2020.04.17
Гадаад харилцаа
Д.Сарангэрэл НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица, ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар оролцов.
Уулзалтын эхэнд НҮБ-ын Суурин төлөөлөгч ноён Тапан Мишра Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хандан Коронавируст халдварын цар тахлын эсрэг арга хэмжээг манлайлан зохион байгуулж, шийдэмгий арга хэмжээнүүдийг цаг алдалгүй, үр дүнтэй авч хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг сайшаав.
Уулзалтын үеэр НҮБ-аас Монгол Улсад Эрүүл мэндийн онц ноцтой байдлын эсрэг арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, мөн коронавируст халдварын цар тахлаас шалтгаалсан нийгэм, эдийн засгийн хор хохирлыг бууруулах чиглэлээр 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгох гэж байгаа талаар танилцуулсан бөгөөд тус буцалтгүй тусламжийн хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцлаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсад шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлж, байнга хамтарч ажиллаж байгаад НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Тапан Мишра болон ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица нарт талархал илэрхийлэв. Тэрээр Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа Эх, хүүхдийн эмнэлгийг коронавируст халдварын цар тахлын бэлэн байдлыг хангах зорилгоор ашиглах гэж байгааг танилцуулж, тус эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахтай холбоотойгоор дэлгэх орноос эхлээд эмнэлгийн тохижилтын асуудал тулгамдаж байгааг онцолж энэ чиглэлд тодорхой дэмжлэг үзүүлэхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хүсэв.
Уулзалтын явцад талууд энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд Суурин төлөөлөгч ноён Тапан Мишра НҮБ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн тулд хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.
ШИНЭ МЭДЭЭ
БОАЖЯ 2020 оны онцлох ажлаа тайлагнаж байна
2020.12.30