УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.19/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг өөрчилсөнтэй холбогдуулан албан тушаалтнуудын авлигал, хээл хахууль, улсын хөрөнгө мөнгийг завшсан асуудлууд замхраад байна. Хэрэгсэхээ больсон. Зарим хүмүүс “Хуулиар тогтоосон хугацаанд асуудал шийдэгдээгүй бол ямар ч ярих юм байхгүй” гэсэн тайлбар өгөөд явж байгаа. Зарим нь хөөн хэлэлцэх хугацаагаар ялгүй болчихоод “Намайг хэлмэгдүүлсэн.
Би огт гэм зэмгүй” гээд яриад байгаа. Өмнө нь хэрэгт татагдсан хүмүүсийн асуудлыг сэргээж авч үзнэ биз дээ. Үүн дээр байнгын хорооны дарга боломжтой бол тодорхой хариулт өгмөөр байна. Иргэд олон нийтийн хүлээж байгаа зүйл бол яагаад улсын хөрөнгө мөнгийг завшаад алга болчихсон хүмүүс ял авдаггүй юм бэ, яагаад тэр хөрөнгө мөнгийг нь төлүүлдэггүй юм бэ гэдэг зүйл байна. Шоронд нь хатаагаад шонд дүүжилдэггүй юм аа гэхэд тэдний завшсан хөрөнгө мөнгийг улсад төвлөрүүлээч.
Хуучин тогтолцооны үед Монгол Улсыг цоо шинээр байгуулсан ахмадууд байна. Энэ хүмүүс аргагүй амьдралын эрхээр арилжааны банкуудаас тэтгэврийнхээ зээлийг хэдэн сар, жилээр нь авчихсан. Энэ хуримтлагдсан их дарамт, өр нь үр хүүхдэд нь дамжаад үлдэж байна. Энэ тэтгэврийн өрийг тэглэж өгөөч. Намайг хуулийн төсөл санаачил гэдэг шаардлагыг тавьсан.
Би тэр хуулийн төслийг санаачилья гэж бодож байгаа. Миний санахад Содбилэг гишүүн тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой судалгааг 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд нэлээд олон баримттай хийж байсан. Тэр судалгааны материалууд хаана байна. Сангийн сайд байвал энэ бүх асуудлыг ямар нэгэн байдлаар шийдмээр байна. Иргэд зүй ёсны шаардлага тавьж байгаа. Улсын хөрөнгө мөнгийг завшсан хүмүүсээс хөрөнгө мөнгийг нь төвлөрүүл. Улсыг хохиролгүй болго.