МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТОМИЛОЛТ: Цаашид чанарын үнэлгээг чухалчилна
2019.10.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

ТОМИЛОЛТ: Цаашид чанарын үнэлгээг чухалчилна

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 17 аймаг, алслагдмал 2 дүүрэгт ажиллажээ


 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар. Нийгмийн зүрх, тархи болсон эдгээр салбарт Монгол Улсын төрийн албан хаагчдын 54.7 хувь нь ажиллаж, эх орныхоо өнцөг булан бүрт соёл, гэгээрлийн үрийг тарьж байна. Зөвхөн боловсролын салбарт гэхэд 1514 цэцэрлэгт 263 мянган хүүхэд, 820 сургуульд 644 мянган сурагч, 90 гаруй их, дээд сургуульд 140 мянган оюутан залуус суралцаж буй нь Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь болох юм. Үлдсэн нь тэдний эцэг, эх, асран хамгаалагч нь болно. Ийм өнөр өтгөн салбарын ажил, асуудал хэзээ ч тасрахгүй бөгөөд дундрахгүй.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны сацуу салбартаа дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 21 аймаг, алслагдмал дүүргүүдэд хүрч ажиллахыг зорьжээ.

Өнгөрөгч өдрүүдэд зүүн бүсийн дөрөв, баруун бүсийн гурван аймагт ажилласнаар салбарын сайд 17 дахь аймгийнхаа боловсрол, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар яамны зүгээс бодлого зорилтоо, орон нутгийн зүгээс ажил асуудлаа танилцуулав.

Хэнтий, Булган, Сэлэнгэ, Дундговь зэрэг есөн аймагт ажилласан хаврын томилолтууд сургалтын хөтөлбөрийг хэрхэн сайжруулж, хичээлийн жилийн зорилго, зорилт, бүтцийг яаж оновчтой боловсруулахад санал, зөвлөмж авах зорилготой байжээ. Тэгвэл Дорнод, Дорноговь, Говь-Алтай, Завхан зэрэг найман аймагт ажилласан намрын томилолтууд бодлогын хэрэгжилт хөрсөн дээрээ ямар байгааг, сайдын шийдвэр сумын сургууль дээр хэрхэн хэрэгжиж буйг мэдрэхэд дэм болж, ирэх оны олон ажлыг энэ оноос төлөвлөж тооцоолоход чиглэж байгаа ажээ. 

2019 оны нэгдүгээр улиралд зохион байгуулсан салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс БСШУСЯ энэ онд салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулж, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх гурван зорилтыг дэвшүүлжээ. Энэ хүрээнд нэлээд ажил амжуулсыг Ё.Баатарбилэг сайд танилцуулж байна.

Салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх зорилтын хүрээнд Соёлын тухай, Кино урлагийг дэмжих тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацийн тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн барьжээ. Одоо Музей, Номын сан, Соёлын өв, Шинжлэх ухааны паркийн тухай болон Боловсролын тухай хуулийн төслүүдийг боловсруулж, хууль тогтоох дээд байгууллагад өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ. Боловсролын хуулийн шинэчлэл боловсролыг ойлгох ойлголт, түүнд хандах хандлагыг өөрчилж, салбарт мэдэгдэхүйц дэвшил авчирна гэж салбарын сайд үзэж байна.

Салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд энэ жил хамгийн их бүтээн байгуулалтыг боловсролын салбарт өрнүүлжээ. 2019 онд улсын хэмжээнд 603 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 2019 ондоо багтааж 48 сургууль, 93 цэцэрлэг ашиглалтад оруулахаар зорьж байна. Барилгын ажил авсан компанийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, хариуцлага ярьж ажилласны хүчинд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоо дөрөв дахин, суралцагчдын тоо 12 дахин буурчээ. Өнгөрөгч хичээлийн жилд нийслэлд гурван ээлжтэй 23 сургууль байсан бол өнөөдрийн байдлаар хоёр үлдсэн байна. Асуудлыг хичээлийн жилдээ багтааж шийдэх аж.

Салбарын ажлын уялдаа холбоог сайжруулж, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч, хаана хаанаа хандлагаа өөрчлөхийг уриалж байна.

