Ё.Баатарбилэг: Багш нар аа, хандлагаа өөрчилье!
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг яамныхаа зарим нэгжийн удирдлагын хамт аравдугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад очиж, боловсрол, соёл урлаг, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтад Сайдын ажлын албаны дарга Ө.Сумъяабаатар, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмар, Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Ч.Ганцэцэг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ж.Ганбаатар нар оролцов.
Салбар яамныхан орон нутгийн салбарын хөрөнгө оруулалтын явцад хяналт тавин, зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн, сургалтын “Цөм” хөтөлбөрийг сайжруулсан үр дүнгийн хэлэлцүүлэг хийж, багш ажилчдын санал бодлыг сонслоо.
САЙДААР ТОМИЛОГДСОНООСОО ХОЙШ ЯМАР АЖЛУУД ХИЙВ?
Ё.Баатарбилэг сайд 2019 оны хоёрдугаар сард томилогдсон. Тэрбээр салбарын ажилтан, албан хаагчидтай хийсэн уулзалтынхаа эхэнд томилогдсоноосоо хойшхи найман сарын хугацаанд ямар ажлууд хийж гүйцэтгэснээ “тайлагналаа”. Юуны өмнө сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын 2019-2020 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхой болгожээ.
Багшийн заах арга, ур чадварыг хөгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ нэвтрүүлж, сурах бичгээр бүрэн хангах, хүүхдийн сурлага, хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлаар эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, албан бус, насан туршийн боловсролын үйлчилгээний хүрээ, арга хэлбэрийг бүх насны хүн амын хэрэгцээнд нийцсэн байдлаар өргөжүүлэх зэрэг олон чухал зорилго, зорилт тавьжээ. Онцлоход:
Сургалтын хөтөлбөрийг сайжруулав. БСШУСЯ харъяа агентлаг, эрдэмтэн судлаачдынхаа оролцоотой хэд хэдэн удаагийн судалгаа, хэлэлцүүлэг хийсний үр дүнд сургалтын хөтөлбөрийг сайжруулан баталсан байна.
Бодлогын баримт бичгүүд батлагджээ. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу 2019-2027 онд Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг Засгийн газрын 2019 оны 153 дугаар тогтоолоор батлуулжээ.
“Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөр батлав. БСШУС-ын сайдын 2019 оны “Сургалтын хөтөлбөр шинэчлэн батлах тухай А/390 дүгээр тушаалаар 1-12 дугаар ангид судлах “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийг баталжээ. Энэ хөтөлбөр сурагчдыг хүнлэг энэрэнгүй, цэвэр ариун сэтгэлтэй, уламжлалт ёс заншил, ахуйгаа таньж мэдсэн, хүмүүнлэг нийгмийг цогцлоон байгуулах ирээдүйн монгол иргэнийг бэлтгэхэд чиглэгдсэн байна.
Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны ажлуудыг эрчимжүүлжээ. Спортын 16 төрлөөр 160 тамирчин, дасгалжуулагч, 150 бэлтгэл хангагчтайгаар шигшээ багийг бүрдүүлж, журмын дагуу спортын мэргэжлийн холбоодтой 2018, 2019 оны зарим үйл ажиллагааг гэрээ байгуулан, санхүүжилт хийж, хяналт тавин ажиллаж байгаа ажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамран сургаж эхлэв. Есдүгээр сарын 1-нээс сургуулиуд хамран сургах тойрогтоо харъяалагдах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд бүрэн хамруулах ажлыг хариуцаж буй юм.
“Хүүхэд бүр цэцэрлэгт” зорилт хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийслэлд 2019 онд нийт 34 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хүсэлт ирүүлснээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан 13 хувийн өмчийн цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүчин чадал 1083-аар нэмэгдсэн байна.
Дээд боловсролын чанарын үнэлгээний шинэ тогтолцоо бүрджээ. Ижил чиглэлийн сургалтын хөтөлбөртэй сургуулиудын сургалтын чанарыг хөндлөнгөөс үнэлж, нэгдсэн хяналт хийжээ. 2019 онд таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлан, гурван сургууль бусад сургуультай нэгдсэн байна.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2012 оноос хойш анх удаа нэмэгдэнэ. 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1650-2475 төгрөг болгон 50 хувь нэмэгдүүлэхээр шийдвэрлэн, 2020 оны улсын төсвийн төсөлд тусгажээ.
