АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Д.Цэвээнжав: Осол гаргасан бол цагдаа дуудахгүйгээр зургийг нь дараад даатгалын компани руу утсаараа явуулах боломжтой
2019.07.29
Зам, Тээвэр

Д.Цэвээнжав: Осол гаргасан бол цагдаа дуудахгүйгээр зургийг нь дараад даатгалын компани руу утсаараа явуулах боломжтой

2019.08.01-ний өдрөөс хүн гэмтээгүй зам тээврийн ослын дуудлагыг аль даатгалын компанид бүртгүүлснээс үл хамааран нэгдсэн тусгай утас /1800-1177/, "Албан журмын даатгал" аппликейшн ашиглан ослын дуудлага, мэдээллийг өгөх боломжтой боллоо. Энэхүү ажлыг Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран хийж буй бөгөөд ингэснээр иргэд осол хэрэг гаргасан тохиолдолд заавал цагдаа дуудаж Зөрчлийн тухай хуульд зааснаар 100,000 төгрөгөөр торгуульж, 5 оноогоо хасуулахгүй байх давуу талтай болж байна. Гэхдээ хүн гэмтсэн, ноцтой осол гаргасан тохиолдолд зайлшгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгөх ёстойг анхааруулсан юм.Энэ талаар Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжаваас цөөн зүйл тодрууллаа.

-Осол гаргаад хоорондоо маргаангүй байвал даатгалын асуулаа амар хялбараар шийдүүлэх боломжтой болсон гэж ойлголоо. Дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой зам тээврийн ослын дуудлагыг Албан журмын даатгагчдын холбоонд төвлөрүүлж хүлээж авахаар боллоо. Тодруулбал наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ослын дуудлагыг улсын хэмжээгээр 18001177 гэсэн утсаар өгөх боломжтой боллоо. Эсвэл АЖД гэсэн аппликейшнээр дуудлагаа өгч болохоор болж байна. Манай жолооч нар аливаа осол хэрэг гаргачихаад цагдаа дууддаг. Цагдаагийн алба хаагч мэдээж Зөрчлийн хуулийнхаа дагуу 100 мянгаар торгож, таван оноо хасдаг. Үүнээс болж жолооч нар осол гаргачихаад цагдаа дуудахгүйгээр нөгөө талдаа даатгалаас биш хувиасаа мөнгө өгч хохирлыг нь барагдуулдаг байдал ихсэх болсон. Өөрөөр хэлбэл даатгал хийлгэсэн мөртлөө түүнийгээ ашиглаж чадахгүй байдал их ажиглагдах болсон. Тиймээс үүнийг таслан зогсоохын тулд хоёр жолооч осол хийж, мөргөлдөөд ноцтой ямар нэг зүйл болоогүй, буруутай нэг нь буруугаа хүлээгээд тохиролцсон бол АЖД гэдэг аппликейшн ашиглан ослын нөхцөл байдлын зураг болон бусад мэдээллүүдийг Албан журмын даатгагчдын холбоо руу явуулах боломжтой болж байна. Ингээд заавал цагдаа дуудах шаардлагагүйгээр даатгалын системд бүртгүүлж байна гэсэн үг. Манай зүгээс тухайн жолоочийн явуулсан мэдээллийг хүлээж аваад бүртгэлтэй даатгалын компанид нь шилжүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх юм.

-Жолооч нар даатгал хийлгэхдээ даатгалын компаниуд дээр очоод бэлэн мөнгө тушаадаг байсан. Үүнийг цахим хэлбэрт шилжүүлж байна гэсэн үү?

-Мэдээллийн технологийн ашиглан цахим гарын үсгийн төхөөрөмжийг ашиглаад даатгалын гэрээг цахимаар хийх боломжтой болж байна. Одоо Монгол Улсын хэмжээнд 12000 гаруй хүн цахим гарын үсэг зурах төхөөрөмжийг авсан байна. Энэ тоо цаашид нэмэгдэх байх гэж бодож байна. Мөн программ ашиглаад даатгалыг ажлынхаа байран дээрээс, гэрээсээ хийх хоёр боломжийг нээж байна.

Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ хийж мөнгөө төлж байж гэрээ хүчин төгөлдөр болох хуулийн заалттай. Мөнгөө төлсөн бол тэр хүнд баталгаа гэж 14 оронтой тоог гэрээний дугаар болгож өгч байгаа. Гэтэл гэрээ хийчихээд мөнгөө төлөхгүйгээр тэр дугаар авдаг боломж өмнө нь байгаад байсан. Гэтэл тэр боломжийг буруугаар ашиглаад замын цагдаа шалгахад даатгалаа хийсэн гэж харагдаж байгаа мөртлөө үнэндээ мөнгөө төлөөгүй хүмүүс гарч ирж байна. Өнгөрсөн онд л гэхэд ийм хүмүүс 8700-д хүрсэн. Энэ бол технологийн боломжийг буруугаар ашиглаж буй хэрэг. Тухайлбал байгууллагын жолооч хийдэг хүн осол хийсэн байна. Гэтэл байгууллага нь даатгал хийлгэчихсэн гэсэн 14 оронтой дугаараар баталгаажуулсан хуудас авчихсан явж байгаа хэрнээ цаана системд шалгаад үзэхэд байгууллага нь даатгалынхаа төлбөрийг хийгээгүй байх жишээтэй.Ингэхээр тэр жолооч даатгалгүй явж байсан гэсэн үг. Улмаар өр төлбөрт унаж байна. Игэж хууран мэхлэх боломжийг даатгалын байгууллагаас олгож байсан байна. Даатгуулагч маань ч гэсэн өөрөө өөрийгөө ингэж хуурч байсан байна. Одоогийн энэ Мийс системд оруулсан өөрчлөлтөөр энэ боломжийг хаасан. Та хураамжаа даатгалынхаа компанийн дансанд бэлэн бусаар төлсөн байх ёстой болж байна. Энэ үйл ажиллагаа бас наймдугаар сарын 01-нээс эхэлнэ.

ШИНЭ МЭДЭЭ