МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна
2019.11.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг төр засгийн шийдвэр, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн шийдвэрийн биелэлт, орон нутгийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилгоор өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Түүнийг БСШУСЯ-ны сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн, Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны секторын эрхлэгч У.Таяа нарын албаны хүмүүс дагалдан явна.

Тэрээр Өлгий сумын ерөнхий боловсролын хоёрдугаар болон тавдугаар сургууль, хоёрдугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа, тус сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт барьж буй сургууль, цэцэрлэгийн цогцолбор, наймдугаар багт барьж байгаа цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцав. Мөн аймгийн Хөгжимт драмын театрт боловсрол, соёл, спортын салбарын ажилтан албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-аас батлан гаргасан боловсрол, соёл, спортын салбартай холбоотой хууль тогтоомж, Засгийн газар болон салбарын яамнаас багш нарын ачааллыг багасгах, чадваржуулах, цалин хангамжийг нь нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Харин багш нарын зүгээс тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдэд зориулж хос хэлний сургалтын хөтөлбөр баталж, сурах бичиг боловсруулах, зарим сургууль,  цэцэрлэгүүдийн барилгад засвар хийх, сургуулийн сандал ширээг Улаанбаатар хотоос тээвэрлэхэд өртөг нь өндөр гарч байгаа тул орон нутагт үйлдвэр барих, гал тогооны тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг тавилаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дээрх саналуудыг судалж үзсэний үндсэнд Засгийн газар, яамны түвшинд шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