МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Чуулганы хуралдаанд орох гэсэн залуу гишүүдийг Ц.Нямдорж загнаж болиулсан
2018.12.17
Улстөр

Ё.Баатарбилэг: Чуулганы хуралдаанд орох гэсэн залуу гишүүдийг Ц.Нямдорж загнаж болиулсан

Монголын мэдээ, Сэтгүүлч Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч) 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа А.Ундраа нарын гишүүд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт  мэдээлэл хийж, намынхаа  ахмад гишүүдэд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Тодруулбал,  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Улаан нарт шаардлага хүргүүлсэн. Шаардлагад “Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, гадаад дотоодын хөрөнгө оруулалт саарч, валютын ханшийн өсөлтөөс улбаалсан бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч, өвөлжилт хүндрэх төлөвтэй болж цас зудын хүндрэл малчин түмний ахуй нөхцөлд аюулын харанга дэлдэж, агаарын бохирдол, утааны гамшигт иргэд нэрвэгдэж, өнөө маргаашгүй тулгамдсан олон ажлууд шил шилээ даран шийдлээ хүлээж байгаа энэ эгзэгтэй цаг үед Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-ын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулах ажлыг Эрхэм төрийн түшээд, ахмад гишүүд Та бүхэн манлайлан зохион байгуулж байгаад бид гүнээ харамсаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдсэнчлэн өнөөдрийг хүртэлх энэ олон жил үнэхээр МАНАН бүлэглэл баттай оршиж “шударга бусын хонгил” гээчийг бий болгосон нь үнэн юм бол Монгол улс ардчиллын замаар замнасан сүүлийн 28 жил төрийн болон улстөрийн өндөр албан тушаалуудад олонтаа сонгогдож, томилогдож ажилласан Та бүхэн энэхүү “хонгил”-ыг хамтран бүтээлцсэн “бүтээгчид” гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. “Хөнжил дотроо хууль зассан” асуудлаар хууль зөрчсөн нь тогтоогдож УИХ-ын даргаасаа огцорч байсан ч, намаа шат шатны сонгуульд ялагдуулж, улстөрийн алдаа дутагдал гаргаж байсан ч, намын болоод бүлгийнхээ шийдвэрийн эсрэг үйлдэл гаргаж байсан ч бидний залуу гишүүд монгол хүний ах захын ёс жудагаа ч бодож, туулж ирсэн туршлага сургамжийг нь ч бодож Та бүхэнд хүндэтгэлтэй хандан, “улстөрийн хоймортоо” залсаар ирсэндээ харамсч байна. Монгол төрд үеийн үед ажиллаж байсан Төрийн түшээ, “туршлагатай ахмад гишүүн” хэмээх эрхэм хүндтэй нэр хүндийг Та бүхэн сэвтээж, ахмад гишүүнийхээ “ноён нуруу”-г Та бүхэн “хугалж” байна” хэмээн дурьджээ. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг  “Сүүлийн үед үүсээд байгаа ЖДҮ-ийн асуудлыг олон нийтийн анхаарлаас сарниулах зорилготойгоор УИХ-ын дарга, сайдын сэнтий рүү сэмхэн гэтэж байгаад эдгээр гишүүд эгдүүцэж, ийнхүү шаардлага хүргүүлж байна. Ялангуяа парламентын ахмад гишүүд болох Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан нарын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах, залуу гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх ажлуудыг зохион байгуулж байгаад харамсч байна. Бидэнд тийм мэдээлэл ирсэн учраас ийнхүү парламентын ахмад гишүүддээ шаардлага хүргүүлж байна.  Намрын чуулганы хуралдааны үлдсэн хугацаанд тасалдуулалгүйгээр, өөрсдийн оролцоогоор манлайлж, чуулганы хуралдаануудад идэвхтэй оролцохыг шаардаж байна. Чуулганы хуралдаанд оролцох гэсэн залуу гишүүдийг Ц.Нямдорж сайд зад загнаад болиулсан гэж сонсоод би гайхсан. Шадар сайд Ө.Энхтүвшин бас залуу гишүүдийг хуралд нь оролцуулахгүй байгаа гэж сонссон. Энэ хүмүүс өөрсдөө МАНАН-гийнх юм байна” хэмээсэн юм.  

