МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхийлөгч зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа
2019.10.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ерөнхийлөгч зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа.

Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, цол, одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав. Түүнтэй хамт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Хотын дарга С.Амарсайхан нар байлаа.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

  • “Харанга” хамтлагийн гитарчин Яримпилийн Одсүрэн,

Гавьяат жүжигчин цолоор

  • “Харанга” хамтлагийн бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдаш,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

  • Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн мастер Дүгэржавын Баянжаргал,
  • Зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын автобусны жолооч Эрдэнэхүүгийн Очирхуяг,
  • Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Жамсрангийн Сүхбаатар,
  • Нийслэлийн Хот тохижилтын газрын хог тээврийн машины жолооч Дуламсүрэнгийн Шаравдорж,
  • Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин Уртнасангийн Эрдэнэтуяа нарыг шагналаа.

 Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  • Уул уурхайн сайдын зөвлөх Дашийн Бат-Эрдэнэ,
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт Дамбийсүрэнгийн Болд,
  • “Минторес” ХХК-ийн “Эргэлийн зоо-50” төслийн ахлагч Шагдарсүрэнгийн Доржсүрэн
  • “Гурван үндэс” ХХК-ийн зөвлөх геологич Гүнчингийн Дэжидмаа
  • Геологийн төв лабораторийн ахмад ажилтан Өсөхбаярын Доржханд нар шагнагдав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Төрийн дээд одон медаль гардуулах зарлиг гаргасан юм. Тэдний төлөөлөл болох дараах хүмүүст Төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • “Мон Мед Комплекс” ХХК-ийн ерөнхий захирал Норовдондогийн Жамсран

Алтан гадас одонгоор

  • МУИС-ийн геологи, геофизикийн тэнхимийн багш Норовын Байгалмаа,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ахмад настан Батдоржийн Бямбацэрэн,
  • Төв аймгийн Баянчандмань сумын цэцэрлэгийн эрхлэгч Цэмбэлийн Долгормаа,
  • “Энх титэм” Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Төмөрийн Мөнгөнцэцэг,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Жамбацэрэнгийн Нармандах,
  • Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Чулуунбатын Отгонгэрэл,
  • Нийслэлийн Сонгинорхайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн Бат-Өлзийн Хандсүрэн нарыг тус тус Алтан гадас одонгоор шагналаа.

Шударга журам медалиар

  • Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Лхагвасүрэнгийн Отгонбаярыг шагнав.
Төрийн дээд цол, одон медалиар шагнагдсан эрхмүүдэд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 

Манлайлагчид аа, ажил үйлсээрээ хошуучлагчид аа,

Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан олон жил эрхэлсэн ажил үйлсээрээ манлайлж, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийн хошуучлагчид, авьяастнуудад төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Нийслэлийн хот тохижилтын газрын зам талбайн мастер Дүгэржавын Баянжаргал нь 1984 оноос хойш хүнд хэцүү нөхцөлд шантрахгүй, идэвх зүтгэлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж, зам талбайн үйлчилгээг хариуцан, автозамыг өдөрт 2-3 удаа цэвэрлэх, хог хаягдлыг цаг хугацаанд нь ачуулах, өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэхээс хамгаалан арчлалт хийх зэргээр үйлчилгээний салбарт 35 жил үр бүтээлтэй ажиллажээ.

Мөн Нийслэлийн хот тохижилтын газрын хог тээврийн машины жолооч Дуламсүрэнгийн Шаравдорж нь хог тээвэрлэх, нийслэлийн цэвэр цэмцгэр байдал, өнгө төрхийг нэмэгдүүлэхийн төлөө  уйгагүй хөдөлмөрлөж, улсад 42 жил ажиллах хугацаандаа 120 гаруй жолоочийг халамжлан хүмүүжүүлж,  сурган дадлагажуулжээ.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Жамсрангийн Сүхбаатар нь шугам сүлжээ, тоног төхөөрөмж, ус дулааны худагт үзлэг хийж илэрсэн зөрчлийг цаг алдалгүй засварладаг чухал үүрэгтэй ажил гүйцэтгэж, өрхийн усны алдагдлыг бууруулж, засвар үйлчилгээ хариуцах зэргээр 34 жил ажиллажээ.

Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин Уртнасангийн Эрдэнэтуяа 1982 оноос хойш хог, лагтай бохирын шугам хоолой, худгийн эвдрэл, гэмтлийг засварлаж энэ ажлаа тасралтгүй 37 дахь жилдээ гүйцэтгэж байна.

Зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын автобусны жолооч Эрдэнэхүүгийн Очирхуяг 1987 оноос хойш 32 жил нийтийн тээврийн салбарт тасралтгүй ажиллахдаа осол, авааргүй иргэдийг тээвэрлэн ажил мэргэжилдээ эзэн болсон үлгэр жишээ жолооч юм.

Эдгээр манлайлагчид нийслэлийн оршин суугчдын тав тух, амгалан байдлыг хангахын төлөө олон жил идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажилласны учир Нийслэлийн түүхт ойгоор төрийн дээд цол шагналыг хүртээж байна.

Та бүхэнд баяр хүргэе.

Мөн геологийн салбарын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олгуулахаар салбарын удирдлага, хамт олны зүгээс тодорхойлсон хүсэлтийг ёсоор болголоо. Эх орныхоо эрдэс баялгийг судлах, шинжлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жилийн үр бүтээлтэй ажлаа үнэлүүлж зогсоо та бүхэнд дахин баяр хүргэе.

Энэ өдрүүдэд 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Харанга” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч Яринпилийн Одсүрэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдаш Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнагдаж байна. Монголын ард түмний сэтгэлд хоногшсон олон арван уран бүтээлийн эзэн Харанга хамтлагийнхны хөдөлмөр зүтгэл, авьяас чадварыг үзэгч, сонсогчид бэлхнээ мэдэх билээ.

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн тэмдэглэлт өдөр Баянзүрх дүүргийн иргэн, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг “Шударга журам” медалиар шагнаж байгааг дуулгахад таатай байна. Бэлтгэл хошууч Л.Отгонбаяр нь иргэний зориг гарган үүргээ чанд ухармсарласны хүчээр бага насны хүүхдийн амь насыг аварсан нь бахархан дуурайх, алдаршуулан тэмдэглэх гавьяат үйлс мөн билээ. Монгол Улсын хамгийн үнэт баялаг болсон бяцхан иргэний амь насыг аварсанд тань онцгойлон талархал илэрхийлье.

Эрхэм гавшгайчид, манлайлагчид аа

Та бүхэнд төрийн цол, одон медаль гардан авсанд тань баяр хүргээд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манлайлагчдын алдар бадартугай.

Мөнх тэнгэрийн ивээлээр Улсын нийслэл Улаанбаатар хот цэцэглэн хөгжих болтугай” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