МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2019.12.18
Улстөр

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.18\ нэгдсэн хуралдаан 15 цаг 35 минутанд 50.7 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай  хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ..

Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд 2005, 2011 онуудад шинэчлэн баталж байв. Хамгийн сүүлд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь тусдаа, бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулсан бөгөөд уг хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа, нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгож, сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдах, иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээх, сонгуулийн сурталчилгаанд сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим орчин ашиглахдаа төлөх төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байх, сонгуулийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг саналуудыг дэмжсэнийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ.

Мөн Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй намуудаас ажлын хэсэгт ирүүлсэн саналуудаас Байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Улсын Их Хурлын даргын захирамжаар хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулж ажиллуулсан байна. Ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаа хуралдаж, Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй намуудаас ирүүлсэн саналуудыг судалж төсөлд тусгахад анхаарч ажилласан байна.ТББХ-ны санал дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авч, 50:26 буюу 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүнийг том тойрог буюу улс нэг тойрог болж сонгох хувилбарыг дэвшүүлээд байв. Харин хэлэлцүүлгийн явцад МАН-ын Удирдах зөвлөл, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуулийн төслийн энэ хувилбар нь нэг талаас Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна, хоёрт, иргэд сонгогчдын зүгээс намын ард нуугддаг систем хэвээр байна гэсэн шүүмжлэл ихээхэн гарч байна гэсэн үндэслэлээр төсөлд тусгагдсан 50:26 гэсэн сонгуулийн тогтолцоог дэмжих боломжгүй гэж үзээд 1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгож, хуульдаа тусгахыг дэмжээд байгаа юм.

Энэ зарчмын үндсэн дээр ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг “Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэж, төслийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг “Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана” гэж тус тус өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 36 нь буюу 69.2 хувь нь дэмжлээ. Төслийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсгийг “Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг “Нам, эвсэл Монгол Улсын Их Хурлын сонгуульд 76-аас илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ” гэж, төслийн 32 дугаар зүйлийн 32.1 хэсгийг “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн бие даан нэр дэвшиж болно” гэж, төслийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг “Сонгогч саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө” гэж, төслийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн 75 дугаар зүйлийг “75.1.Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана. 75.2.Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно. 75.3.Сонгуулийн ерөнхий хороо нь энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. 75.4.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Хуулийн төслийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах ажлын өдөр сэргээнэ” гэж өөрчлөх саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар уг саналыг эргэн харж сайн нягтлах шаардлагатайг хэлж байв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Б.Ундармаа,  Д.Эрдэнэбат нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй 54, найруулгын 4 саналын томьёолол, мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн талаарх  саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэлээ.

Үүгээр Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж дуусган хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