МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: АМНАТ-ыг Монгол улсын хөгжил, ард түмэнд өгч байгаа татвар гэж ойлгох хэрэгтэй
2019.11.04
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Баттөмөр: АМНАТ-ыг Монгол улсын хөгжил, ард түмэнд өгч байгаа татвар гэж ойлгох хэрэгтэй

Эх сурвалж: Үндэсний шуудан, С.Батзаяа

Бид өнгөрсөн 30 жилд нийгмийн хамгааллын зөв тогтолцоог бий болгож чадсангүй


 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Парламент энэ долоо хоногт ирэх оны төсвийн төслийн хоёдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Сонгуулийн жилийн төсөв халамжид дулдуйдсан, хэт үрэлгэн, тэр хэрээр өөдрөг төсөөлөлтэй болсон гэх шүүмжлэл гарч байна. Эдийн засагчийн хувьд ирэх оны төсвийн төсөлд ямар үнэлгээ өгөх вэ?

-Монгол Улс сонгуультай, сонгуульгүй 2020 оны төсвөө хэлэлцэж батална. Ирэх оны төсөв өмнөх жилүүдийнхээс орлого нэмэгдсэн ч зарлага нь дагаад өссөн. Орлогыг 11.8, зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар тооцжээ. Алдагдлын хэмжээ 2.1 их наяд төгрөг байгаа нь ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэж байна.

Ирэх онд ДНБ-ий хэмжээ 40.7 их наяд төгрөг болж өсөхөөр төлөвлөсөн нь энэ жилийнхээс 19 хувиар өссөн үзүүлэлт. Эдийн засгийн өсөлт зургаа, инфляц найман хувь, нийт гадаад худалдааны эргэлт 14.5 тэрбум ам.доллар болж, 2019 оныхоос 3.6 хувиар өсөхөөр байгаа. Экспорт 7.8, импорт 6.7 тэрбум ам.доллар байгаагаас харахад, гадаад худалдаа 1.1 тэрбум ам.долларын ашигтай байх төсөв УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлсэн.

Төсвийн орлогын 90.3 хувийг татвараас бүрдүүлнэ. Харин нийт зарлагын 71.6 хувийг урсгал зардал эзэлж байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр, Монгол Улс орлогынхоо ихэнхийг урсгал зардалд (цалин, халаалт, дулаан, цахилгаан гэх мэт) зарцуулахаар байна. Энэ нь бусад салбарт өгөөж муу байна гэсэн үг. Нэг ёсондоо бүтээн байгуулалт, хөгжилд зарцуулах төсөв, мөнгө бага болно. Урсгал зардлын хэмжээ сүүлийн 30 орчим жилд тасралгүй өсч байгаа. Дэлхийн улс орнуудын урсгал зардал нийт олж буй орлогынхоо 50 хувиас хэтэрдэггүй. Бодлого, төлөвлөлт нь ч тийм байдаг. Гадаад худалдаа 1.1 тэрбум ам.долларын ашигтай байгаа ч Монгол Улсад үр өгөөж нь бага. Тухайлбал, Оюутолгойн зэсийн баяжмалын орлогын мөнгө Монголын банкуудаар хангалттай хэмжээнд дамжихгүй байсаар л байна.

-Урсгал зардлын хэмжээг 71 хувиас багаар тооцож болоогүй юм уу. Нөгөөтэйгүүр ирэх жил 11.8 их наяд төгрөг олж чадах уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өөдрөгөөр төсөөлөхөөс гадна экспортлох хэмжээг хэт нэмэгдүүлсэн харагдсан. Жишээ нь, бид ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж чадах эсэх нь тодорхойгүй байна шүү дээ?

-Монгол Улсын өөрийнх нь хөгжлийн потенциал асар өндөр. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс орноо төдийлэн сайн авч явж чадсангүй. Төсвийн орлого 11.8 их наяд төгрөг тийм ч их тоо биш ээ. Бидэнд байгаа боломжтой харьцуулбал харин ч маш бага тоо. Ардчилал, зах зээлд шилжсэн энэ 30 жилд бид улс орноо олигтой авч явсан бол өнөөдөр төсөв 11.8 биш 30 их наяд төгрөг хүрэх боломж хангалттай байлаа. Хамгийн голнь, баялгийнхаа менежментийг зөв хийж, эдийн засгийн өсөлт бий болгодог салбараа дэмжсэн бол өнөөдөр ийм бага тоо ярихгүй байсан.

