Д.Цэвээнжав: Монгол төрийн түшээ хүнлэг, оюунлаг, жудагтай хүн байх ёстой
Vip76.mn сайт "Монгол төрийн түшээ" төслийн хүрээнд УИХ-ын гишүүн, Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээс сонгогдон ажиллаж байгаа түшээд ямар чадвар, шинжийг бүрдүүлсэн хүн байх тухай салбартаа олон жил ажилласан туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийн байр суурийг хүргэж байна.
Энэ удаад УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав эрхэмтэй ярилцлаа. Тэрээр УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон бөгөөд Гаалийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан.
Улсын Их Хурлын гишүүн гэж хэн бэ?
- Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрхийг төлөөллийн зарчмаар хэрэгжүүлж, удирдан явуулж байна. Монголын ард түмэн бол үндсэн хуулиар улсынхаа бүрэн эрхэт гишүүн. Энэ үүргийнхээ дагуу өөрийн төлөөллөөр дамжуулан төр барих үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ зарчим аль ч улс оронд бий.
Ард иргэдийнхээ төлөөлөл болон сонгогдож байгаа хүмүүсийг УИХ-ын гишүүн, Парламентын гишүүн гэж тодорхойлно.
Гэхдээ УИХ-ын гишүүн хүн хэн бэ? Ард иргэд хэнийг сонгох ёстой вэ? гэдгийг бодох ёстой. Иргэд улс орон, нийгмийн бүхий л харилцааг зөв, шударга авч явах тэр хүнийг өөрийнхөө өмнөөс сонгох ёстой юм. Ингэснээр УИХ-ын гишүүн нь өөрийг нь сонгосон ард түмний эрх ашгийг төрд төлөөлөн суугаа элч, төлөөлөгч болно. Тухайн төлөөлөгч нь ард иргэдийнхээ амьдрал, нийгмийн байдлыг сайн ойлгож, илүү сайжруулах ёстой гэдгийг ухамсарласан хүн байх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн бол цогц мэдлэгтэй, асуудлыг бүхлээр нь харж, шийдэх чадвартай байх ёстой. Түүнээс биш өөрийнхөө хүсэл, бодлыг ард түмний хүсэл бодол мэтээр ойлгож яваа хүн бол төрд түмнээ төлөөлөн суух боломжгүй, эрхгүй гэсэн үг. Энэ утгаараа өнөөгийн парламентын зарим гишүүдийн хувьд ажиллах чадвар, туршлага дутагдаж байна. Үүнээс болж ард түмэн төрийн түшээд, парламентыг шүүмжилж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН БОЛ АЖИЛЛАХ АРГА БАРИЛЫН ХУВЬД ИРГЭДТЭЙГЭЭ БАЙНГА ХОЛБООТОЙ БАЙЖ, ИРГЭДИЙН ХҮСЭЛ ЮУ БОЛОХЫГ МЭДЭРДЭГ. ТҮҮНИЙГЭЭ ТӨРИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХАД ТУСГАЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ.
Өнөөдөр энэ зүйл дутагдаад байна. Үүнээс болж ард иргэд, төрийн хооронд зааг үүсдэг. Энэ бол нийгэмд сөрөг байдлыг бий болгоно. Ийм байдал өнөөдөр ч үүссэн. Сүүлийн 2 ч парламент энэ заагийг илүү томруулж байна. УИХ-ын гишүүн хүний ажиллах цаг ч хязгаартай байна. Жирийн хөдөлмөр хийж байгаа хүн ажлын 8 цагт ажлаа хийж, амьдралаа залгуулдаг бол УИХ-ын гишүүн хүн хууль судлах, боловсруулах цаг харьцангуй ихтэй, хуралдах хоногийн тоо ч бага байдаг. Харин үлдсэн цагт нь иргэд, сонгогчидтойгоо ажиллах ёстой юм. ийм хэмжээнд ажиллах хүн л УИХ-ын гишүүн болох ёстой. Гэхдээ гишүүн боллоо гээд Төрийн ордонд нэг өрөөнд ороод зүгээр суух ёсгүй. Байнгын л ажиллаж байх ёстой.
Ард түмэн УИХ-ын гишүүнийг сонгохдоо аль болох ард иргэдийн амьдрал дунд өсөж торнисон, ажиллаж байсан, ард түмний амьдралыг мэддэг, салбар салбарт ажиллаж үзсэн хүнийг сонгох ёстой. Би парламентын гишүүн болохоос өмнө төрийн ажлыг анхан шатнаас нь эхлүүлээд хийж үзсэн, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр 5 удаа сонгогдон ажиллаж байсан. Албан тушаал ахихдаа мэдлэг чадвараа нэмэгдүүлж, сурч боловсорч, ард иргэдийн амьдрал, ард иргэдийн санаа бодол зэргийг мэдэрч, ойлгож явсан. Тиймээс намайг Дарханы ард иргэд УИХ-ын гишүүнээр 2 ч удаа сонгосон гэж би боддог. Ард түмнийхээ дунд орж ажиллаагүй, танигдаагүй хэнийг ч УИХ-ын гишүүнээр сонгож болохгүй.
УИХ-ын гишүүн, парламентч хүнд байх ёстой шинжүүд юу вэ?
