МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Би ажил авснаасаа хойш Капитал банкинд нэмж мөнгө байршуулаагүй
2020.02.17

С.Чинзориг: Би ажил авснаасаа хойш Капитал банкинд нэмж мөнгө байршуулаагүй

Эх сурвалж: Өглөөний сонин, Ж.Баяр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Таныг Капитал банкийг дампуурахыг мэдсээр байж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг татаж аваагүй гэсэн мэдээлэл гарч байна. Банк эрсдэлтэй болсон гэдэг нь 2018 оны сүүлээр мэдэгдэж байсан юм биш үү?

-2008-2012 онд хүүгийн орлогоор 47 тэрбум төгрөг олж байсан. 2012-2016 онд 260-аад тэрбум төгрөгийн орлого олсон. Орлого ийм их өссөн байхад тухайн үеийн удирдлагуудыг буруутгалаа гэсэн зүйлийг яриад байх шиг байна. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг татаж аваагүй нь С.Чинзоригийн буруу гэж хэлээд байгаа. Намайг сайдаар томилогдож ирэхэд нийт арилжааны банкинд 570-аад тэрбум төгрөг байршсан байсан. Эдгээр хөрөнгийн 31 хувь буюу 238 тэрбум төгрөг нь Капитал банкинд байршуулсан байсан. Тодорхой хэмжээний хууль, дүрэм зөрчөөд зөвхөн нэг банкинд Нийгмийн даатгалын сангийн 31 хувийг байршуулсан байсан нь энэ хөрөнгө эрсдэлд орох нөхцөл байсан гэж үзэж байгаа. З.Энхболд дарга гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд татаж авах боломж байсан гэж ярьсан байна лээ. Гэрээний нөхцөлийг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд үл маргах журмаар хөрөнгөө татаж авна гэсэн гэрээний заалт байгаа. Энэ зүйл заалтыг хэрэгжүүлэх үүднээс тухайн үед Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банкинд удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Мөн тухайн үед Монголбанкинд байршиж байсан Капитал банкны хөрөнгийг үл маргах журмаар Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авч өгөх хүсэлтийг хүргүүлсэн. Гэтэл Монголбанкнаас “Энэ манай оролцох асуудал биш. Бидэнд тийм эрх байхгүй” гэдэг хариу өгсөн. Гэрээнд сангийн хөрөнгийг үл маргах журмаар татаж авна гэж заасан боловч зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банкны хооронд хийгдсэн гэрээ байна. Өөрөөр хэлбэл, иргэний гэрээ учраас Монголбанкинд байршиж байгаа Капитал банкны данснаас Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг татах хууль эрх зүйн боломж байхгүй гэсэн хариу өгч өнөөдрийг хүрсэн.

-Та Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс Капитал банкинд нэмж байршуулсан уу. Мөн тус банкинд мөнгө байршуулах гэрээг сунгасан гэдэг утгатай мэдээлэл гарсан?

-2017 оны аравдугаар сард намайг сайдаар томилогдож очиход Капитал банктай холбоотой гэрээ нь дуусчихсан, 70 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл Капитал банкны харилцах дансанд байршиж байсан. Тухайн үед би Капитал банкны эдийн засгийн асуудал хүндэрч байгаа учраас гэрээ сунгахгүй гэсэн байдалтай 2018 оны тавдугаар сар хүртэл явсан. Дараа нь Нийгмийн бодлогын байнгын хороон дээр гарсан ажлын хэсэг Капитал банкны харилцах дансан дээр их хэмжээний мөнгө таван хувийн хүүтэй байршиж байна. Тиймээс Капитал банкнаас мөнгөө татаж авч чадахгүй бол хүүгийн орлогын алдагдал хүлээхгүй байх нь зүйтэй. Мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулж арга хэмжээ ав” гэдэг чиглэл өгсөн учраас харилцах дансанд нь байсан 70 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах гэрээ байгуулсан. Түүнээс Капитал банкинд шинээр НДС-гийн хөрөнгийг нэмж байршуулсан асуудал байхгүй. Авч чадахгүй харилцах дансанд нь таван хувийн хүүтэй байршиж байсан мөнгийг л хүүгийн алдагдал хүлээхгүй байя гэдэг зорилгоор 15 хувийн хүүтэй болгож хадгаламжийн данс руу шилжүүлэх арга хэмжээ авсан.

-Нийгмийн даатгалын сангийн дарга байсан Уртнасанг л хэлмэг­дүүлчихлээ гэж үзээд байх шиг байна л даа?

-Би хувь хүний зүгээс, ХНХ-ын сайдын хувьд ямар нэгэн байр суурь илэрхийлж болохгүй шүү дээ. Асуудал байгаа болоод л хуулийн байгууллагад шалгагдаж байгаа байх гэж бодож байна.

-Төр энэ мөнгөө олж авах талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Капитал банкинд байршуулж байсан төрийн мөнгийг иргэдийн хадгаламжтай адилтгаж авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Тэгээд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Нийгмийн даатгалын ерөнхий газар өргөдөл гаргасан байгаа. Энэ шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна. Шүүх дээр үндсэндээ Капитал банкинд төрийн эрх хүлээн авагч нь НДС-гийн мөнгийг төсвийн мөнгөтэй адилтгаж үзнэ гээд төлбөр барагдуулах дарааллыг нь жаахан хойгуур тогтоочихоод байгаа юм. Бид бол иргэдийн хадгаламжтай адилтгаж үзэх ёстой гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа. Манай талд асуудал шийдэгдвэл төсвийн хөрөнгийг барагдуулах асуудлын өмнө оруулж шийдэх боломж бүрдэнэ.

-Таны гаргасан тушаал шийдвэрийн баримтуудыг үзүүлээд байгаа л даа?

-Өмнө нь байршиж байсан мөнгө дээр шинээр нэмж байршуулсан юм байхгүй.

ШИНЭ МЭДЭЭ