Ё.Баатарбилэг: Найман их, дээд сургуулийг нэгтгэж, судалгааны нэг сургууль байгуулахаар анхаарч байна
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Дээд боловсролын үр, өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн арга замын талаар хэлэлцлээ.
Тус байнгын хорооноос төрийн өмчит найман их, дээд сургуулийг нэгтгэн, судалгааны чиглэлд түлхүү анхаарсан томоохон сургууль бий болгох бололцоо байгаа эсэхээр судалгаа хийжээ. Судалгааны ажлын хэсгийг УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх профессор Д.Бадарч ахлан ажилласан бөгөөд ажлын хэсэг өнгөрсөн зунжин ажиллаж, өчигдөр үр дүнгээ танилцуулсан юм.
Манай улсын төрийн өмчийн найман их сургуулийн орлогын 80 хувь нь төлбөрөөс орж ирж байгаа аж. Харин дэлхийн томоохон сургуулиудад сургалтын төлбөр төсвийнх нь 50 хувийг эзэлдэг байна. Хэрэв тухайн сургуулийн санхүү нь сургалтын төлбөрийн 70-аас дээш хувиас хамааралтай байвал тухайн сургуулийг үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлдөг аж.
Судалгааны ажлын хэсгээс Монголд тал бүрийн мэргэжлийн хамруулсан их сургууль байхгүй учраас одоо байгаа их сургуулиудыг нэгтгэх нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргажээ. Ингэж нэгтгэснээр олон сургуулиар тархсан эрдэмтэд хамтарч судалгааны ажил хийх боломж бүрдэнэ. Мөн нэг сургуульд байгаа лабораторийг нөгөө сургуулийн эрдэмтэд ашиглах боломжтой болж ойрын 15 жилийн дотор дэлхийн топ 500-1000 их сургуулийн тоонд орох бололцоо байна гэж үзсэн байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Судалгааны их сургууль байгуулах асуудлаар анхаарч байна. Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан. Өнөөдрийн тухайд манай дээд боловсролын төвшин боломжийн явж байгаа. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын бүтээлүүд, энэ чиглэлийн мэргэжилтнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Хэд хэдэн салбарууд дэлхийн тэргүүлэх судалгааны төвшинд очсон.
Гэхдээ бүгдээрээ тийм биш. Байгалийн ухааны чиглэлийн судалгаа шинжилгээний ажлууд, сургалтын хөтөлбөрт дутагдалтай. Өнөөдөр дээд сургуулиуд олон улсын төвшинд хүрэхэд ямар асуудал байна. Бид дээд сургуульд юу зааж байна. Багш нарыг юу сургаж байна. Гуравдугаар курс хүртлээ дүн нь тааруу байсан оюутнууд яагаад дөрөвдүгээр курстээ улаан дипломтой төгсөөд байгаа юм. Улсын их, дээд сургуулийн оюутнууд голч дүн дундуур байхад хувийн их, дээд сургуулийн оюутнууд Оюутны зээлд хамрагдахаар өчнөөнөөр хандаж байна.
Бид маш бага өртгөөр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Нэг хэсэг нь маш бага өртгөөр боловсрол авах гээд байна. Тиймээс бид Судалгааны их сургуулийг гаргаж ирж байна. Бид үүн руу орохоос өөр аргагүй боллоо. Монголын ирээдүй болсон эздийг бэлдэж байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Тэрүүхэн тэндээ байшин барилгатай зууралдаад суугаад байна. Хөтөлбөрөө сайжруулъя гэж бодохгүй байна. Элсэлтийн шалгалт болохоор босго оноогоо бууруулаад өгөөч гээд орж ирнэ. Ирэх жилүүдэд ийм асуудал байхгүй болно.
Одоо бүгдээрээ амьтны үрсийг боловсролоор нь тоглохгүй. Малчид хамаг зүйлээ бараад хүүхдээ их, дээд сургуульд явуулж байна. Одоо нэмж сургуулиудыг магадлан итгэмжлэхгүй. Агуулга, хөтөлбөр батлах талаасаа хүнд сурталтай болгож магадгүй. Агуулга, хөтөлбөрийн томоохон өөрчлөлт рүү, төр, хувийн их, дээд сургууль руу орж, чиглэл болох хэрэгтэй.