МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Япон улсад ажиллаж, амьдрахыг хүсэж буй залууст олгосон зургаан боломж
2019.04.19
Гадаад харилцаа

Япон улсад ажиллаж, амьдрахыг хүсэж буй залууст олгосон зургаан боломж

Монгол Улс Япон улстай "Ур чадвартай техникийн дадлагажигч" илгээх санамж бичгийг 2017 онд шинэчлэн байгуулсан бөгөөд энэ хүрээнд ХНХЯ-наас олгосон тусгай зөвшөөрөлтэй 76 байгууллага дадлагажигч илгээх ажлыг хариуцан хийж байна


 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр үдээс хойш Японы Хууль зүйн сайд Такаши Ямашитатай уулзаж, тус улстай байгуулж буй “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа.

Япон улс Тусгай ур чадвартай ажилчдын тогтолцооны тухай хуульдаа өөрчлөлт оруулж энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор энэ удаагийн санамж бичгийг байгуулжээ. Үр дүнд нь Японд ажиллаж амьдрах хүсэлтэй Монгол залууст чиглэсэн дараах давуу тал үүсэх ажээ.

  1. Нэгдүгээрт, Япон улс Гадаадын иргэн харьяатын багц хуулиндаа өөрчлөлт оруулж есөн орноос ур чадвартай ажилтан авахаар болсны нэгэнд манай улс багтжээ.
  2. Хоёрдугаарт, Монголчуудыг Японд хөдөлмөрийн гэрээгээр япон хүнтэй адил нөхцөлд, адил цалин хөлстэй ажиллах боломжийг бүрдүүлнэ.
  3. Гуравдугаарт, Монгол ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангах, Японд оршин суухтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болно. 
  4. Дөрөвдүгээрт, Шинээр байгуулсан санамж бичгийн дагуу шинэ тогтолцооны хэрэгжилтийг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцахаар тогтжээ. /Энэ нь төрийн холбогдох байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, зөвшилцөх механизмыг бүрдүүлэхийн хамт хууль бус зуучлах үйл ажиллагааг зогсоох сайн талтай аж/
  5. Тавдугаарт, Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тохиолдолд ур чадвараас  гадна япон хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ асуудлыг Японы тал өөрөө хариуцахаар тогтжээ.
  6. Зургаадугаарт, Дадлагажигчаар ажиллах гурван жилийн хугацаа дуусахад ажиллуулж байгаа газрын санаачилгаар хугацааг сунган оршин суух визэнд хамруулах боломжтой болох аж. /2018 оны байдлаар 1154 монгол иргэн Япон улсад ажиллаж байгаа бөгөөд шинээр байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу энэ тоо үлэмж хэмжээгээр өсөх боломжтой/

ШИНЭ МЭДЭЭ