2020.03.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
ЭМЯ сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах санал гаргажээ
Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын зургаан тохиолдол бүртгэгдээд байгаа. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс хуралдаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-наас эхлүүлэх эсэхийг судалж, санал оруулахыг БСШУС-ын сайдад үүрэг болгосон билээ.
Харин БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас санал авч байж тодорхой шийдэл гаргана гэдгийг хэлсэн юм. Тэрээр “Бид Эрүүл мэндийн яаманд өнөөдөр хандаж байгаа. Ард иргэдийн эрүүл мэндийн нөхцөл байдал ямар байгаа, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх нь ямар нөлөөтэй зэргээр Эрүүл мэндийн яамнаас санал авна. Үүний дагуу манай яам тодорхой санал боловсруулна. Баасан гарагт Улсын онцгой комиссын хуралдаанаар асуудлыг оруулж, шийдвэрлүүлнэ” гэсэн юм.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-наас эхлүүлэх санал гаргасан байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудаст "Эрүүл мэндийн яам дөрөвдүгээр cарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ" гэжээ.
Уг саналыг БСШУСЯ судлан төсөл боловсруулж, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн эцсийн шийдвэрийг гаргах юм.