Тэгэхээр 11.8 их наяд төгрөг гэдэг бол өөдрөг биш, харин ч гутранги төсөөлөл гэж би хэлнэ. Яагаад гэвэл, нэгдүгээрт, бид ашигт малтмалынхаа үнийг дэлхийн зах зээлийн түвшинд хүргэж, худалдаж чадахгүй байгаа. Хоёрдугаарт, татвараа бүрэн гүйцэд авч чадахгүй байгаагаас далд эдийн засаг бодитой оршсоор байна. Тийм ч учраас олон улсын санхүүгийн байгууллага (ФАТФ) манайхыг “саарал жагсаалт”-д оруулчихлаа.

Энэ нь төсөв бүрдүүлдэг голлох үзүүлэлтүүд манайд шаардлагын хэмжээнд хүрээгүй байна. Ирэх оны 11.8 их наяд төгрөгийн орлого биелэх бүрэн боломжтой. Зардлын хэмжээ яагаад бага байж болохгүй вэ, гэж та сая асуулаа. Ерөөсөө өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болгосон бүтэц, тогтолцоо нь зардлыг өндөрсгөөд байна. Магадгүй зардлын хэмжээг 20-30 хувь бууруулбал, 220 мянган төрийн албан хаагчийн тодорхой хэсгийг цомхотгож, олон сургууль, цэцэрлэг, төрийн байгууллага үүдээ барьж болзошгүй. Цаашид, Монголын төрд орлогоо нэмэгдүүлэх, урсгал зардлаа багасгах шаардлага нэн тэргүүнд байсаар байна.

-Энэ жил 9.9 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр энэ хэмжээнд хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа. Тэгэхээр ирэх онд 11.8 их наяд төгрөгийн орлогыг бодит байдалтай харьцуулахад олоход хэцүү юм биш үү. Хэдийгээр та бага тоо гэж буй ч хөрсөн дээр буухаар арай өөр харагдаад байна?

-Би үүнтэй санал нийлэхгүй. Энэ жилийн төсвийн орлого төлөвлөснөөсөө давна. Миний тооцоолж байгаагаар, хүлээж буй гүйцэтгэлээр 11 их наяд хүрнэ гэж бодож байна. Дэлхийн санхүүгийн байгууллагын гаргасан судалгаагаар, манай голлох ашигт малтмалын үнэ ирэх онд тогтвортой байхаар байна. Өөрөөр хэлбэл, алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, цайрын баяжмалын үнэ одоогийн түвшнээс буурахгүй, зарим нь харин ч өсөх хандлагатай тооцоолол байна. Тийм учраас 11.8 их наяд төгрөгийн орлогыг бүрэн олох боломжтойг дахин хэлье. Бүр нэмэгдэх боломжтой.

-За, орлогыг бүрэн олох боломжтой юм байж. Тэгвэл арай чүү олсон энэ орлогоо үр ашиггүй зүйлд хуваарилаад байгаа юм биш үү. Орон нутагт харилцан адилгүй төсөв хуваарилсан гэх шүүмжлэл гарсаар байна. Хэнтий аймгийн төсөв урд жилүүдээс яагаад эрс өсчихөв өө?

-Нэг хүнд ногдох ДНБ өнөөдөр 4000 орчим ам.доллар байна. Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад цаашид асар их мөнгө хэрэгтэй. Монгол хүний цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсаар байна. Гэвч өнөөдөр олж байгаа орлогоос хамаарч төсвийн хуваарилалт шаардлага хангахгүй байгаа юм. Сангийн яамнаас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн төслийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг УИХ-аас гарч ажиллаж байгаа. Миний бие энэ ажлын хэсгийн гишүүн. Ажлын хэсэг төсвийн төсөлд зарим өөрчлөлтүүдийг хийж байна.

Тухайлбал, нийслэлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа. Улаанбаатараас улсын төсөвт өгдөг татаасыг багасгаж, хотод өөрт нь үлдээж, нийслэлийн Засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудал ч яригдаж байна. Өнгөрсөн он жилүүдэд хот, дүүргүүдийн төрийн албан хаагчдын орон тоо 1700 хүнээр хэтэрчээ. Энэ орон тоог С.Амарсайхан гэдэг хүн нэмээгүй. Өмнөх үе үеийн Засаг даргын үед орон тоо өсчээ. Хөгжлийг дэмждэг, эдийн засгийн өсөлт бий болгодог салбарынхаа орон тоонд илүү анхаарч, өгөөж багатай ажлын байрыг цомхотгох шаардлага үүсч байна.

