МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Шударга ёс ярьсан ахмад гишүүдийн сайтар дэглэсэн жүжиг болж өнгөрлөө
2018.12.21
Улстөр

Ё.Баатарбилэг: Шударга ёс ярьсан ахмад гишүүдийн сайтар дэглэсэн жүжиг болж өнгөрлөө

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-МАН-ын Бага хурал уржигдар боллоо. Энэ хурлаар эв эеэ олох байх гэсэн таамаг олон нийтийн дунд байсан боловч зөрлөө. Таны хувьд хурлын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Бага хурал нийгэм, олон нийтийн хүлээлтийг гүйцээж чадсангүй гэж бодож байна. Олон нийт манай намыг Бага хурлаараа нийгэмд шүүмжлэл өрнүүлж байгаа чухал асуудлуудыг хэлэлцэж, тодорхой шийдлүүд гаргахыг хүлээсэн байх. Тухайлбал, “60 тэрбум”-ын асуудал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд намын удирдлагууд холбогдсонтой хариуцлага тооцох асуудлууд бий.

Мөн намын дотоод зохион байгуулалтын асуудлууд байна. Харамсалтай нь, санасан хэмжээнд хүртэл асуудлаа ярьсангүй. Зохион байгуулалтын хувьд ч маш хүнд боллоо. Өмнө нь хэзээ ч намын Бага хурал цэрэг цагдаагийн бүслэгдсэн хамгаалалт, энгийн хувцас өмссөн бокс, бөхийн залуучуудын хатуу хяналт дор болж байгаагүй.

-Тэр хамгаалалт хурлын уур амьсгалд нөлөөлөхгүй байлгүй дээ?

-Зохион байгуулалтын асуудал дээрээс эхлээд ярихад л яагаад тэр хэмжээний хамгаалалт дор болж байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөж би энэ Бага хурлын санал, шүүмжийг эхлүүлсэн. Төрийн өндөр албан тушаалтнуудыг угаасаа төрийн тусгай, цагдаагийнхан хамгаалаад явчихдаг. Гэтэл дээр нь тэр олон давхар хамгаалалтаар МАН хэнээс өөрсдийгөө хамгаалуулаад байгаа юм.

Намын Бага хурлын гишүүд намын гүйцэтгэх удирдлага шүүдээ. Хэвлэл мэдээллийнхнээс лав өөрсдийгөө хамгаалсан юм билээ. Сурвалжлагч залуусыг өвлийн хүйтэн -30 хэмд гадаа гудамжид 12 цаг зогсоосон. Ард иргэдээс нэг ч хүн оруулаагүй. Намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлье гэсэн нэг ч хүнийг намын байр руу нэвтрүүлээгүй хурал боллоо.

МАН-ын төв байр Монголын ард түмэн болон манай намын гишүүд, дэмжигчдийн хандив тусламжаар боссон юм. Тэр бол тэнд сууж байгаа хэдэн дарга нарын өмч биш. Үүнийг шүүмжилж Бага хурлын хэлэлцүүлгийн хамгийн эхэнд босож намын удирдлагуудад үгээ хэлсэн. Хүлээлт гүйцсэн хурал болж чадсангүй.

-Ерөнхийдөө МАН-ын Бага хурлаас УИХ-ын даргад сайн дураараа огцрох чиглэл өгөх, Удирдах зөвлөлийн хоёр гишүүнээ чөлөөлж, нөхөж томилох асуудлыг шийдээд тарчих шиг боллоо?

-Хууль зөрчсөн шийдвэр л гаргачихлаа. Үндсэн хуулиар заачихсан төрийн институцтэй холбоотой асуудлаар нам шийдвэр гаргадаг нь хуучин социализмын үед төрийн дээр нам байсан шиг юм боллоо. Одоо Бага хурлын шийдвэрийг харахад төрийн дээр дахиад нам гарчихсан байна гэдгийг л харуулж байна. УИХ бол Монголын төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагын гаргах шийдвэрийг нам дээр гаргаж байгаа нь тов тодорхой жишээ л дээ.

-Гэхдээ Бага хурлын гишүүдийн 90 гаруй хувийн саналаар асуудлууд нь батлагдсан тухай мэдээлэл МАН-аас өгч байсан. Хуралд оролцсон төлөөлөгчид хууль журмаа мэддэг байлгүй дээ?

