МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эцэг эх асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх талаар зөвлөлдлөө
2019.11.11
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Эцэг эх асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх талаар зөвлөлдлөө

Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бий болсон сайн туршлагаас харилцан суралцаж, боломжит санааг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөлдөх зорилгоор БСШУСЯ, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх арга зам” зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.  

 

Уулзалтад аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга, СӨБ болон хүүхдийн хөгжил төлөвшил хариуцсан мэргэжилтэн, Өвөрхангай, Ховд, Завхан, Баянхонгор аймгийн сургуулиуд, ЗДТГ, эцэг эхийн төлөөлөл оролцон харилцан суралцах арга зүйд суралцаж, сайн туршлагыг тогтоох, нутагшуулах төлөвлөгөөг боловсруулах, түүнийгээ хэрэгжүүлэх талаар суралцлаа.  

  Арга хэмжээний үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх арга зам” сэдвээр илтгэл тавьж, эцэг эхчүүд сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэхэд анхаарах, багш сургуулийн удирдлага илүү санаачилгатай ажиллах, гэрээний үүргээ аль аль тал нь биелүүлж ажиллахыг санууллаа.

  БСШУСЯ-наас 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилт тавин, “Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд баримтлах чиглэл“, “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд баримтлах үлгэрчилсэн чиглэл”-ийг тус тус Сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж байна.

 Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд эрсдэлд өртөх нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд цэцэрлэг, сургууль, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хэн нь юу хийх, ямар үүрэг хүлээхийг тодорхой болгож, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээний үлгэрчилсэн загвар”-ыг 2019 оны 8 дугаар сард баталсан. Гэрээ нь цэцэрлэг, сургуулийн орчинд (i) хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, (ii) эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналтыг сайжруулах, (iii) хүүхдийн сурч хөгжих эрхийг хангах чиглэлээр талууд хамтран ажиллахад чиглэгдсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