Хөвсгөл аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарын ажилтнуудтай уулзалт хийлээ
Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар энэ амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллалаа.
Тэрээр Хөвсгөл аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарын ажилтнуудтай уулзалт хийж өөрийн салбарын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Хөвсгөл аймгийн хувьд Хөгжимт драмын театрын барилгыг цаашид ашиглах боломжгүй болсон тул шинээр драмын театр барих, спорт, соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг Спортын ордонд их завсар хийх, сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчдыг компьютер, нөүтбүүкээр хангах, аймгийн музейн барилгыг шинээр барих зэрэг олон тулгамдаж байгаа асуудлуудыг анхаарч ажиллах талаар хүсэлт тавилаа.
Энэхүү хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын харьяа “Спортын ордон”-ы их засварын ажлыг 2020 онд хийж гүйцэтгэхэд төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Уулзалтанд Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд болон боловсрол, соёл, урлагийн салбарын ажилтнууд оролцлоо. Мөн энэ үеэр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарт компьютер, нөүтбүүк олгох асуудалд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдсэн юм.