2020.04.10
Эдийн засаг, Худалдаа
Д.Тогтохсүрэн: Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлдэг баймаар байна
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2020.04.10)-ийн нэгдсэн хуралдаан 10:16 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
Алсын хараа 2050 маш олон хүн ажилласан, судалгаа тооцоо хийсэн, ирээдүйгээ олон улстай зэрэгцүүлж харахыг хичээсэн томоохон баримт бичиг болжээ. Миний санаа зовж буй зүйл бол бид томоохон баримт бичиг гаргадаг гэтэл дараагийн парламент бүрдэхээр үүнийгээ үгүйсгээд ахиад өөр баримт бичиг гаргадаг. “АЛСЫН ХАРАА-2050” төслийг тууштай хэрэгжүүлэх тал дээр ямар бодлого баримтлах вэ?
Хамгийн том асуудал бол хүн амын амьжиргааны төвшний асуудал. Бидний хөгжлийг тодорхойлох зүйл энэ. Өнөөдөр ядуурал маш их байна. Ядуурлын шалтгаан ажилгүйдэл. Ажилгүйдлийг бууруулахын тулд ямар бодлого тусгасан бэ?
Төвлөрөлтийг сааруулахгүйгээр Улаанбаатарыг задлахгүйгээр хөгжлийн тухай ярихад хүнд. Хөрс агаарын бохирдол, хүн амын болон засаг захиргааны төвлөрлийн асуудал байна. Эдийн засаг, хүн ам, засаг захиргааны төвлөрөлтийг сааруулах дээр бодлогын баримт бичигт ямар томоохон өөрчлөлтийг тусгасан бэ? Гадаргуугийн усыг ашиглах, говийг усжуулах хэрэгцээ байгаа. Гадаргуугийн усыг ашиглах тал дээр юу тусгасан бэ.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нар хариуллаа.