Дүүжин замын төслийг 60 сая ам.доллароор санхүүжүүлнэ
2020.05.13
Гадаад харилцаа

Дүүжин замын төслийг 60 сая ам.доллароор санхүүжүүлнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хороонд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 04 дүгээр сараас ажиллаж байгаа ба уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой дүүжин зам, мөн Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, 3 зогсоолтой дүүжин зам байгуулна.

Төслийн гол зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэнэ гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулгад дурьдлаа.

Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Мөн хуралдаанаар, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын дэмжсэнээр, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

ШИНЭ МЭДЭЭ