Хэнтий аймагт их төсөв хуваарилалаа гэх шүүмжлэл бий. Гэхдээ ажлын хэсэг энэ төсвийг зохицуулахаар ажиллаж байгаа. Чингис хаантай холбоотой дурсгал, бүтээн байгуулалт тэнд өрнөнө. Тэгэхээр ажил, амьдралтай нь холбоотой түүхийн дурсгалыг дэлхийн олон сая хүн ирж үзэх нь гарцаагүй. Чингис хаан дэлхийн хүн учраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр эдгээрийг хийх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, Монголын төрөөс зам, цахилгаан, онгоцны буудал гэх мэт дэд бүтцийн ажлыг хийнэ. Үйлчилгээний энэ мэт ажлыг хувийн хэвшил хийх нь илүү оновчтой. Нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлт, ипотек, хогийн менежмент гэх мэт асуудал хуримтлагджээ. Тиймээс Сангийн яамны оруулж ирснээс 200-300 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт нэмж, үр ашиг муутай хөрөнгө оруулалтуудыг хасах нь зүйтэй гэх саналтай байгаа.

-Ирэх оны төсвийн төсөл хэт халамжид дулдуйджээ. Бараг гурав орчим их наяд төгрөгийг янз бүрийн хэлбэрээр халамжид зарцуулахаар төсөвлөсөн байна. Тэгэхээр таны сая ярьдаг бүтээн байгуулалтад зарцуулах төсөв хумигдах нь ээ. Нэг талаараа ажил хэрэг болж хэрэгжихгүй юм биш үү?

-Бид өнгөрсөн 30 жилд нийгмийн хамгааллын зөв тогтолцоог бий болгож чадсангүй. 2020 оны төсөвт 756 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийгмийн халамжийн санд татаас болгож өгч байгаа. Энэ бол зайлшгүй шаардлагатай.

Аль ч нийгэмд мэргэжилтэй, ажиллах хүч хэрэгтэй учраас МСҮТ-д суралцаж буй оюутнуудад сард 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байсныг ирэх жилээс 200 мянга болгож байна. Монголчууд бүгд дээд боловсрол эзэмшээд ажиллаж, амьдрах боломжгүй. Аль ч улсад хүн амынх нь 10-15 хувь нь дээд мэргэжил эзэмшээд үлдэж байгаа хүмүүс нь нийгэмд баялаг бүтээдэг ажилчид байдаг. Судалгаагаар, амьдралын боломж тааруу, орон нутгаас ирсэн хүүхдүүд ихэвчлэн МСҮТ-д орж байна. Монгол Улс мэргэжилтэй ажиллах хүчээ олноор бэлтгэж, баялаг бүтээгчдийг бий болгох бодлого барьж байгаа юм. Энэ утгаараа МСҮТ-д суралцагчдад сар бүр 200 мянган төгрөг өгч байгаа нь халамж биш.

- Сангийн сайд гавьяа байгуулчихсан мэтээр ирэх онд “царцсан” бүх барилгын төсвийг өгнө гэж ярьсан. Гэтэл нэг эмнэлгийн барилга барина гэж тендер авчихаад мөнгө нь хүрсэнгүй гээд улсаас хэд дахин их төсөв нэхээд сууж буй шантааж байгаа шүү дээ. Эндээс төсвийн мөнгөн дээр нугалаа гаргаж байгаа харагддаг. Та УИХ-аас төсвийг судлах, боловруулахаар байгуулсан ажлын хэсгийн гишүүн. Уг асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Төсвийн бодлого, төлөвлөлтийн гажуудлыг өнөөдрийн УИХ, Засгийн газар бий болгочихсон юм биш. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бодлого, төлөвлөлтгүй ажилласны муу үр дүн. УИХ-ын гишүүн бүр тойрогтоо ахиу мөнгө хуваарилуулах гэж зүтгэнэ. Нэг талаараа энэ нь ч аргагүй. Гишүүд тойрогтоо ажиллахаар сонгогчдоос ийм, тийм эмнэлэг, сургууль бариулна гэдэг. Тэгэхээр улсын төсвийг хөндлөнгийн нөлөөгүйгээр Засгийн газар төлөвлөж, төсвөө оруулж ирж батлуулдаг орчныг бүрдүүлэх ёстой.

-Тэгэхийн тулд яах ёстой юм бэ?

- Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Засгийн газрын саналаар батлуулахын тулд тэд бүх бодлого, төлөвлөлт, тооцоо судалгааг маш сайн хийх шаардлагатай.