“Үдийн цай”, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 50 хувиар нэмнэ. Нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн, хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэгийн тодорхой хувийг хангахуйц байхаар тооцон, үдийн цайны 600 төгрөгийн зардлыг 900 төгрөг, дотуур байрны хүүхдийн 2315 төгрөгийн зардлыг 3475 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тооцон, 2020 оны улсын төсвийн төсөлд тусгажээ.
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулж ажиллана. Сүүлийн үед хүүхдийн амь нас эрсэдсэн, осол гэмтэлд өртсөн тоо нэмэгдэж, насанд хүрэгчдийн хүүхдийн төлөө хүлээх үүрэг, хариуцлага суларч байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулж ажиллана.
Өнгөрсөн найман сарын хугацаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн салбартаа хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого, зорилт, сайжруулалт, шинэчлэлүүдээс онцлон дурдвал ийм буюу.
Тэрбээр салбарын нийт багш, ажилтнууддаа хандлагаа өөрчлөхийг уриалсан юм. Дашрамд дурдахад, улсын хэмжээнд 190 мянган төрийн албан хаагч ажиллаж буйн 104 мянга буюу 54 хувь нь БСШУСЯ-нд харьяанд, 90 мянга нь зөвхөн боловсролын салбарт ажилладаг байна.
"ЦӨМ" ХӨТӨЛБӨРТ МОНИТОРИНГ, САЙЖРУУЛАЛТ ХИЙНЭ
Баянхонгор
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 19-нд Баянхонгорт ажиллаж, тус аймгийн Хөгжимт драмын театрт салбарынхантайгаа уулзалт хийлээ. Сайдын хэлснээр, бага боловсролын бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан сургалтын хөтөлбөрт 755 болж, 35 орчим хувиар буурсан байна. Суурь боловсролынх 8.7 хувь, бүрэн дунд боловсролын хувьд 9.2 хувиар тус тус буурчээ. Тэрбээр зөвхөн агуулга төдийгүй зорилго, зорилт, үнэлгээний арга зүй сайжирсан талаар онцолж байв.
Сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулахаас гадна тэдгээрийн хэрэгжих нөхцөл боломжийг бий болгох, хэрэгжилтийг дэмжих сургалт семинарыг багш нэг бүрт хүргэж, нэг гараанаас ижил мэдээлэлтэй эхлүүлжээ. Тиймээс яамныхан наймдугаар сарын 5-наас 9-нд үндэсний хэмжээний 545 сургагч багш бэлтгэж, мөн сарын 15-наас 30-ныг хүртэлх хугацаанд гурван ээлжээр орон нутагт очиж, бүх багш нарт сургалт зохион байгуулсан байна.
“Цөм” хөтөлбөрт мониторинг, сайжруулалт хийж, сургалтын чанарыг дээшлүүлэх олон алхам хийж хэрэгжүүлж байгааг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ онцлов. Тухайлбал, дунд ангид 19 хичээл ордог ч агуулгын зөрчил, давхцалтай хичээл нэг бус байсныг нэгтгэж, хичээлийн нэр тоог багасгаснаар хүүхдэд давхардалгүй, цогц мэдлэг хялбар олгох боломж бүрджээ. Мөн нэрэмжит олимпиад зохион байгуулахгүй, суралцагчийн дүн хүний хувийн мэдээлэл учир бусдад дэлгэх шаардлагагүй, бага ангийн хүүхдийг дүгнэхгүйгээс гадна ачааллыг бага багаар нэмж системтэй мэдлэг олгоход чиглэсэн бодлого барьж байгаагаа дуулгав.
Тус салбарт нийт 603 төсөл арга хэмжээ хэрэгжиж буй нь улсын төсвийн 23 хувийг эзэлж буй бөгөөд ойрын жилүүдэд боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ нэвтрүүлж, сурах бичгээр бүрэн хангах зорилтыг салбар яамнаас тавьсан билээ. Тодруулбал, бага ангийн сурагчдад 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдаас амьдралын боломжийг харгалзан 40 хувь үнэ төлбөргүй, бусад сурагчид тодорхой хэмжээний төлбөртэйгөөр бүх сурах бичгээр хангах ажлыг эхлүүлээд буй юм.