800 эрдэмтэн оролцсон Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурлыг “Хандлагаа өөрчилье” уриан дор зохион байгуулсан бол Монголын багш нарын VII их хурал мөн л багш багшдаа хандсан уриалга, шийдвэрүүдийг гаргажээ. Их хурлын төлөөлөгчдийн санал, санаачилга бүрийг гээлгүй шүүрдэж, ач холбогдол, агуулга, далайцаар нь эрэмбэлж, бодлого, шийдвэртээ тусгаж ажиллахаа салбарын сайд илэрхийлж явна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛСАН

“Сайд бүр өөрийн нэр хаягтай ажилтай байхын тулд шинэ зүйл эхлүүлж, туршсаар энэ салбарын ачаалал дийлдэхээ больсон байна. Ялангуяа багшийн ачаалал, сурагчдын гэрийн даалгавар гэдэг зүйл хадны мангаа гэгдэхээр болж, сургуульд орсон шинэхэн сурагчид буцаад цэцэрлэгтээ очъё гэж уйлах хэмжээнд хүрсэн” байгааг Ё.Баатарбилэг сайд онцлов.

Тиймээс сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийжээ. Бүх аймаг, дүүргийн багш нар оролцсон удаа дараагийн үндэсний хэлэлцүүлгийн санал, зөвлөмж, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн бага боловсролын агуулгыг 35.5, суурь боловсролын агуулгыг 8.7, бүрэн дунд боловсролын агуулгыг 9.2 хувиар багасгажээ. Түүнчлэн цэцэрлэгийн багшийн ажлаа төлөвлөх болон хүүхдийн хөгжилд үнэлгээ хийх аргачлалд өөрчлөлт оруулж, тэдний хүүхэдтэй ажиллах цагийг нэмэгдүүлсэн байна.

Түүхээс харахад манай улс 1921 оноос хойш 20, 10, 4 жилийн давтамжтайгаар сургалтын хөтөлбөрөө үе үе шинэчилж ирсэн бол 2019 онд анх удаа сайжруулж, засаж, залруулах алхам хийжээ.

Сурагч бүрийг сурах бичгээр хангана

Нэгдүгээр улирлын хувьд бага анги 100 хувь, дунд, ахлах ангийн 40 хувь номтой байсан. Томилолтын энэ өдрүүдэд үлдсэн хэсгийг бүрэн хангах гурван сая ном хэвлэгдэж байна. Сая авсан мэдээллээр 6, 7, 11, 12 дугаар ангийн сурах бичгүүд түгээгдээд эхэлсэн байна гэдгийг салбарын сайд хэллээ.

Өмнөх жилүүдэд эцэг, эхчүүд сурах бичгийг дамын үнээр зах зээлээс авдаг байсан. Энэ нь зарим өрхийн төсөвт дарамт учруулж, номыг нь авч өгөхгүй байх шалтгаан болж байв. Энэ хичээлийн жилээс сургуулийн номын сангаар дамжуулж, сурах бичгийг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ нэвтрүүлснээр бүх сурагчийг номтой болгох зорилт хэрэгжиж байгаа юм. Үйлчилгээний төлбөр ашигласан жилээсээ хамаарч бүх ном багцаараа 12-21 мянган төгрөгт багтах бөгөөд энэ мөнгө дараа дараагийн жилийн сурах бичгийн хэвлэлтэд зарцуулагдах ажээ.

ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Судалгаанаас үзэхэд 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн 680 гаруй тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэний 97 хувь нь сургалтын бус цагаар, сургуулийн бус орчинд буюу гэр орон, нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн газарт үйлдэгдсэн байна. Мөн Үндэсний статистикийн хорооны түүвэр судалгаанд хамрагдсан 5 хүртэлх насны хүүхдийн 12.5 хувь нь насанд хүрэгчдийн хараа хяналтгүй гэртээ ганцаараа үлдсэн бол 0-17 насны хүүхдийн 18.9 хувь нь эцэг, эхтэйгээ хамт амьдардаггүй гэсэн тоо баримт гарчээ.

Ялангуяа ахлах ангид ороод ирэхээр нь хүүхдүүдээ хараа хяналтгүй орхидог, ямар нэгэн муу зүйл болбол сургууль, багш руу нь “чихдэг” асуудал байна. Хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх нь эцэг, эхчүүдийн үүрэг. Сургууль, багш, эцэг, эхийн гурвалсан гэрээний хүрээнд аав, ээжүүд ном, сурах бичгийг нь авч өгөх, эцэг, эхийн хурал, school police-д заавал оролцох, дотуур байр болон түрээсийн байранд амьдарч байгаа хүүхэдтэйгээ холбоо харилцаатай байх зэрэг үүрэгтэй гэдгийг дурдав.

