МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Чиний боловсрол- Монголын ирээдүй” уулзалтад 1200 гаруй оюутан оролцлоо
2019.11.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Чиний боловсрол- Монголын ирээдүй” уулзалтад 1200 гаруй оюутан оролцлоо

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх их, дээд сургуулиудын манлайлагч шилдэг оюутнуудтай “Чиний боловсрол-Монголын ирээдүй” чөлөөт уулзалт ярилцлагыг Соёлын Төв өргөөнд хийлээ.

Энэхүү уулзалтад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шилдэг 20 их, дээд сургуулийн оюутнуудын төлөөлөл, их дээд сургуулиудын удирдлага, Боловсролын салбарын төрийн захиргааны байгууллагуудын удирдлага болон тус салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм. 

2019 оны хичээлийн шинэ жилийн тоон дүн мэдээгээр Улаанбаатар хотод 210.000 орчим оюутан залуус суралцаж байна. Монгол Улсын ирээдүй болсон оюутан залуучуудтай бодит харилцааг үүсгэж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс боловсролын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах, тэдний эрх ашиг, хүсэл эрмэлзэлд тулгуурласан санал, санаачлагыг төрийн бодлогод тусгах, оюутан залуучуудын сурч боловсрох нөхцлийг нэмэгдүүлэх энэхүү уулзалтын зорилго оршиж байгаа гэнэ.

Арга хэмжээний эхэнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар их, дээд сургуулиудын орчин үеийн шинжлэх ухааны оргил бүтээлүүдийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Оюутнууд юу хийж бүтээж чадахаа харуулсан тус үзэсгэлэнд 15 их, дээд сургуулийн оюутнууд 70 гаруй бүтээл дэлгэсэн байна.

Мөн оюутнууд энэ үеэр бусад оюутнуудын бүтээлүүдтэй танилцахаас гадна Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилладаг 34 улсын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, БСШУСЯ-ны харьяа “Боловсролын зээлийн сан Оюутны хөгжлийн зээл”-ийг газар дээр нь олгох үйлчилгээг авлаа. 

“Чиний боловсрол-Монголын ирээдүй” чөлөөт уулзалтад МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оюутан залуучуудтай бодит харилцааг үүсгэж, Засгийн газрын зүгээс боловсролын талаар хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулсан юм. Тэрээр илтгэлийнхээ эхэнд оюутан залууст “хүн байна гэдэг ёс суртахуунтай байхыг хэлдэг гэж би бодож байгаа. Боловсролтой байх хэрэгтэй, ёс суртахуунтай байх ёстой, мэргэжилтэй байх ёстой. Хүнийг хайрладаг нандин,сайхан сэтгэлийг бие сэтгэлдээ шингээсэн байх ёстой” гэхчилэн улс эх орноо хөгжүүлэх зүрх сэтгэлтэй зөв явахын чухлыг онцлон захиж, хөгжлийн талаар үзэл бодлоо хуваалцсан юм.

“Монгол улсаа маш богино хугацаанд бид хөгжингүй улс болох ёстой. Монгол улсыг цааш нь авч явах сэхээтэн хүмүүс энэ зааланд сууж байна.Улс орны хөгжил дэвшил, ирээдүй та бүхнээс шууд шалтгаална. Улс эх орноо хөгжүүлэхэд таван зүйл дээр анхаарах шаардлагатай.Нэгдүгээрт тусгаар тогтносон Монгол улсыг тусгаар тогтносоор нь цааш нь авч явахад эрчим хүчээ эх орондоо үйлдвэрлэх ёстой. Хоёрдугаарт эх орондоо нефтээ үйлдвэрлэх. Гуравдугаарт эрүүл хүнсээр эх орноо хангах, дөрөвдүгээрт дэд бүтцийг хөгжүүлэх, тавдугаарт харилцаа холбоо, мэдээлэл технологийг хөгжүүлэх  нь нэн чухал. Мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан, энийг Монголдоо маш сайн хөгжүүлэх ёстой. Энэ таван асуудлыг Монгол улсын төр засаг та бид эх орондоо шийдэж чадвал бусад бүх зүйл дагаад хөгжинө. Та бүхний мэдлэг боловсрол ур чадвар хамгаас чухал гэдгийг тодотгоё” гэв.

Ерөнхий сайдын илтгэлтэй холбогдуулан оюутан залуучуудын төлөөлөл асуулт хариулт өрнүүлж, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оюутан залуучуудын үзэл бодлыг сонсон, тулгамдаж буй асуудлуудад тодорхой шийдэл гаргахаа илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