-Төсвийн тухай хуульд олон удаа өөрчлөлт оруулсан. Хууль батлагдангуут одоо яг зарчимтай явах юм байна гэж бодож байтал төд удалгүй өөрчлөлт оруулчихдаг. Өөрсдийн эрх ашигт нийцүүлдэг энэ байдал байсаар л. Таны энэ удаагийн яриач мөн үлгэр шиг сонсогдож байна?

-Монгол Улсын хөгжлийг Засгийн газар том зургаар нь маш сайн харж чаддаг байх ёстой. Тийм учраас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд томоохон өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна. Төсвийн тухай хуульдаа ч энэ асуудлыг тусгаж, хөндлөнгийн нөлөөгүйгээр баталдаг баймаар. Монголын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдал өнгөрсөн 30 жилд бидний хийсэн ажлын бодит үр дүн. “Муу нэртэй, луу данстай” социализмын үед бодлого, төлөвлөлт бүх ажлын урд явдаг байлаа.

Манайд өнөөдөр хоёр зүйл эзэнгүй байна. Нэгдүгээрт, Монгол Улсад хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан бүтэц алга. Хоёрдугаарт, Монгол Улсад худалдааны бодлого алга. Бид үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж чадах зүйлийг гаднаас авахад төлөх татвар нь өндөр байх ёстой. Гэтэл ийм бодлогогүй учраас үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байна. Ирэх онд эзэнгүй байгаа дээрх ажлыг эзэнтэй болгох шаардлагатай. 2020 оны төсвийг харахад, хөгжлийн бодлого, салбар хоорондын уялдаа гэж алга. Үүнийг Хөгжлийн яам хариуцаж ажиллах ёстой. Монгол Улсын Шадар сайд хөгжлийн бодлого төлөвлөлт, салбар дундын уялдааг хариуцаж ажиллах ёстой хүн. Өнөөдрийнх шиг аар саар зүйл хариуцаж хэрэггүй. Хөгжлийн тогтсон бодлогогүй бол их баялагтай ч колони болдог жишээ дэлхийд байна.

- Үе үеийн парламент Монгол Улс Худалдааны тухай бодлоготой болох ёстой гэж ярьсан ч ажил хэрэг болгож чадсангүй. Танай “ангийнхан”-ы нэлээд нь эдийн засагчид. Та бүхэн энэ хуулийг санаачлаад батлуулж болоогүй юм уу?

-Гадаад худалдааны тухай хуулийн хэд хэдэн хувилбар байна. Тухайлбал, гадаад худалдааг зөвхөн аж ахуйн нэгж хийнэ гэсэн хувилбар байгаа. Энэ хуулийн төслийг худалдаа эрхэлдэг хувь хүмүүс эсэргүүцдэг. Хувь хүн худалдаа хийдэг байж болно.

Гэхдээ тайлан тооцоо гаргаж, татварын байгууллагатай хамтарч ажиллах ёстой. Нэг үе хувь хүний хийсэн худалдаа, түүнийг тойрсон татварын асуудал ярвигтай байсан. Одоо мэдээллийн технологи хөгжсөн энэ үед хувь хүн, аж ахуйн нэгж алийг нь ч бүртгээд явах боломж бүрдсэн. Мөн энэ хуулиар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлээ хамгаалах асуудал яригдана. Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Худалдааны тухай хуультай болох чиглэлд ажиллана.

-Тарифын асуудлыг ярихаар татвар зайлшгүй хөндөгдөнө. Та Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан учраас зовлон, жаргалыг нь мэдэх болов уу. Манай татварын орчин иргэд, бизнес эрхлэгчдэд хэр ээлтэй юм бэ?

-2019 онд батлагдсан Татварын багц хуулиар маш сайн татварын орчин бүрдсэн. Тухайлбал, 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилд нэг удаа тайлан гаргаж, нэг хувийн татвар төлнө. Харин 1.5 хүртэл тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилд хоёр удаа тайлан гаргаж 10 хувийн татвар төлөх ч есөн хувийг нь буцааж авна. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө.

Одоо Татварын ерөнхий газар, Сангийн яам шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор дагаж мөрдөх журмууд дээр ажиллаж байгаа. Энэ хуулиар татварын хувь хэмжээг багасгаж татвар төлөгчдийн тоог нэмж, далд эдийн засгийг ил болгох зорилготой. Одоо бол 50 хүртэл сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж жилд 10 хувийн татвар төлдөг. Түүнчлэн татварт ногдох орлого нь гурван тэрбум төгрөг бол 25 хувийн татвар төлдөг байсан. Одоо зургаан тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувь төлнө.

