МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч асан Биата Транкман-ыг хүлээн авч уулзлаа
2019.09.27
Гадаад харилцаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч асан Биата Транкман-ыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч асан хатагтай Биата Транкман-ыг үүрэгт ажлаа дуусгаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НҮБ нь Монгол Улсын хөгжилд, тэр дундаа нийгмийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тухайлбал, эх, хүүхдийн эндэгдлийг дорвитой бууруулж Мянганы хөгжлийн зорилтыг хангасан улс орны нэг болоход чухал үүрэг гүйцэтгэсэн талаар дурьдлаа. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт ундны усны хангамж, орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсрол гэх мэт өргөн цар хүрээтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар шийдвэр гаргагчдын анхааралд хүргэж, хариу арга хэмжээ авах талаар онцгой хичээл зүтгэл гаргаж ажилласныг онцлон тэмдэглэв. 

Хатагтай Биата Транкман Монгол Улсын засгийн газрын бүх түвшинд ажиллаж байгаа олон хүний хүчин чармайлтын үр дүнд Монгол Улс Мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтоо биелүүлсэн 9 улсын нэг болсон гэдэгтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тэргүүлж Азийн хөгжлийн банк, манай улсын Сангийн яам, Эрүүл мэндийн яам хамтран ажилласны үр дүнд Тогтвортой хөгжлийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт буюу ТХЗ-ыг хангахад чиглэсэн төсвийн төлөвлөлтийг хийсэн талаар дэлгэрэнгүй танилцуулж, эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд ЭМЯ-ны манлайлал, оролцоо чухал байсныг онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хатагтай Транкман-д НҮБ-ын Суурин зохицуулагчийн албан тушаалыг хаших хугацаандаа Монгол хүний эрүүл мэндийн төлөө онцгой анхаарч хичээн ажилласанд нь салбарын болон өөрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, түүний цаашдын ажилд амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.

ШИНЭ МЭДЭЭ