2019.05.31
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
"Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон сургуулиуд элсэлт авахгүй"
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хангаагүй сургуулийн тоог цөөлөх бодлого барихаа мэдэгдсэн билээ. Үүний хүрээнд төрийн бус их, дээд сургуулиудад хяналт хийснээс зургаан сургуулийн магадлан итгэмжлэлийг хүчингүй болгож, зарим сургуульд үүрэг даалгавар өгсөн гэдгийг мэдээлж байгаа юм.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодруулахад тэрбээр “Чанаргүй сургалт явуулдаг, өөрийн хичээлийн байр, багшгүй зэрэг дээд боловсролын үйл ажиллагаа явуулах боломжгүй сургуулиудад арга хэмжээ авч байна.
Нэр бүхий хэд хэдэн төрийн бус их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийг хүчингүй болгосон. Мөн нэлээд хэдэн сургуулийн хичээлийн хөтөлбөрийг хаасан. Одоогоор магадлан итгэмжлэлийг хүчингүй болгосон сургуулиудыг нэр зааж, цохон мэдээллийг олон нийтэд хүргэх нь зохисгүй. Сургалтын зөвшөөрлийг нь хүчингүй болгосон төрийн бус их, дээд сургуулиуд элсэлт авахгүй" гэлээ.
2019 онд 18 мянга орчим хүүхэд 12 дугаар анги төгсөж байна. Жилд дунджаар 35-40 мянган хүүхэд ахлах сургуулиа төгсдөг бол энэ жил 18 мянга болж буурсан гэсэн үг. Ингэснээр их, дээд сургуулиудад томоохон сорилт болно гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тодотголоо.
Тэрбээр "Цөөхөн төгсөгчдийн дунд маш өрсөлдөөнтэй сонгон шалгаруулалтууд явагдана. Цаашид их, дээд сургуулиуд цомхон, чиглэл чиглэлээрээ сургалтын үйл ажиллагаа явуулдаг болох ёстой гэж үзэж байна. Өнөөдөр хамгийн их эрэлттэй мэргэжлүүдээр бараг бүх их, дээд сургууль элсэлт авдаг болсон.
ХААИС гэхэд эдийн засгийн чиглэлийн сургуультай болчихсон. Ялангуяа төрийн өмчийн их сургуулиуд төрөлжих нь чухал. Их, дээд сургуулиудын бүтэц, тогтолцоонд анхаарах шаардлага зайлшгүй байна. Мөн сургалтын агуулга хөтөлбөрийг нь аттестатчилж, төрөөс онцгой анхаарахгүй бол тухайн сургууль бүр өөр өөрийнхөөрөө хөтөлбөр гаргаж, чанаргүй боловсон хүчнүүд бэлтгэж байна" гэв.