МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд сайдын нэрэмжит грант хүртлээ
2019.12.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд сайдын нэрэмжит грант хүртлээ

Монголын Залуу эрдэмтдийн холбоо “Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр 15 дахь жилдээ зохион байгуулж, 100 гаруй залуу судлаачид бүтээлээрээ уралдан 14 залуу судлаачийг шилдгээр шалгарууллаа.

Судлаачдын грантыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гардуулж, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал М.Тунгалаг нар уг ёслолд оролцлоо.

Мэдлэгийн эдийн засаг, инноваци, мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн эдийн засаг, инновацийн судалгааны үр дүнг хэлэлцдэг “Эдийн засаг, менежмент”-ийн салбар хуралдааныг шинээр бий болгож 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулснаараа Хүрэлтогоотын эрдэм шинжилгээний бага хурал онцлогтой боллоо.

СУДАЛГААНЫ БҮТЭЭЛЭЭРЭЭ ШИЛДГЭЭР ШАЛГАРЧ САЙДЫН НЭРЭМЖИТ ГРАНТЫН ЭЗЭД БОЛСОН ЗАЛУУ СУДЛААЧДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

1. ШУА-ийн харьяа Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Уламбаяр “Улаанбаатар хотын халианы асуудалд /Баянзүрх дүүргийн 10-р хорооны жишээн дээр/”, 

2. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш Б.Нацагдорж “Lithological mapping by using aster data in the Ih-Ulziit area Umnugobi province”, 

3. ШУА-ийн харьяа Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Баасантогтох “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэгчийн нийгмийн дүр төрх”, 

4. Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд “Хавцгайтын амны хадны зураг дахь Монгол гүрний үеийн өвөрмөц дүрслэлийн тухайд”,

5. ШУА-ийн харьяа Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан З.Өнөдбаясгалан “Монгол орны аргаль хонь (Ovis ammon)-ны популяциудыг мтДНХ болон SRY генийн хэсгүүдээр харьцуулан судалсан нь”, 

6. Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Ариунболд “Бог малын мялзан өвчний ийлдэс судлалын оношлуур бэлтгэн туршсан нь”, 

7. "Ач" Анагаах ухааны их сургуулийн Физиологи, Молекул биологийн тэнхимийн багш Б.Анужин “Жижиглэнгийн худалдаанд зарагдаж байгаа түүхий маханд Staphylococcus aureus-ийг илрүүлж, эмэнд тэсвэрт байдлыг тодорхойлсон дүн”, 

8. АШУҮИС-ийн Цус судлалын тэнхимийн дадлагажигч багш Н.Мөнх-Эрдэнэ "FLT3-ITD эерэг лейкемийн эсүүдийн цитарабины тэсвэржилтэнд эсийн гаднах орчин болон Хувиргагч өсөлтийн хүчин зүйлийн эмгэг жамын үүрэг", 

9. Голомт банкны Эдийн засаг судалгааны албаны макро шинжээч Х.Билгүүн “Төсөв ба мөнгөний бодлогын хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөг шалгах нь”, 

10. "Lub Mongolia" ХХК-ний санхүүгийн шинжээч О.Лувсанжамц “Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн тайлангийн хяналтыг сайжруулах боломжийн судалгаа”, 

11. ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г. Одонтуяа “Цэнхэрийн халуун рашааны гидрохимийн болон молекул динамик симуляцийн тооцоолол хийх судалгаа, түүний ашиглалтын технологи”, 

12. ШУА-ийн харьяа Математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгонсувд “Хиймэл нейроны сүлжээний аргаар цаг уурын мэдээлэлд үндэслэн агаарын чанарыг урьдчилан таамаглах нь”, 

13. ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш Э.Энхсайхан “Automation control of unmanned distributed generation with synchronous generators”, 

14. ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш Х.Батбаяр “In field measurement of whole-body 3D kinematics in cross-country skiing using wearable inertial measurement unit sensors”

ШИНЭ МЭДЭЭ