МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бүгд Найрамдах Киргиз Улсын Тээврийн дэд сайд Ж.А.Ногойбаевыг хүлээн авч уулзлаа
2019.12.27
Гадаад харилцаа

Бүгд Найрамдах Киргиз Улсын Тээврийн дэд сайд Ж.А.Ногойбаевыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Киргиз Улсын Тээврийн дэд сайд Ж.А.Ногойбаевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энх-Амгалан сайд уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тус улсад хийсэн албан ёсны айлчлал болон БНКУ-ын нийслэл Бишкек хотноо саяхан болж өнгөрсөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит 3 дугаар хуралдаан 5 жил завсарласны эцэст амжилттай зохион байгуулагдсаныг онцлон тэмдэглэв.  

Уг хуралдаанаар зам тээвэр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, санхүү, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцон, ойрын жилүүдэд эдгээр салбарт хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, протокол байгуулсан билээ.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд нэн тэргүүнд эдийн засаг, бизнесийн форум зохион байгуулах талаар санал солилцов. Мөн ойрын хугацаанд шууд нислэгтэй болох тухай ярилцаж, ингэснээр хөдөө аж ахуй, аялал жуулчлал, шинжлэх ухаан, урлаг соёлын салбарын хамтын ажиллагаанд томоохон дэвшил гарна хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.  

ШИНЭ МЭДЭЭ