МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цар тахлын үед үзүүлэх эмнэлгийн тусламжийн сургуулилт хийлээ
2020.05.07
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Цар тахлын үед үзүүлэх эмнэлгийн тусламжийн сургуулилт хийлээ

Дэлхий дахинд тархаад буй “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр “Яармаг-100”, “Яармаг-300” эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг хийлээ.

Өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулагдсан тус дадлага сургуулилтад НЭМГ-ын харьяа 29 эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, нийт 400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон юм.

Дадлага сургуулилтаар “Ковид-19” халдварт цар тахлын үед үзүүлэх тусламж үйлчилгээ, үйл ажиллагааны төлөвлөлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний зохион байгуулалт, эмч ажиллагсдын хуваарилалт, эмнэлгийн бэлэн байдлыг бодит жишээ /халдвар авсан жирэмсэн эх, хүнд өвчтөн/-нд тулгуурлан үзүүлснээрээ онцлог байлаа.

Сургуулилтын хүрээнд Буянт-Ухаа спортын ордны 7790 м2 талбайд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг нь “Ковид-19” халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 300 иргэнийг хүлээж авч, эмчлэх хүчин чадалтай аж. Эмнэлгийн хоёрдугаар давхрыг нөөцөд авч, өвчлөл хүндэрсэн тохиолдолд 200 ор нэмж дэлгэхээр зохицуулалт хийсэн байна.

Тус эмнэлэгт нэг ээлжид 54 хүн, нийт 148 эмч, эмнэлгийн мэргэжилтэн гурван ээлжээр үүрэг гүйцэтгэж ажиллана. Халдварт цар тахлын үед А, B, C зэрэг гурван бүсэд өвчтөнийг эрэмбэлэн ангилж /өндөр эрсдэлтэй болон ахмад настан, мөн хүүхэд-жирэмсэн эх, насанд хүрэгчид/ тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

“Яармаг-100” эмнэлэг нь 2800 м2 талбайд хүнд болон маш хүнд өвчтөнийг хүлээж авч, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчлэх зориулалтаар зохион байгуулагдсан байна. Шаардлагатай тохиолдолд 1000 хүртэл ор дэлгэж, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой аж.

Өнөөдрийн байдлаар, 100 ор дэлгэснээс 10 нь маш хүнд өвчтөнийг хүлээж авах зориулалтаар иж бүрэн тоноглогджээ. Нэг ээлжид 90 хүн, нийт гурван ээлжээр 270 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах зохицуулалтын хүрээнд дадлага сургуулилт хийлээ.

Түүнчлэн үзлэг оношилгооны өрөө, эмчилгээний тасгуудаас гадна эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний нөөц, эмч ажиллагсдын хувцас өмсөх, солих болон амрах өрөө, ариутгал халдваргүйтгэл, лаборатори зэрэг шаардлагатай бүхий л зохион байгуулалтыг хийсэн байна.

Энэ ч утгаараа, халдварын үеийн нөхцөл байдалд өвчтөнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодитоор нь үзүүлэх тус сургуулилтаар дамжуулан эмч, эмнэлгийн мэргэжилтэн хэрхэн өөрийгөө сэргийлэх арга барил, дадлагыг давхар эзэмшиж байгаа нь чухал ач холбогдолтой байлаа.

Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, тусламж үйлчилгээний дадлага сургуулилтыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл /гамшгийн сургуулийн удирдагч/, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс ирж танилцлаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

ШИНЭ МЭДЭЭ