Төлбөртэйгөөр хэрэглэх сурагчид нэг хичээлийн жилд ашиглах бүх номынхоо түрээсийн төлбөрт 20 орчим мянган төгрөг төлнө. Энэ мөнгө нь дараа дараагийн сурах бичгийн хэвлэлт, элэгдэж хорогдсон номын дахин шинэчлэл зэрэгт хэрэглэгдэх ажээ.
Нийт сурагчдыг найман тэрбум төгрөгийн өртөг бүхий гурван сая сурах бичгээр хангах бөгөөд бага ангийн сурах бичиг хэвлэлтээс бүрэн гарч тараагдсан бол 6, 7 дугаар ангийн сурах бичиг хэвлэлтээс гарч сурагчдад хүрч байгаа аж. Харин 8-12 дугаар ангийн сурах бичиг хэвлээд дуусах шатандаа явж буй бөгөөд энэ сардаа багтаан сурагчдад хүрэх юм байна.
Баянхонгорын музейн ихэнх үзмэр зориулалтын бус газарт хадгалагддаг
Уулзалтын үеэр Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейн дарга А.Мандах музейн шинэ барилгын ажлыг даруй эхлүүлэх шаардлагатайг хэлэв. Тэрбээр Баянхонгор аймгийн музей 11 мянга гаруй үзмэртэй, 17 хувийг нь дэглэн тавьсан байдаг бол ихэнх үзмэрүүд фонд нэртэй, зориулалтын бус газар хадгалагдаж байгааг мэдэгдэв. 1970 онд аж ахуйн аргаар баригдаж ашиглалтад орж байсан тус музейн барилгыг шинэчлэн барих зураг төсвийг хийлгэсэн бөгөөд санхүүжилтийг даруй шийдэх шаардлагатай гэлээ.
Нийт 111 багш, 37 ажилтан, 2420 сурагчтай Номгон сургуулийн захирал Л.Сарангэрэл “1962 онд ашиглалтад орсон, өдгөө хоёр хичээлийн байртай ч нэг нь ашиглалт муудаж, зарим хэсгээр нуралт өгч эхэлсэн, нөгөө нь анги танхим жижиг, спорт заалгүй, зориулалтын бус байр. 200 хүүхдийн багтаамжтай тус хичээлийн байранд 500 гаруй хүүхэд хичээллэж байна. Тиймээс сургуулийн өргөтгөлийн барилгыг нэн даруй эхлүүлэх шаардлага байгааг салбарын сайддаа хэлсэн юм.
Баянхонгор аймгийн БСУГ-ын дарга М.Мөнхбат салбар яамнаас багшийн хөгжил зэрэгт онцгой анхаардаг ч зарим мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил орхигдож буйг хэлээд, БСУГ-ын барилгад засвар хийх, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг яамнаас шийдвэрлэж өгөх хүсэлт тавив. Мөн холбогдох албаныхан самбо, жүдо, чөлөөт зэрэг төрөлжсөн спортын заал дутагдалтай, сумдын Соёлын төвүүдэд гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжийн асуудал, цэцэрлэгт хоол зүйчийн орон тоо нэмэх, тоглоомоор хангахад анхаарах, сурагчдыг бялдаржуулах тоног төхөөрөмжтэй заалтай болгох, Дөрөвдүгээр цэцэрлэгийн их засварын ажил, ЕБС-ийн Мэдээлэл технологийн төвүүдийн компьютерүүд, цэцэрлэгүүдийн гал тогоог шинэчлэх зэрэг асуудлыг холбогдох салбарын сайддаа уламжилсан юм.
Сайд Ё.Баатарбилэг тус аймгийн Музейн барилга, Номгон сургуулийн өргөтгөлийн ажлыг даруй шийдэхэд анхаарал хандуулахаа хэлсэн бол төрөлжсөн спортын заал, бие бялдаржуулах танхим зэргийг салбар холбоодод хандах, төсөл бичиж төр-хувийн хэвшлийн хамтарсан байдлаар шийдвэрлэх зэрэг гарц байгааг хэлэв.