-Жишээлэхэд, намын дүрэмд өөрчлөлт оруулахад намын Бага хуралд ирсэн гишүүдийн гуравны хоёроор буюу 66 хувиар өөрчлөлт оруулах ёстой. Хууль бус асуудлыг дэмжихгүйгээ илэрхийлж төлөөлөгчид гарахад ард нь тэр зааланд 66 хувьд хүрэхээргүй хүн үлдсэн. Тэднээс асуудлыг дэмжиж гар өргөсөн хүн нь бүр цөөхөн. Тэгэхэд нь хурал даргалагч УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин “Ер нь дэмжихгүй гишүүд хэд байна” гэж хэлж байж намын дүрмийн өөрчлөлтийг оруулсан байсан.

Намын дүрмийн өөрчлөлтөөр гэхэд шударга ёс, хариуцлага чангатгах нэрээр намын бүх эрх мэдлийг буцаад дээрээ төвлөрүүлэн татаж хуучин МАХН-ын Улстөрийн товчоо гэж байсан шиг болж байгаа юм билээ. Намын гишүүнээс хасах асуудлыг харьяалдаг аймаг, нийслэлийнх нь намын хорооны тэргүүлэгчид хуралдаж шийддэг байсныг одоо Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар гэдэг нөхөр намын дарга хоёр шийдэх.болж байна.

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын таван гишүүнийг намаас хөөх асуудал яригдаж байгаад больсон доо. Нөгөө дүрмээ мэдэхгүй Хяналтын хорооны дарга нь тийм зүйл оруулж ирээд тэр нь бүтээгүй. Намынхаа дүрмийг үзсэн чинь болохгүй байнгуут сая дүрэмд өөрчлөлт оруулж байгаа хэрэг. Хууль зөрчсөн олон шийдвэр дүрмийн өөрчлөлтийн асуудал дээр гарсан. Жишээлэхэд, НАМЗХ-нд 35 хүртэл насны хүмүүс, НАМОХ-нд 25 хүртэл насны хүмүүс харьяалагдана гэж намын дүрэмд зааж өгч байгаа.

-Тэгвэл эдгээр байгууллагын одоогийн удирдлага нь солигдох нь байна?

-Тийм. Яагаад ийм асуудал оруулж ирж байна гэхээр өөрсдийнхөө үзэл бодлынхоо дагуу байгууллагынхаа үйл ажиллагааг явуулж байгаа залуучуудын байгууллагын удирдлагуудыг өөрсдийнх нь үгэнд орохгүй байна гэж үзээд дүрмийн өөрчлөлтөөр хасах гэж байна. Нэгдүгээрт, НАМЗХ, НАМОХ бол төрийн бус байгууллага, тэд өөрсдийнхөө хурлаараа баталсан дүрэмтэй байдаг. Тэгэхээр өөр төрийн бус байгууллагын гишүүнчлэлийн насыг нам өөрийнхөө дүрэмд тусгаж өгч байдаг нь хууль зөрчиж байгаа хэрэг.

-Та хууль зөрчсөн олон шийдвэр гарсан гэлээ. Тэгвэл энэ шийдвэрүүдийг одоо яах юм бэ?

-Хэрэгжихгүй шүү дээ. Нэгдүгээрт, хууль зөрчсөн шийдвэрийг биелүүлээд явах юм бол биелүүлж байгаа хүмүүс өөрсдөө хууль зөрчинө гэсэн үг. Олон нийт, нам, хамт олны дунд үл ойлголцол бий болчихсон нөхцөлд ийм үл бүтэх шийдвэрүүд гаргах нь цаашдаа талцал, хагарлыг улам дэвэргэнэ.

-“60 тэрбум”-ын асуудлаар УИХ-ын даргыг өөрөө огцрох хүсэлтээ гаргах чиглэл Бага хурлаас өгчихлөө. Харин Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудын асуудлыг бараг ярихгүй өнгөрөх шиг болсон?