Ингээд үзэхээр, 25 хувийн татвар төлөх аж ахуйн нэгж Монголд маш цөөхөн. Миний тооцож байгаагаар, Монголын нийт татвар төлөгчдийн 70-75 хувь нь нэг хувийн татвар төлнө, 20-25 хувь нь 10 хувийн татвар төлөхөөр харагдаж байна. Би Татварын багц хуулийн ажлын хэсгийг ахалж, УИХ-аар батлуулсан.

- Одоогийн мөрдөгдөж байгаа Татварын хуульд татварыг давхардуулж авч байгаа тохиолдол бий юу. Үндсэн хуулийн цэц АМНАТ-тай холбоотой ийм шийдвэр гаргалаа шүү дээ?

-Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-т “Ашигт малтмал худалдсан, худалдахаар, ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр төлөгч байна. Төлбөрийг борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Энэ нь Монголын ард түмэн баялгаасаа АМНАТ авах эрх зүйн орчныг үгүй хийсэн хорлонтой шийдвэр. Нөгөө талаар Монголд сахилга, хариуцлага алдагдсаны тод жишээ.

Төсөв батлах хугацаа дуусахад 14 хоногийн өмнө Цэц ийм шийдвэр гаргаж байгаа нь нэг, хоёр хүний эрх ашиг Монголын 3.2 сая хүний эрх ашгаас том болсны нэг нотолгоо боллоо. Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байж болох л байх. Харин Цэцийн гишүүдийн дээр ард түмэн, төр засаг байгаа. УИХ-ыг төлөөлж, Цэцийн хуралдаанд Б.Жавхлан гишүүн оролцсон.

Тэрбээр, нүүрсэн дээр ийм асуудал гарсан гэж ярьсан байна лээ. АМНАТ-ыг Монгол Улсын хөгжил, ард түмэнд өгч байгаа татвар гэж ойлгох хэрэгтэй. Баялагтай улсууд АМНАТ авдаг. Тухайлбал, Швед, Финлянд, Норвеги, Дани зэрэг улсын АМНАТ 24 хүртэл хувь байдаг юм билээ. Өнөөдөр зарим бүтээгдэхүүний АМНАТ-ыг нэмэх шаардлагатай гэж би үздэг. Монгол Улс 30 жил нүүрс, төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортоллоо. Үүнд нэмэгдсэн өртөг шингэх ёстой. Тэгэхээр АМНАТ-ыг түүхий эд дээр өндөр тавиад боловсруулах тутам татварыг нь багасгах бодлого баривал тухайн аж ахуйн нэгждээ ч Монгол Улсад ч ашигтай.

-Одоо мөрдөгдөж байгаа АМНАТ-ын хэмжээ бага байна гэсэн үг үү?

- АМНАТ алтнаас бусад бүтээгдэхүүнд үндсэндээ 2.5 хувь байгаа. Энэ бол өндөр татвар биш ээ. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хэрэгжвэл татвар төлөхгүй гэх мэдээлэл их явж байна. Монголын ард түмний мэдэлд байдаг баялгийг ашиглаж байгаа бол хуулиар тогтоосон татварыг төлнө. Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод болон гадаад зах зээлд худалдаж борлуулж байгаа хүнээс нэг хэсэгтээ татвар авахгүй байсан ч болно.

Харин байгалийн баялгийг түүхийгээр нь машин, вагоноор нь авч байгаа хүмүүс татвараа төлөх ёстой. Монголчууд өнөөдөр ядуу амьдарч байгаа нь олон зүйлээс хамааралтай ч зарим талаараа баялгийн менежментээ муу хийж байгаатай холбоотой. Монголчууд мөнгөтэй болох нь сайн хэрэг.

Гэхдээ Монголын ард түмний мэдэлд байдаг газрын баялгийг ачиж худалдан борлуулаад маш их мөнгөтэй болсон ч хүн бий. Тэд хуулиар тогтоосон татварыг бодитоор төлөх ёстой. Төлүүлэхийн төлөө Монголын төр ажиллана. Татварын мөнгөөр хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсролын салбараа дэмжих шаардлага байна. Татвар бол хөгжлийн үндэс. Татвар авахгүйгээр хөгжсөн улс дэлхийд алга.

ШИНЭ МЭДЭЭ