МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: Засгийн газар, хотын удирдлага УТААГ БУУРУУЛЖ чадлаа
2020.03.25
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Ж.Ганбаатар: Засгийн газар, хотын удирдлага УТААГ БУУРУУЛЖ чадлаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сонин цувралаар хүргэж байна.

Утаа мэдэгдэхүйц шингэрлээ. Зүтгэл байвал боломж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Сүүлийн 20 жил утаа ярилаа. Хэдэн зуун тэрбум төгрөг үрж, хэдэн сайд дамнаж ярьсан. Би утааны эсрэг зоримог ажилласан хүнд тал засаж байгаа юм биш. Гэтэл энэ асуудлыг У.Хүрэлсүх Ерөнхий сайд маш зоригтойгоор барьж авсан. Дөнгөж эхлэнгүүт нь угаарт хүн хордлоо, нүүрс нь хортой юм байна гэж байсан. Мэдээж үүнд иргэдийн хариуцлага чухал.

Утаа ярьж байгаа хүн гал түлж үзсэн байх ёстой. Яагаад угаар гардаг юм бэ гэдгийг ойлгосон байх ёстой. Ер нь хотын захиргаа, Засгийн газрын сүүлийн нэг жилд хийсэн дорвитой ажил нь утааг бууруулсан гэж харж байгаа. Тэгэхгүй бол замаас нь буцах хэмжээний бэрхшээл зөндөө байсан. Баянгол дүүргийн яг төвд нь дүүргийн МАНын, миний хувийн хөрөнгөөр баригдсан байр бий. Тэр байранд би долоо хоног болгон очиж хурал хийдэг.

Цонхоор нь харахад нүүрс түлж байгаа айл, шахмал түлш түлж байгаа айл шууд ялгарч байгаа юм. Онгоцоор ирж байгаа хүмүүс утаа багассан гэдгийг үнэхээр мэдэрч байгаа. Улаанбаатарыг дээрээс нь хараад хэлж байна шүү дээ. Аливаа ажлыг хийхэд эв нэгдэл чухал. “Бидний улс эв санаагаа нэгтгэн нийтийн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлвөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй гэх зүйл үгүй болж цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэж их жанжин Д.Сүхбаатарын хэлсэн үг бий.

Түгжрэлийн асуудлыг ч энэ жишгээр зоригтой шийдэх боломжтой. Зарим хүн Улаанбаатар хот сүйрч байна. Нүүхгүй бол болохгүй нь гэдэг. Бид 100 саяулаа биш. Бид гуравхан сая. Өнөөдөр Улаанбаатарыг чиглэх нүүдэл эрс багассан. Хөдөөд орон сууц барьж байна. Аймгийн төвүүд хөгжөөд эхэллээ. Энэ утгаараа Дархан хотын “Оргил” худалдааны төв бол Улаанбаатар хотын “Оргил” худалдааны төв, спорт комплексоос илүү тохитой, илүү үйлчилгээтэй. Дархан хотод бид 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Эрдэнэтэд мөн тэр дайны хөрөнгө оруулалт хийнэ. Тэгэхээр хүмүүс нэг зүйлийг сошиалаас харчихаад бодитой гэж ойлгож болохгүй. Мэдээж Улаанбаатар хотод хөрсний бохирдол, агаарын бохирдол, түгжрэл бий. Үүнийг засах бүрэн боломж байгааг утааны эсрэг ажил харуулж байна. Саяхан “Буян”-гийн Б.Жаргалсайхан өөдөө мацаж байгаа утаатай машины зураг постолсон байсан. Тэр бол яг өнөөдрийн Засгийн газрын хийж байгаа ажлыг харуулж байх шиг санагдсан. Засгийн газар утааг арилгахын тулд өдөр, шөнөгүй зүтгэж байна. Энэ ажилд иргэдийн дэмжлэг хэрэгтэй.

Үнэхээр утаа багассан гэдгийг гадны байгууллага хүртэл хүлээн зөвшөөрөөд утаатай 10 хотын жагсаалтаас хассан шүү дээ. Тэгэхээр дэлхий нийтээр бидний ажлыг үнэлж байна. Мэдээж зарцуулж байгаа мөнгөн дүн нэлээд бий. Харин үе үеийн зарцуулж байсан үр дүнгүй ажлын мөнгөн дүнгийн хажууд энэ жилийн үр дүнтэй зарцуулсан ажлын мөнгөн дүн юу ч биш. Дараагийн удаад түгжрэлийг бууруулмаар байна. Улаанбаатар хотыг тойрог замуудтай болгомоор байна. Төвд ирж ажил хөөцөлддөг биш олон төвтэй болгомоор байна. Сүхбаатарын талбайг тойроод төрийн байгууллагууд байрладгийг болих хэрэгтэй.

Төрийн байгууллага, их сургуулиуд хотын захад байрлаж болно. Баянгол дүүргээс Налайх ороход заавал Сүхбаатарын талбайгаар дайрч байна. Энэ нь түгжрэлийг бий болгож байгаа юм. Бүх зам хотын төв рүү бус хотын зах руу хөтөлдөг байгаасай гэж хүсэж байна. Нийслэлээс агаарын зам байгуулах ажил эхлүүлэх гэж байгаа нь зөв. Өмнөд Америкт агаарын энэ тээврээр бүх асуудлаа шийдсэн. Түүнийг Улаанбаатарын иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Маш хямд өртгөөр шийдсэн үлгэр жишээ улсууд бий.

Бидэнд хөгжих талбай хангалттай бий. Шинэ нисэх рүү явахад цэлийсэн талбайнууд байна. Тэнд хөрөнгө оруулалт хий. Ерөнхийлөгчийн санаачилсан “Майдар сити”-г би 100 хувь дэмжиж байгаа. Тэр асуудлыг Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээд Я.Содбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Дарханы арьс ширний үйлдвэрийн цогцолборыг ч 100 хувь дэмжиж байгаа.

Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын

2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс

ШИНЭ МЭДЭЭ