2019.11.28
Орон нутгийн хөгжил
Ё.Баатарбилэг сайд Увс аймгийн Тариалан суманд ажиллав
УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг төр засгийн шийдвэр, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн шийдвэрийн биелэлт, орон нутгийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилгоор алслагдсан аймаг сумдуудад томилолтоор ажиллаж байгаа билээ.
Тэрээр Монгол бахархлын өдрөөр Увс аймгийн Тариалан суманд ажиллаж, ерөнхий боловсролын сургууль, сурагчдын дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.
Урлагийн авьяастнууд, эрдэмтэн төгсөгчдөөрөө бахархдаг Тариалангийн сургууль 80 жилийн ойгоо угтаж "Бахархлын өргөө"-тэй болох төслөө танилцуулсныг салбарын сайд дэмжихээ илэрхийллээ. Мөн шинээр баригдах цэцэрлэгт шаардлагатай эд зүйлс, тоног төхөөрөмжийг сайдын багцад багтааж шийдвэрлэнэ гэв.
Монгол соёлын өв бий биелгээгээрээ алдартай Хотон ястны өлгий Тариалан сумын дунд сургуулийн сурагчид "Чингис" дуугаар мэндчилж, бий биелгээн үзүүлбэрээр бэлэг барив.