Түүнчлэн эрүүл мэндэд нь анхаарч, ядаж өглөөд унд цайтай сургуульдаа явж хэвшүүлэхийг эцэг, эхчүүдэд уриаллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлахгүй

Энэ хичээлийн жилээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургаж буй нь хандлагаа өөрчилж эхэлсний нэг жишээ болжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам” батлагдсан. Одоо сургуулиуд хамран сургах тойрогтоо хамаарах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульдаа бүрэн хамруулах ажлыг хариуцаж байна. Сургуулийн захирал тушаалаараа “Дэмжлэгийн баг”-ийг байгуулж ажиллахын зэрэгцээ тусгай сургуулиас мэргэжил, арга зүйн дэмжлэг авч, хамтран ажиллаж эхэлсэн байна.

“Монгол ёс, хүмүүжил”-д сургана

Сурагчдыг хүнлэг энэрэнгүй, цэвэр ариун сэтгэлтэй, уламжлалт ёс заншил, ахуйгаа таньж мэдсэн, үүрэг, хариуцлагаа ухамсарласан, хүмүүнлэг нийгмийг цогцлоон байгуулах ирээдүйн монгол иргэнийг бэлтгэхэд чиглэсэн “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийг баталж, “Монгол ёс, хүмүүжил” хичээлийг бага ангиудад зааж эхэлжээ.

Сургуулиудын амжилтыг сурагчдынх нь үнэлгээгээр, аймаг, дүүргүүдийг амжилтыг сургуулиудынх нь чанарын үнэлгээгээр тооцдог болно. Энэ жил анх удаа ерөнхий боловсролын төрийн өмчийн 20, хувийн хэвшлийн 20 сургуулийг эрэмбэлж үзлээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ бол энэ чанарын үнэлгээний нэг л үзүүлэлт болно гэдгийг салбарын сайд онцолж байна.

Түүнчлэн дээд боловсролын сургалтын чанар, менежментийг шинэ шатанд гаргаж, монгол сургуулиудын диплом олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болох, багш бэлтгэх тогтолцоог чанаржуулах, хичээлийг нэгдмэл агуулгаар заадаг багш нарыг бэлтгэх зэрэг урагш чиглэсэн бодлогуудаа танилцуулж, багш, сурган хүмүүжүүлэгч, соёл, спортын ажилтан, албан хаагчдын санал бодлыг сонссон юм.

Цэцэрлэгийн багш нарыг компьютержуулна

Салбарын сайд орон нутгийн томилолтын хүрээнд хөрөнгө оруулалт, зарим бүтээн байгуулалтын явцыг нүдээр үзэж, тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, Дорнод аймгийн Чойбалсан хотын 12 дугаар сургуулийн дээврийн засвар, 9 дүгээр цэцэрлэгийн техник, тоног төхөөрөмж, Аймгийн нийтийн номын сангийн уншлагын танхимын засвар, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар сургуулийн сурагчдын дотуур байр, Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн засвар, 11 дүгээр цэцэрлэгийн гал тогооны зарим тоног төхөөрөмж, Завхан аймгийн Тэлмэн сумын дунд сургуулийн хичээлийн байрны засвар зэрэг аймаг бүрийн тулгамдсан асуудлыг 2020 оны төсөв, сайдын багцад суулгаж, шийдвэрлэхээр боллоо.

Томилолтын мөрөөр, салбарын яамнаас ирэх онд орон нутгийн боловсрол, соёл, урлаг, спортын байгууллагуудын тоног, төхөөрөмжийг шинэчлэх, шаардлагатай зарим газрыг унаажуулах, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах зорилт тавилаа. 

Түүнчлэн он дамжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийг 2020 онд багтаан ашиглалтад оруулж, жилээс жилд өсөн нэмэгдэж буй цэцэрлэг, сургуулийн суудлын тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл болголоо. 

Боловсролын болон санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийн дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн томилолтын баг судалж, анхаарах олон асуудалтай биечлэн танилцав. Үлдсэн хугацаанд Өмнөговь, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий аймагт ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