БСШУСЯ болон ЖАЙКА-гийн хамтарсан 8 төсөл амжилттай хэрэгжиж байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг Япон Улсын ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Сато Мүцүмитаг хүлээн авч уулзлаа.
Өнөөдрийн байдлаар БСШУСЯ болон ЖАЙКА-гийн хамтарсан нийт 8 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. “Инженер технологийн дээд боловсролыг дэмжих” хөнгөлөлттэй зээлийн төслөөс бусад төсөл нь ЖАЙКА-гийн шууд хяналтад БСШУСЯ-ны холбогдох газар, хэлтэс, харьяа байгууллага болон хэрэгжүүлэгч их, дээд сургуулийн оролцоотойгоор хэрэгждэг.
Одоогийн байдлаар төслүүдийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа амжилттай хэрэгжиж байгааг талууд онцоллоо.
Уулзалтын хүрээнд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үндэсний бизнесийн хүний нөөцийг чадавхижуулах төслийн үр нөлөө цар хүрээг нийт улсын хэмжээнд жигд түгээх талаар болон Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнг нэмэгдүүлэхэд Япон улсад оюутан хүлээн авч суралцуулах их сургуулиудын тоо, мэргэжлийн сонголтыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, боловсрол олгох, монгол хүүхдийг эх оронч болгон төлөвшүүлэхэд Японы туршлагаас суралцах зүйл их буйг Сайд онцоллоо.
Ноён Сато Мүцими, “БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон бодлогын газрын удирдлагуудтай нягт хамтран ажиллаж, төслүүд амжилттай хэрэгжиж байна. 2020 оноос хойш дөрвөн жилд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн төлөвлөгөө гаргах судалгааны баг төв байгууллагаас Монголд ирж ажиллана. Тэр үед тодорхой саналуудаа тавих болно” гэлээ.