МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төв аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг гардуулан өглөө
2019.10.30
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Төв аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг гардуулан өглөө

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг 2018 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганаар баталсан билээ.  Энэ хуулийн зорилт нь “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”, “Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичиг, батлан хамгаалах багц хуулиудтай нийцүүлэн улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулах юм.  Ийнхүү хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төв аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Засаг дарга Ж.Батжаргалд гардуулан өглөө.  Төв аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар, Цэргийн штабын хамт олон  Монгол Улсын анхны Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулснаа батлуулан хүлээн авлаа.

Аймаг нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө батлагдсанаар тайван цагт орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах цогц арга хэмжээ хэрэгжиж эхлэх юм. Орон нутагт орон нутгийн томилгоот нэгжүүдийг байгуулж удирдлага, бие бүрэлдэхүүний сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж, орон нутгийн хамгаалалтын нөөцийг бүрдүүлж онц болон дайны байдал үүссэн үед нутаг дэвсгэрийн зарчмаар орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах нөхцөл боломж бий болох юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  Төв аймагт ажиллах үеэр Хуурай замын цэргийн командлалын ажилчдын 30 айлын орон сууцны барилгын ажилтай танилцаж тулгамдсан зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, гүйцэтгэл нь 70 хувьтай яваа барилгын дулааныг хамгийн ойрын худгаас богино хугацаанд авах боломжийг шийдвэрлэж өглөө.

Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын захиалгаар “БУТОЗМ” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байна. Ирэх оны 6 дугаар сард ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа ч үүссэн нөхцөл байдлаар шалтгаалан хугацаанаас нь өмнө ашиглалтанд оруулах болоод байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