Мөн тус аймгийн БСУГ-ыг “Байгууллагын байр сууцны асуудлыг давтан давтан сануулсан аймаг Баянхонгор байлаа. Бусад аймагт ч байдал ижил. Ямартаа ч орон нутгаас Татварын газрын одоо ашиглагдаж байгаа барилгыг ирэх жилээс БСУГ-т шилжүүлэх шийдвэр гаргасан юм байна. Энэ дээр нь дэмжээд засварын болон тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж өгье, машины асуудлыг судалъя. Та бүхний хувьд дотоод асуудалдаа илүү анхаарлаа хандуулж, ажлын чанараа сайжруулах шаардлага байгаа шүү” гэлээ.
Мөн тэрбээр “Манай салбар яамтай шууд харилцаатай байдаг аймгийн БСУГ-ын мэргэжилтнүүд ээлжлэн босч санал хэлж байгаа нь мэдээлэлгүй, хамтын ажиллагаа муу байгааг харуулж байна хэмээн шүүмжлээд, “Та бүхэн хүссэн үедээ санал хүсэлтээ уламжлаад, асуудалд илүү голтой хандах ёстой хүмүүс шүү гэв.
Түүнээс гадна Дөрөвдүгээр цэцэрлэгийн их засварын ажлыг ирэх оны төсөвт суулгахаар болж, зарим сургуульд байгуулах физик, хими, технологийн танхимуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж, зарим Соёлын төв, цэцэрлэгүүдийг компьютержүүлэхээ амлав.
СУРГАЛТЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР МАНЛАЙЛСАН АМЖИЛТАА БАТАТГАХЫГ ХҮСЭВ
Говь-Алтай
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар аравдугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллав. Сайд Ё.Баатарбилэг тус аймгийн Ардын дуу, бүжгийн "Алтай" чуулгад аймгийн төв болон Тайшир, Цогт, Дэлгэр, Халиун зэрэг сумдын багш, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчид, Анагаах ухааны сургуулийн төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаа салбарын сайддаа уламжлахын зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Уулзалтын үеэр сайд хэлсэн үгэндээ багш нарыг адистатчилж чадвартай, хүүхдээ хөгжүүлэх арга зүйтэй багш нарт ур чадварын нэмэгдлийг олгох, сурагчдын сурч, боловсроход эцэг эхчүүдийн оролцоо нэн шаардлагатай болохыг онцлон тэмдэглээд эцэг эх, багш, сурагчийн гурвалсан холбоог сайжруулж ажиллах үүрэг, өгсөн юм.
Мөн багш нарыг хичээл сургалтаас өөр ажилд дайчлахгүй байж, үндсэн ажлаа хийх, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангахын төлөө салбарын яам тодорхой шийдвэрүүд гаргаж, орон нутагт чиглэл өгснийг дурдаад ерөнхий боловсролын сургалтын чанарын үнэлгээгээр Говь-Алтай аймаг тэргүүлж байгаад баяр хүргэн, амжилтаа бататгахыг хүсэв.
Тэрбээр “Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санал санаачилгын үр дүнд Говь-Алтай аймгийн боловсролын салбарт түүхэндээ байгаагүй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж байна. Яг одоогийн байдлаар 603 төсөл арга хэмжээ боловсролын салбарт хэрэгжиж байна. Үр дүн гаргах тал дээр салбарынхан онцгойлон анхаарах хэрэгтэй байна хэмээн онцолсон юм. Түүнчлэн уулзалтын үеэр сурган хүмүүжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган бусдыгаа манлайлан ажиллаж буй багш нарт салбарын шагналыг гардуулав.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмар, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, УИХ-ын гишүүн Ш. Раднаасад аймгийн боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт тулгамдаж буй асуудлуудыг салбарын сайддаа танилцуулж, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Түүнчлэн ажлын хэсэг Алтай хотод баригдаж буй АШУҮИС-ийн хичээлийн байр, Номын сан, Усан бассейн, 100 болон 320 хүүхдийн суудал бүхий цэцэрлэгийн барилгын явцтай танилцаж, зарим байгууллагын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг ирэх оны төсөвт багтаахаар боллоо.