- УИХ-д сонгогдохоор горилж нэр дэвшиж байгаа хүнийг сонгохдоо ард түмэн хамгийн түрүүнд “энэ хүн өмнө нь юу ярьж, хийж явсан хүн бэ?” гэдгийг харах ёстой. Хэлж буй үг, хийсэн үйлдэл нь тухайн хүнийг тодорхойлж өгдөг. Өөрийгөө удаан хугацаанд шалгуулсан хүнийг ард түмэн ой ухаандаа санаж байдаг. Нэр дэвшигчийн өвөрт байгаа дипломд хууртах хэрэггүй. Ард түмэнд танигдаагүй хүнийг УИХ-д сонговол төрд гараад хэлж байгаа үгээсээ эхлээд л шүүмжлүүлдэг.
Ард түмнийхээ дунд амьдарч, хийсэн хэлсэн нь ил байж, танигдсан хүн л нийгмийн амьдралыг мэддэг. Түүнээс биш уран зохиол, мэргэн хүний хэлсэн үгийг цээжилсэн хүн ард түмэн, улс орныхоо төлөө хэрэгтэй зүйлийг хийж чадахгүй.
Үүнийг л иргэд, сонгогчид ялган харах, танин мэдэх чадвартай, мэдээлэлтэй, мэдлэгтэй байх ёстой. Монголын ард түмэн таван үг солиод, зөрөөд өнгөрөх хооронд л хүнийг шинжиж, танидаг. Ингэж ард түмэндээ танигдаагүй хүн төрд гараад ёс зүйн алдаа гаргаж, төрийн түшээ хүний мөн чанарыг гаргаж чадахгүй байгааг сүүлийн жилүүдэд олонтой харах боллоо.
УИХ-ын гишүүн хүн эрх ашгаа хэрхэн эрэмбэлэх ёстой вэ?
- Ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төрд төлөөллөө сонгох эрхээ энэ хүнд даалгаж болох уу үгүй юу гэдгээ манай сонгогчид ойлгохгүй, хэрэгжүүлж чадахгүй байгаагаас болж өөрсдөө хохироод байна. Ард түмэнтэйгээ ойр байдаг хүн өөрийн эрх ашгийг сонгогчийнхоо эрх ашгаас дээгүүр тавьдаггүй юм. Ганц жишээ хэлэхэд сонгогчид нь банкнаас өндөр хүүтэй зээл авч бага ашгийн төлөө зүтгэж байгааг мэддэг бол ЖДҮ-ийн зээлийг тэдэндээ л өгнө биз дээ.
УИХ-ын гишүүн хүн өөрийн эрх мэдлээ хэддүгээрт эрэмбэлэх вэ гэдэг нь чухал. Сонгогчийнхоо эрх ашгийг урьтал болгож чадахгүй хүнтэй бид дахиж мэндлээд ч яах юм.
Нэг алдаа гаргасан УИХ-ын гишүүнийг дахин боломж олгох, уучлах тухай бодох ч хэрэггүй. Парламентын гишүүн гэсэн энэ их өндөр албан тушаалд байгаа хүнд алдаа гаргах эрх байхгүй. хэрвээ алдаа гаргаж буй бол засрашгүй этгээд мөн.
УИХ-ын гишүүнээр сонгох хүнийг ард иргэдтэйгээ яаж харилцаж байна вэ? зөвхөн сонгогчдын уулзалтын өдрүүдэд биш бусад цаг үед ч ялгаварладаггүй хүн байх ёстой. Өөрийгөө иргэдийнхээ түвшинд тавьж чаддаг, хүмүүнлэг, оюунлаг хүн байх ёстой.
Нэг үгээр хэлбэл Монгол хүний жудагтай хүн байх ёстой.
Монгол хүний жудаг хагас боловсрогдсон сэхээтний түвшинд, хэн нэгний цүнх барьж, дагаж далдаганасан, бусдын татаасаар дэвшиж гарч ирсэн тэр түвшинд алдагдаад байна. Жирийн иргэн, ард түмэн жудагаа алдаагүй байна.
Та сонгогчийн хувьд сонгуульд саналаа өгөхдөө ямар шалгуурыг мөрдлөгө болгодог вэ?
УИХ-ын гишүүн хүн хаана ч байсан үг, үйлдэл бүхэн нь үнэн байх ёстой. Миний санал нийлдэггүй, эсэргүүцдэг нэг зүйл бол УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж. Энэ юу гэсэн үг вэ? Хаана ч хэзээ ч энэ хүний амнаас гарах үг үнэн байж, ард түмэн түүнд нь итгэн хүлээн авч чаддаг байж гэмээнэ төр иргэний итгэлцэл бий болдог. Гэтэл парламентын танхимдаа түшээ нь худлаа, зүйл ярьж байсан ч түүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж хуульчилж байгаа нь буруу.
Өнөөдөр иргэд, сонгогчид шударга, улс төрийн мэдлэгтэй, боловсролтой байх хэрэгтэй байна. Сонголтоо зөв хий. Монголчууд төлөөллийн зарчимаар төрөө удирдах зарчим нь туйлын зөв. Харин үүнийгээ боловсронгуй болгох юм уу? төлөөллөө сонгож байгаа ард иргэдийн мэдлэг дээшилж, олон талаас нь тунгааж, зөв сонголт хийсэн цагт асар их боломж байна гэж хэлэхийг хүсэж байна.
УИХ-ын гишүүнээр хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг сонгогчдоос асууж болно. Намууд нэр дэвшүүлсний дараа чи зөв сонго гэдэг ч бас учир дутагдалтай байгаа юм.