Нийслэлийн бүтцийн өөрчлөлтийг дэмжлээ
Өчигдөр /2019.03.28/ НИТХ-ын ээлжит XXIII хуралдааны хэлэлцэх асуудлын гуравдугаарт эрэмблэгдсэн 2019 оны нийслэлийн бүтэц болон төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Нийслэлийн бүтэц болон Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд зарим агентлагийн бүтцийг өөрчлөн баталсантай холбогдуулан тус асуудлыг хэлэлцсэн.
Нийслэлийн бүтэц зохион байгуулалт, харьяа газар, агентлагуудын чиг үүргийн талаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, тайлбар сонсож саналаа хэлж, цаашид дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Хотын захирагч С.Амарсайхан “Бүтцэд орж байгаа өөрчлөлт нь Улаанбаатар хотод тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх гол зорилготой нь нийцүүлж орлогч болон төсөл хөтөлбөр хариуцсан удирдагчдыг томилно. Тухайн төслийн удирдагч нар зөвхөн өөрт харьяалагдах асуудлыг л бүрэн дүүрэн хариуцаж ажиллах нь илүү үр дүнг авчирна гэдэгт би итгэж байна. Тиймээс зөвхөн Агаар орчны бохирдол хариуцсан төсөл хөтөлбөрүүдийн удирдагч, зөвхөн замын тээвийн асуудал хариуцсан төсөл хариуцсан гэх мэтээр үүрэг хариуцлагыг нь тодорхой болгосон.
Цаашлаад Улаанбаатар хотын хувь заяаг дөрвөн жилээр шийддэг биш 30, 40 жилээр төлөвлөж, бусад хөгжилтэй улс орнуудын жишгээр хөгжих үндэс суурийг тавьж ажиллана. Ингэхийн тулд замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт инженерчлэл, барилга хот байгуулалт, үйлдвэрлэл инноваци гэх мэт чиглэл бүрээр мэргэжлийн баг бүрдүүлж нэгдмэл бодлого, нэг зохион байгуулалтайгаар ажиллах зорилгоор энэхүү бүтцийг хийсэн.
un
Тамгын газар, агентлаг, харьяа газрууд, орон нутгийн өмчит төсөвт байгууллагууд нь тус тусын үүрэг, хариуцлагаас үл шалтгаалан нийслэл нэг бодлоготой байна” гэдгийг онцоллоо.
Төлөөлөгчдийн олонхи нь бүтцийн өөрчлөлт болон төсвийн тодотголыг дэмжиж баталлаа. Ингэснээр нийслэлийн Засаг дарга Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогч, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын орлогч гэсэн хоёр орлогчтой болж байгаа бол Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагч, Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагч, Агаар орчны бохирдол хариуцсан Төслийн удирдагч, Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч гэсэн тус бүр чиглэл хариуцсан дөрвөн удирдагчтай ажиллахаар болж байгаа юм.
Мөн нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан хэрэгжүүлэгч 33 агентлагаас Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Залуучдын хөгжлийн газар гэсэн хоёр газрыг нэгтгэж, Гэр бүл хүүхэд залуучуудын газар болгон өөрчилж байгаа бол шинээр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчины аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар гэсэн хоёр агентлагийг нэмж байгуулснаар нийт 34 агентлагтайгаар Нийслэлийн Засаг дарга үйл ажиллагаа явуулахаар болжээ.