“ГЭР ӨРГӨӨ ДОТУУР БАЙРНААС Ч ИЛҮҮ ТУХТАЙ”
Завхан
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Завханд аравдугаар сарын 21-ний өдөр ажиллаж, тус аймгийн Хөгжимт жүжгийн театрт аймгийн цэцэрлэг, сургуулийн багш нар болон боловсрол, соёл, спортын салбарт ажиллаж буй ажилтнуудтай уулзалт хийсэн юм. Уулзалтад дээрх салбарын 400 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнууд оролцож, санал хүсэлтээ бичгээр болон өөрийн биеэр хэлэв.
БСШУС-ын сайд Ё.Баатабилэг оролцогчдын асуулт, санал зөвлөмжийг сонссоныхоо дараа дээрх салбарт тулгамдаж буй зарим асуудлыг тухайлбал, Боловсрол, соёл урлагийн газар болон зарим сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг 2020 оны улсын төсөвт сайдын багцад багтааж, шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
Тэрбээр Завхан аймагт ажиллах үеэрээ Цагаанчулуут, Тэлмэн сумын дунд сургууль, сурагчдын дотуур байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзсан юм.
Завхан аймгийн хувьд ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа зургаан настай, ялангуяа малчдын хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өөрийн гэр шиг нь тухлаг нөхцөл боломжоор хангахын тулд “Гэр өргөө” төслийг бүх суманд хэрэгжүүлж буй ажээ.
Цагаанчулуут сумын сургуулийн захирал М.Нямсүрэн “Гэр өргөө” дотуур байрнаас илүү тухлаг бөгөөд тусгай багш, асрагчтайгаараа онцлог болохыг хэллээ. Тэлмэн сумын хувьд хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбоотойгоор хүүхдийн тоо өсөж, сургуулийн ачаалал нэмэгджээ. Тиймээс хичээлийн байрыг өргөтгөх, их засвар хийх талаар анхаарахыг сайдад уламжлав.
Салбарын сайд Завхан аймгийн долоон сургуульд физик, байгалийн ухааны кабинет, таван сургуульд химийн кабинет байгуулахаар болсон юм.
САЙДЫН НЭРЭМЖИТ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ
БСШУС-ын сайдыг Улиастайд ажиллах үеэр Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвөөс салбарын сайдын нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээн зохион байгуулав. Тус тэмцээнд 6-18 насны охид, хөвгүүд 25, 50 метрт өврөөр даллах, мэлхий сэлэлт, 100 метрийн холимог сэлэлтийн дөрвөн төрлөөр өрсөлдөж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж сайдаас шагналаа гардан авсан юм.
Хөвгүүдээс сурагч З.Нямдэмбэрэл, Б.Тэмүүлэн, Н.Нямбаяр, Г.Даваацэрэн нар, охидоос Будбаяр, Бямбажаргал, Болоржин, Б.Ундармаа нар тус бүрийн төрөлд алтан медалийн эзэд болов. Тус усан бассейн бүхий спорт цогцолбор нь 1000 хүний суудалтай. Мөн 400 хүний суудалтай усан бассейн, 500 хүний суудалтай спорт заал, жүдо, самбо бөх, гимнастикийн нэмэгдэл заалуудтай. Энд олон нийтэд зориулсан фитнес, эргэлтэт дугуй, теннис гээд зургаан төрлийн дугуйлан секц хүүхэд, насанд хүрэгчдэд зориулан байнгын хичээллэдэг ажээ.
УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАНА
Баянхонгор, Говь-Алтай, Завханы боловсрол, соёл урлагийнхан салбарын сайдаа зөв бодлого барьж, асуудалд голчтой хандан, салбарыг өөд татаж буйд нь чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Ё.Баатарбилэг сайд 2019 оны хоёрдугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсоноосоо хойш салбарынхаа бодлого, зорилт, сайжруулалт, шинэчлэлийг танилцуулахаар 21 аймаг, нийслэлийн алслагдмал дүүргүүдэд биечлэн ажиллах зорилго тавьжээ.
Тэрбээр удахгүй Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь аймгуудад ажиллаж, цэцэрлэг, сургуулийн багш нар болон боловсрол, соёл, спортын салбарт ажиллаж буй ажилтнуудтай уулзалт хийн, санаа бодлыг нь сонссоноор бүх аймагт хүрч ажиллах зорилгоо бүрэн биелүүлэх юм.