АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Автомашины импорт 31 хувиар өссөн 2018 онд жолоочийн даатгалд хамрагсдын ТОО 8.2 ХУВИАР өслөө
2019.02.14
Зам, Тээвэр

Автомашины импорт 31 хувиар өссөн 2018 онд жолоочийн даатгалд хамрагсдын ТОО 8.2 ХУВИАР өслөө

2018 онд Албан журмын даатгагчдын холбооны гишүүн 15 даатгалын компани 655 мянга 545 жолоочийн даатгалын хүчинтэй гэрээ байгуулж, 31.5 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлсэн байна.

Үүнийг өмнөх онтой харьцуулахад нийт даатгалын гэрээний тоо 8.2 хувиар, даатгалын хураамжийн орлого 8.8 хувиар тус тус өсжээ. Тайлант хугацаанд нийт 720 мянган гэрээ хийгдсэн бөгөөд үүний есөн хувь буюу 65 мянган гэрээ цуцлагдсан байна. Харин даатгалын компаниуд нөхөн төлбөрт 15 тэрбум төгрөгийг олгосон нь хураамжийн орлогын 47 хувийг бүрдүүлж байна. Энэ нь өмнөх оноос таван хувиар буурсан дүнтэй гарлаа.

Албан журмын даатгалын гэрээг ангиллаар нь авч үзвэл 73 хувь нь хувь хүний байгуулсан гэрээ, 23 хувь нь хуулийн этгээдийн гэрээ байна. Үлдсэн дөрвөн хувийг мэргэшсэн болон C, D ангиллын жолоочийн гэрээ мөн дамжин өнгөрөхийн гэрээ бүрдүүлжээ. Компаниудаар нь ангилан харвал өнгөрсөн онд “Монгол даатгал” компани 126 мянга, “Миг даатгал” компани 106 мянга, ”Бодь даатгал” компани 92 мянган гэрээ байгуулсан байна. Харин тайлант хугацаанд “Хаан” даатгал компанийн байгуулсан гэрээ хамгийн өндөр өсөлттэй буюу өнгөрсөн оноосоо хоёр дахин өсөж, 52 мянгад хүрчээ.

Э.Төгөлдөр

Холбоо барих: tuguldur.e@bloombergtvmongolia.com

uyanga.m@bloombergtvmongolia.com

ШИНЭ МЭДЭЭ