Байгалийн түүхийн музейн байрын суллаж, Чингис хааны музейг байгуулна
Үлэг гүрвэлийн музейг ирэх сарын 1-нээс Байгалийн түүхийн музейд нэгтгэхээр Засгийн газар шийдвэрлэв. Байгалийн түүхийн музейн захиргаа, сан хөмрөг, эд хөрөнгийг Үлэг гүрвэлийн төв музейн барилгад шилжүүлэх юм. Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж, оронд нь Чингис хааны музей барьж ашиглалтад оруулах хүртэл нэгтгэсэн музей сан хөмрөгөөрөө иргэдэд үйлчилнэ.
Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд их эзэн Чингис хааны музей байгуулахтай холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар боллоо. Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис хааны музей барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах юм.
Чингис хааны музей байгуулах нь эх оронч үзлийг дэлгэрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд чухал хувь нэмэртэйгээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж гэж тооцоолж байна.