2019.12.02
Эдийн засаг, Худалдаа
Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Төрийн бус байгууллагын тухай бие даасан хууль 1997 онд батлагджээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр 1998 онд 1075 ТББ бүртгэлтэй байсан бол 2019 оны 6-р сарын байдлаар 21040 болсон байна. Түүнчлэн 2017 оны байдлаар Монгол Улсад гадаадын ТББ-ын болон олон улсын байгууллагын нийт 90 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна.
Ийнхүү ТББ-уудын үйл ажиллагаа нэлээд өргөн хүрээг хамарч, жилээс жилд хүрээгээ тэлж байгаа мэт боловч бэрхшээлтэй олон асуудал хуримтлагджээ. Тиймээс Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчилж, Нийтэд тустай үйл ажиллагааны тухай, Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөснийг нэгтгэн Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд:
-Ашгийн бус хуулийн этгээдийн төрлийг Холбоо, Сангийн хэлбэртэй байхаар тодорхойлж, бүтэц, зохион байгуулалт, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан
-Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг аливаа татварын өргүй 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байгуулж болох, хуулийн этгээдийн хувьд төрийн байгууллага, улсын төсөвт болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газраас бусад хуулийн этгээд үүсгэн байгуулж болох бол, гадаад улсын иргэн харьяалалгүй хүний хувьд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй этгээд байх
-Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалд төрийн үйлчилгээний албан тушаалтнаас бусад төрийн албан тушаалтан, улс төрийн намын удирдлага, намын санхүүгийн албаны дарга, ерөнхий менежер, түүнтэй адилтгах албан тушаалтан ажиллахыг хориглох
-Холбоо нь үйл ажиллагаа явуулах хүрээнээсээ хамаарч нийгэмд, эсхүл гишүүддээ үйлчилдэг, харин Сан нь санхүүжилтийн хэлбэрээсээ хамаарч нийтийн болон хувийн сан гэсэн төрөлтэй байх
-Төр болон ашгийн төлөө бус хуулийн этгээлийн харилцаанд баримтлах зарчим, хамтран ажиллах хэлбэрийг тогтоож, улмаар төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тогтоох
-Төрөөс ашгийн төлөө бус хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэг нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, мөнгөн тусламж, төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулахаас гадна тодорхой чиг үүргийг шилжүүлэх хэлбэрээр хэрэгжих бөгөөд эдгээр дэмжлэгийг тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд олгох зэрэг шинэлэг зохицуулалтууд тусгагдсан байна.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
“Хуулийн цаг” УИХ-ын дарга Г.Занданшатар
2024.05.15
Онцлох зочин: УИХ-ЫН дарга Г.Занданшатар
2024.04.09