IPTV үйлчилгээ эрхлэгчид үзэгчээс авсан хураамжийнхаа тодорхой хувийг контент үйлдвэрлэгчидэд өгнө
2019.12.25
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

IPTV үйлчилгээ эрхлэгчид үзэгчээс авсан хураамжийнхаа тодорхой хувийг контент үйлдвэрлэгчидэд өгнө

Монголд телевиз хэмээх мэдээллийн хэрэгсэл үүсэж хөгжөөд 59 жил өнгөрчээ. Энэ хугацаанд улам бүр олширон хөгжиж байгаа ч салбарын эрх зүйн зохицуулалтын хуульгүйгээр өнөөдрийг хүрсэн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эцэслэн баталлаа.

Уг хууль нь өргөн нэвтрүүлгийн сувгаар мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээ цацдаг телевизүүд, тэдгээрийн бүтээлийг хэрэглэгчдэд дамжуулах үйлчилгээ эрхэлдэг UNIVISION, SKYMEDIA, DDISH TV зэрэг компани, хэрэглэгчийн хоорондын зах зээлийн харилцааг зохицуулах зорилготой юм.

Хуулийн зохицуулалтгүйгээс болоод телевизийн салбар контентоо /уран бүтээлээ/ дамжуулагч байгууллагуудад үнэгүй нийлүүлдэг. Гэтэл бусдын оюуны өмч, бүтээл, хөдөлмөрийг үзэгч, хэрэглэгчид түгээн, дамжуулан, худалдаж байгаа IPTV үйлчилгээ эрхлэгчид үзэгч, хэрэглэгчээс төлж буй бүх хураамжийг өөртөө авдаг байх нь шударга биш юм. Энэ нь Оюуны өмчийн тухай хуулийг зөрчиж байна гэдгийг ч холбогдох байгууллагууд тогтоосон байна.

Улсын Их Хурлаас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан боловч уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэгдсэн.

Гэтэл өнөөгийн байдлаар,

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, Радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс

  • Улаанбаатар хотод 29,
  • орон нутагт 66,

Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

  • Улаанбаатар хотод 77,
  • орон нутагт 8,

Олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч

  • Улаанбаатар хотод 16,

Хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч

  • Улаанбаатар хотод 1,
  • орон нутагт 50 байна.

Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа болон хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан хэрэгцээ, шаардлагыг харгалзан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

ХУУЛИЙН ТӨСӨЛ НЬ 8 БҮЛЭГ, 33 ЗҮЙЛТЭЙ БӨГӨӨД ТӨСӨЛД ХУУЛИЙН ЗОРИЛТ, ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ, ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ, ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ, ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД БАРИМТЛАХ ЗАРЧИМ, ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРЛИЙГ НАРИЙВЧЛАН ТУСГАЖ ӨГСӨН.

Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах үндэслэл, хураамж, тусгай зөвшөөрлийн хугацаа, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон дуусгавар болох үндэслэл, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглох зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч болон радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага, өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагууд, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд хориглох зүйлийг нарийвчлан зааж өгсөн байна.

Тухайлбал, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь

  • үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл агуулсан мэдээ, хөтөлбөртэй байх;
  • зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, бусдын бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нэвтрүүлж, дамжуулах;
  • өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах,
  • олон суваг дамжуулах, олон нийтийн радио, телевизийн, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байх
  • гамшгийн аюул болон гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй, шуурхай нэвтрүүлэх;
  • хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулгатай нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киног дамжуулахдаа нэвтрүүлэх цагийн зохицуулалт хийх, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоох;
  • нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан байх;
  • хөтөлбөр дэх нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа тодорхой байх;
  • дамжуулж байгаа гадаад улсын нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байх зэрэг шаардлагыг хуулийн төсөлд тусгажээ.
  • Мөн хуулийн төсөлд төрийн байгууллага, албан хаагч, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх ажилтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч мэдээ, нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг хориглохоор зохицуулсан байна.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын зарим засвар оруулсан гэдгийг хэлж байлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ: Хуулийн төсөл нь үйл ажиллагаа явуулж байгаа 140 гаруй телевизийн тоог цөөлөх бус нэвтрүүлгийн чанарыг сайжруулах, сайн контентыг үнэлэхэд чиглэсэн. Ингэснээр телевизүүд гадаадын бэлэн контентыг худалдаж авах бус өөрсдөө сайн нэвтрүүлэг хийж, үзэгчдийг татдаг энэ хэрээр санхүүждэг олон улсын жишигт нийцүүлнэ гэдгийг онцолсон.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:  Хууль батлагдан гарснаар телевизээр дандаа олон ангит кино, улс төрчид гардаг нь болих байх гэж найдаж байна. Мэдээгээр дандаа улс төрчид гарна мэдээний дараа том том ярилцлагуудаар улс төрчид гардгийг багасгах уу? гэдгийг тодруулж Телевизүүд баталгаатай эх сурвалжтай мэдээллээр үзэгчдээ хангах хэрэгтэй. Баталгаатай мэдээлэл гаргавал хүн их үздэг болно гэдгийг хэллээ.

Ажлын хэсгийн зүгээс хуулийн төсөлд 20.3-т Энэ хуулийн 20.2.2-т заасан төлбөрийн хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгчийн телевизийн үйлчилгээний хураамжийг 20 хувиар нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна гэж заасан байгаа. Мөн Сангийн хөрөнгө нь улсын төсөв, чанар, стандартын шаардлагыг хангасан өргөн нэвтрүүлгийн төрөл бүрийн оюуны бүтээлийн дамжуулж байгаа үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээг авч байгаа хэрэглэгчийн төлбөрөөс бүрдэнэ гэж тусгасан байгаа. Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн стандартад +6,+12,+18 гэж нас заасан байдгийг дурдаад хүчирхийлэл, гэмт хэргийг сурталчилсан нэвтрүүлэг цацахыг өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд хориглосон гэж байв.

Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ үзэх шаардлагагүй сувгаа хэрэглэгч нь өөрөө хасдаг болох, телевизүүдийн санхүүжилтийн схемийг зөв болгох, үзэгчдийн төлөх төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдэх шаардлагатай гэж байлаа. Түүнчлэн үндэсний контент бэлтгэж байгаа телевизүүдийг эрэмбэлдэг болох, түүх, ёс заншил, боловсрол, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний контентын бодлоготой байх, энэ асуудалд төрөөс тодорхой хэмжээгээр дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Хууль батлагдсанаар гарах үр дүн

Телевизүүдийн нэвтрүүлгийг дахин дамжуулагч UNIVISION, SKYMEDIA, DDISH TV зэрэг компаниуд сар тутамд үзэгч, хэрэглэгчээс хураан авч буй үйлчилгээнийхээ хөлсний тодорхой хувийг контент үйлдвэрлэгчдэд өгдөг байх эрх зүйн орчин шинэ хуулийн хүрээнд бий болох юм.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ШИНЭ МЭДЭЭ