-Бага хурлаар ганцхан УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүнийг чөлөөлөөд бүх юм сайхан болчих юм шиг ойлголт төрүүлж дэглэлээ. Нийтийг бухимдуулаад байгаа ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон намын удирдлагууддаа хариуцлага тооцох асуудал яригдсангүй. Тэр талаар ярьсан хүмүүсийн яриаг нийтэд гаргасангүй. Нэг талыг барьсан буюу УИХ-ын даргыг огцруулах ёстой гэж хамгийн хүчтэй ярьсан хоёр, гурван хүний бичлэгийг хаалттай хуралдааныг бичсэн намын аппаратын камераас зориуд зохион байгуулалттайгаар гаргаж цацсан. Би тэр талаар нь Бага хурал дээр хэлээд ад болсон.

Хагарал руу улам явуулсан Бага хурал зохион байгуулсанд харамсаж байна.

Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх гэдэг нөхөр хэл амаар доромжилж, над руу дайрч байна лээ. Намын нарийн бичгийн дарга гэдэг чинь гүйцэтгэх ажилтан байхгүй юу. Хуралдааныг сайтар зохион байгуулж ажиллах ёстой хүн болохоос Бага хурлын гишүүнийг загнаад сууж байх эрхтэй хүн биш. Би тэр нөхөртэй бол цаашид ч хатуу ярина. “60 тэрбум”-ын асуудал, ЖДҮ-гийн асуудал аль аль нь нийгмийн анхааралд орсон шүү дээ.

Албан тушаалын томилгоог 60 тэрбумаар үнэлсэн гэж яриад байгаа. Хэрэв тийм асуудал байгаа бол хэн нь, хэнийгээ хаана, ямар албан тушаалд томилуулсан юм гэдэг ургийн модыг нь гаргаж ир гэж тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатаас нэхэж, түүнийгээ гаргаж тавиач гэж би Бага хурал дээр шаардсан. Тэгвэл бүх юмыг бодитоор харна.

2017 онд Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдахад тав, зургаан яам бужигнаж баахан хүмүүс томилуулсан. Тэр дээр бас мөнгө авч хүн томилсон болж таарах гээд байна. Ерөнхий сайд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар “60 тэрбум” бол үнэн гэж яриад байгаа. Үнэн юм бол тэр хүмүүс энэ томилгоонд оролцсон уу. Оролцсон бол ямар хүмүүсийг томилуулсан юм.

Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг Ерөнхий сайд байхад одоогийн Ерөнхий сайд Шадар сайд байлаа. Одоогийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ албан тушаал дээрээ байсан. Энэ хүмүүс албан тушаалд хүн томилуулсан уу. Тэгвэл хэн, хэнийг хаана томилуулсныг нь гаргаад ир, харъя. Би үүнийг нэхнэ гэж бодож байгаа. Тэгээд тэр үнэн гэж яриад байгаа хүмүүс томилуулсан хүмүүсээсээ яриад байгаа мөнгийг авсан юм уу, үгүй юу гэдэг асуудал цаана нь давхар яригдана биз дээ. Ингээд хаана хаанаа ил тод сайхан яриад явцгаая.

-Сэтгүүлчид хуралдаанд ороогүй болохоор мэдэхгүй байна. Гэхдээ МАН-аас гарсан мэдээллээр 27 гишүүн хурал хаяж гарсан гэсэн. Тэгэхээр Бага хурлын дийлэнх олонх нь намын даргынхаа талд байгаа юм биш үү?

-Тэр тоонууд бүгд худлаа. Зааланд маш цөөхөн хүн үлдсэн. УИХ-ын 27 гишүүн хурал орхиод гарлаа гэдгийг 27 хүн гээд байгаа юм. Буруу шийдвэрүүдийн хэлэлцүүлэгт орж чадахгүй гээд нийслэл, аймгийн маш олон төлөөлөгч санал хураалт явж байхад орхиод гарсан шүү дээ. Ер нь хууль зөрчсөн ийм санал хураалт явснаараа МАН-ын Удирдах зөвлөл дээр явж байсан хагарал УИХ дахь намын бүлэг рүү орж ирсэн. Одоо тэр УИХ дахь намын бүлэг рүү орж ирсэн хагарал намын Бага хурал руу орчихлоо. Намын Бага хурал одоо хагарчихсан.

Хагарал руу улам явуулсан Бага хурал зохион байгуулсанд харамсаж байна. Энэ Бага хурлыг зохион байгуулсан намын ^нарийн бичгийн дарга н-арт хариуцлага ярих ёстой. Намайг намын Бага хурлын талаар ийм асуудал ярилаа гээд шинэ батлагдсан дүрмээрээ хариуцлага тооцно гэвэл тооцно л биз. Хаалттай хуралдааны видео бичлэгээ олон нийтэд цацсан нөхдүүд надтай хариуцлага ярина гэвэл яриарай.

