МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БСШУС-ын сайд 2019 онд 25000 километр зам туулж 21 аймагт ажиллажээ
2019.12.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

БСШУС-ын сайд 2019 онд 25000 километр зам туулж 21 аймагт ажиллажээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны тайлангийн хурал боллоо. Салбарын сайд Ё.Баатарбилэг “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2019 оны үйл ажиллагаа, хүрсэн үр дүн” сэдвээр тавьсан илтгэлдээ 2019 онд гурван зорилт дэвшүүлэн ажилласнаа тодотгож, хэрэгжилтийг танилцуулав.

Салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд урьд жилүүдээс гурав дахин их ачаалалтай ажиллаж, Засгийн газрын хуралдаанаар 90 асуудал хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоол, тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж гаргуулсан байна. Түүнчлэн тус салбарын боловсруулж, өргөн мэдүүлсэн хоёр хууль Улсын Их Хурлаар батлагдаж, гурван хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх”, “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хүрээнд салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлж ажилласнаар сүүлийн 10 жилийг харьцуулахад хамгийн их бүтээн байгуулалтыг 2019 онд хийжээ.

Он эцэслэх энэ өдрүүдийг хүртэл 76 цэцэрлэг, 46 сургуулийг ашиглалтад авснаар цэцэрлэгийн ор 10020, ерөнхий боловсролын сургуулийн суудал нэг ээлжиндээ 17790-ээр нэмэгдэв. Түүнчлэн Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр зэрэг шинэ барилгуудын санхүүжилт 2020 оны улсын төсөвт суусан нь соёлын салбарын хувьд түүхэн бүтээн байгуулалтын эхлэл гэдгийг онцоллоо.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд салбарын ажлын уялдаа холбоог сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд 21 аймаг, алслагдмал хоёр дүүрэгт биечлэн ажиллаж, 15000 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, судлаач, соёл, спортын салбарын ажилтан албан хаагчидтайгаа уулзсан байна. Мөн Монголын багш нарын VII их хурал, Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурлуудыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, хурлуудын мөрөөр Засгийн газрын тогтоол гарч, салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ахиц авчирсан жил болсныг онцолж байна.

Салбарын сайд Япон, ОХУ, БНХАУ, АНУ-д ажлын айлчлал хийж, ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Шинжлэх ухаан, техникийн асуудал хариуцсан сайд нарын уулзалт, Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хуралдаан зэрэгт оролцож, салбарын хамтын ажиллагаанд шинэ хуудсуудыг нээж ажилласан байна.

Хурлын төгсгөлд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар 2019 онд салбартаа үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг салбарын шагналаар шагнаж, ажилд нь амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