шүүлтүүр тавиад утаа хэвээрээ байвал өөрийнхөө толгойгоор хариуцна гэж өнгөрсөн зунжин ярьсан. Харамсалтай нь төсвөө батлуулахдаа хамгаалж чадалгүй талыг нь тануулсан байгаа. Өнөөдөр ямар төсөв, бүтэцтэй хэрхэн ажиллах талаар мэдээлэл бидэнд ирүүлээгүй байна. Уг нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо УИХ дахь ажлын хэсэгт хэрэв ажлын хэсгийг үл тоож байгаа бол холбогдох Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон манай байнгын хороонд тайлан мэдээллээ ирүүлэх ёстой. Бүтцээ өөрчилсөн бол түүнийгээ УИХ-д тайлагнах ёстой. Өнөөдрийн байдлаар ямар ч тайлан мэдээлэл ирүүлээгүй байна. Хаана, хэн нь юу хийж, ямар бүтэцтэй, яаж ажиллах гэж байгаа талаар ажлын төлөвлөгөөгүй, танилцуулгагүй жил боллоо. Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд баталсан УИХ-ын тогтоолыг зүйл заалт бүрээр нь хугацаатай, хариуцах эзэнтэй, хариуцлага тооцох механизмтай баталсан.
-Хариуцлага тооцох үе нь ирсэн юм биш үү?
-Агаарын бохирдлоос бий болох хүн амын эрүүл мэнд болон нийгэмд тулгамдсан бусад асуудал, сургууль, цэцэрлэгийн амралт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр импортоор оруулж ирэх бүтээгдэхүүн, түүнийг дэмжих дэмжлэг, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг агаарын бохирдлыг бууруулахад уялдуулах зэрэг хийх ёстой ажлыг хийхгүй байгаад асуудлыг гол нь байна. Хаанаа яаж гацчихаад байгаа нь ойлгомжгүй байна. Бид сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай ч танилцаж чадахгүй байгаа.
-Та сая Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын мэдлээс гарсан гэж хэллээ.
-Уг нь Ерөнхий сайд ахалж байсан. Сүүлд бидэнд ирсэн албан бус мэдээллээр Ерөнхий сайд ахлахаа больж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ахлахаар болсон юм байна. Өмнө нь нийслэл нь зөвхөн нийслэлээ, БОАЖЯ нь байгаль орчныхоо асуудлыг хариуцна гэж бие бие рүүгээ чихээд эзэнгүйдүүлж байсныг нэг толгойтой болгосон юм байна гэж олзуурхаж байв. Харамсалтай нь бүр таг зогсчихлоо.
-Та “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгө оруулалтад аудит хийлгэх санал гаргаж байсан. Аудитын дүн эцэслэсэн байх аа. Уг асуудлаар хариуцлага тооцож байгаа юу?
-Үндэсний аудитын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын зарцуулалтад өнгөрсөн зун аудит хийсэн юм билээ. Үндсэндээ 2006 оноос 2017 он хүртэлх агаарын бохирдлын чиглэлээр зарцуулсан мөнгөн дүнд, маш олон компани, төслүүдэд зарцуулсан төсвийн болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтад гүйцэтгэлийн аудит хийсэн юм байна.
Олон төсөл, ажлууд үр дүн багатай, хариуцах эзэнгүй, шүүх, прокурорын байгууллагын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэсэн жагсаалт байна. Уг нь үүнийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо авч үзэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, цаашид хэрхэн явах, ямар ажил хийх зэрэг асуудлаа Засгийн газар нь УИХ- тай ярилцаж, хамтарч ажиллах ёстой. УИХ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой хууль эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлагатай бол тэрийгээ оруулаад ир гэж байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэг ч хуулийн төсөл оруулж ирээгүй байна.
Бид агаарын бохирдлыг бууруулах, агаар цэвэршүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх хоёр хуулийн төслийг хаврын чуулганд оруулсан. Үүнээс өөр хууль, тогтоолын төслийг Засгийн газар санаачилж оруулж, ирээгүй. Эндээс яаж харагдаж байна вэ гэхээр ямартай ч УИХ-ын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлогын асуудлаа шийдсэн. Одоо гүйцэтгэх засаглал, ажил хариуцсан хүмүүс нь ажлаа хий гэж байгаа. Иргэд, олон нийт, төрийн бус байгууллагынхан ажил хариуцсан, төсөв санхүүгээ барьж байгаа, ажил гүйцэтгэх ёстой гүйцэтгэх засаглалаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажил хийхийг шаардах хэрэгтэй байна. Надад Засгийн газар, ажил хариуцсан хүмүүст хүргүүлсэн маш олон зөвлөмж, шаардлага байна. Үндсэндээ албан бичиг илгээгээд нэмэргүй байна. Үүний дараагийн алхам болох ажлаа хариуцаж, хийж чадахгүй байгаа хүмүүст ямар хариуцлага тооцох нь хууль, дүрмийн дагуу байх болов уу.