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-МАНАН-гийн хонгил байдаг, энэ хонгилд гэрэл тусгах ёстой гэж зарим төрийн өндөр албан тушаалтан хэлээд байгаа.  Энэ нэр бүхийн ахмад гишүүд энэ хонгилд багтах уу?

-Шударга бусын хонгил гэж үнэхээр байгаа бол сайд, дарга хийж 28 жил ажилласан энэ хүмүүс хаана явсан юм бэ. Би тэднээс ингэж асуумаар байна. Манай ахмад гишүүн бидэнд үлгэр дууриалал болж ажиллах ёстой. Өнөөдөр Ц.Нямдорж гишүүн чуулганы танхимд орж ирж би картаа хийх эсэх нь миний эрх гэж загначихаад гараад явсан. Гэтэл тэр хүнд эрх гэж байгаа бол ард түмний хүлээсэн үүрэг гэж бий. Тиймээс бид дөрвөн туршлагатай гишүүнд шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр чуулгандаа орж ирээд суух болов уу гэж байсан ч орж ирсэнгүй. Албан тушаал хуваарилах болохоор л хөл нь хөнгөрөөд явдаг. Нэг сандал, суудал онгойлгож байгаад л тийшээ санаархаж байгаа.

-УИХ-ын бүх гишүүн чуулган, байнгын хорооны хуралдаандаа суух эрх нь бий шүү дээ?

-Монгол Улсын парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад ахмад гишүүд үлгэр дуурайл болж, манлайлж оролцох ёстой гэж бид бодож байгаа. Ямар цаг үед нь орж ирж, ямар цаг үед нь чуулганы хуралдаандаа суухгүй байна вэ. Ялангуяа ахмад гишүүдийн зүгээс залуу гишүүдээ уриалж, парламентынхаа үйл ажиллагаанд орж ирээд явах болов уу гэж бодож УИХ-ын хамгийн ахмад дөрвөн гишүүнд шаардлага хүргүүлсэн. Гэтэл өнөөдөр тэд чуулганы хуралдаандаа орж ирээд картаа аваад, би хуралдаа суух эрх нь миний эрх гээд Ц.Нямдорж сайд маань гараад явсан. Уг нь ахмад парламентчид маань залуу гишүүдээ уриалж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах ёстой байсан. Гэвч тэд бидний тавьсан шаардлагыг хүлээж авсангүй. Цаашид бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол бид бүрэн эрхээсээ түдгэлзэх асуудлыг тавих болно.

-Хэрэв та бүхний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол яах вэ?

-УИХ-ын гишүүнээс татгал­зуулах асуудлыг тойргийн сонгогчидтой нь хамт тавьж, шаардах болно.

-Танай намын дотоод зөрчлийг арилгах хоёр талаас тодорхой гишүүдийн бүрэлдэхүүнтэй уулзалтууд хийсэн  гэсэн. Та бүхэн тодорхой шийдэлд хүрээд төрийн ажлыг тасралтгүй явуулж болдоггүй юм уу?

-Хоёр талаас дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй уулзалтууд хийсэн. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүл­гийн даргын санаачилгаар хоёр талаас дөрөв, дөрвөн хү­ний бүрэлдэхүүнтэй төлөө­лөл болгож уулзалт хийсэн. Хоёр ч удаа уулзалт хийсэн боловч харамсалтай нь нааштай хариу өгөгдөөгүй гэж би ойлгосон.

-УИХ-ын даргыг огцруулах асуудлаар та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын даргад өчигдөр /пүрэв гарагт/ бичиг өгсөн байсан. Миний ойлгосноор Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, хуулийн ямар үндэслэл байгааг тогтоож, дүгнэлтээ гаргах байх. Мөн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байгаа. Эрх зүйт төрд ажиллаж байгаа бол УИХ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Бид хуулийн дагуу асуудлаа шийдээд явах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