-Цаашдаа ер нь танай намын талцал эргэж эвлэрэх болов уу?

-Би яаж мэдэх вэ. Нам удирдаж, тамга атгаж байгаа хүмүүс ямар нүүдэл хийхээс шалтгаалах байх даа. Эрх барьж байгаа хүмүүс өөрсдөө намаа нэгтгэх, эвлэрүүлж авч явах юмаа хийхгүй, дүрмээ улам чангатгаад шударга ёс нэрээр шударга бус шийдвэр гаргаад байвал хэн ч эвлэрэхгүй шүү дээ. Маш олон гишүүд Бага хурал дээрээс гомдолтой гарсан байна лээ. Манай нам коммунист дарангуйллын дэглэм рүү орж байгаа юм байна гэж ярьж байсан.

-Намын даргатайгаа таарч тохирохгүй байгаа хүмүүсийг сошиал орчинд том луйвруудыг ЖДҮ гэдэг асуудлаар дарах гэж байгаа 60 тэрбумынхан гэж цоллоод удлаа?

-Шударга ёс гэж юуг яриад, юуг хүсэмжлээд байгаа гэдгээ олон нийт мэдэж байгаа байх. Миний хувьд дүгнэж хэлэхэд шударга ёс ярьцгаасан намын удирдлагуудын шударга бус шийдвэр гарсан коммунист намын хурал боллоо.

-УИХ-ын хэсэг гишүүд ахмад гишүүддээ хандаж шаардлага хүргүүлж байсан. Тэдний нэг нь та. Шаардлагын хариугаа авсан уу?

-Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын УИХ-ын ахмад гишүүдэд УИХ-ын үйл ажиллагааг бойкотлож байгаатай холбогдуулж өнгөрсөн долоо хоногт шаардлага хүргүүлсэн. Сая Бага хурлаар бидний тавьсан тэр шаардлагад дурдсан байдал үндсэндээ бол нотлогдсон гэж би бодож байгаа. Юу гэж шаардсан гэхээр Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын зарим ахмад гишүүд УИХ-ыг бойкотлох замаар УИХ-ын даргын сандал ширээнд санаархаж байна гэдэг нь Бага хурал дээрээс харагдлаа.

Нэг нь намын Бага хурлыг даргалж, нөгөөх нь хурлын үеэр УИХ-ын дарга руу батлагдаагүй, хуулиар нотлогдоогүй асуудлуудаар нэлээд дайрч, тэгээд тэрийгээ санаатай, зохион байгуулалттайгаар олон нийтийн сүлжээнд тавьж, сошиал баатар болж байна шүү дээ. Ер нь бол намын Бага хурлаас ийм шийдвэр гарах ёстой гэх зэргээр хууль зөрчсөн асуудлуудыг тавьсан. Дээр нь намын дүрэм журмыг уландаа гишгэж түрэмгийлж, дайрах бүх явуулгыг энэ хүмүүс нэлээд голлож зохион байгуулалцаж байгаа юм байна.

Шударга ёс ярьсан ахмад гишүүдийн сайтар дэглэсэн жүжиг л болж өнгөрлөө. Хэвлэл мэдээллийнхэн та нарт хэлэхэд "Та УИХ-ын дарга болох юм уу” гээд өөрсдөөс нь асуух хэрэгтэй. УИХ-ын даргыг огцруулж болно. Гэхдээ хуульд заасан үндэслэлээр огцруулах ёстой. Үүнийг Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин гэдэг хүмүүс мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Гэхдээ зориуд дайрч давшилж нийгэмд муухай харагдуулах ажлыг гардаж хийж, өөрсдөө суудалд нь санаархаж байгаа нь илт байна.

Намын Бага хурал дээр Ерөнхий сайд “Энэ дотор УИХ-ын дарга хийгээд явчих хэмжээний туршлага, зангаргатай гишүүд олон байгаа” гэж хэлсэн. Миний харж байгаагаар тийм хүн энэ 65 дотор олон байхгүй. Нэр бүхий цөөхөн хэдэн хүн бий. Цаг хугацаа харуулна биз дээ.

ШИНЭ МЭДЭЭ