Ц.Туваан: Засгийн газар гал унтраах маягтай ажиллаж байна
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
2018.05.09
Улстөр

Ц.Туваан: Засгийн газар гал унтраах маягтай ажиллаж байна

 

-Улс төрийн хүрээнд анхаарал татсан олон асуудал байна. Тухайлбал, Оюутолгойн гэрээг ашигтай,  ашиггүй талаар ярьж эхэллээ. Энэ асуудалд танай нам ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Энэ асуудал иргэдийн анхаарлын төвд орж ирлээ. Манай нам гэрээг шалгах тал дээр анхаарч байна. Намын бүлэг дээр стратегийн орд  газруудтай холбоотой ажлын хэсэг байгуулсан. АН-ын бодлогын зөвлөл ч гэрээний үр дүн, үр ашгийн талаар судалж байна.

Ямар гэрээ болсон, алдаа нь хаана байна гэдгийг нягталж байгаа. Оюутолгойн гэрээг бүхэлд нь үгүйсгээгүй. Тодорхой том төслүүдийг эхлүүлж, уул уурхайн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйн хэрэг.  Гэхдээ  хууль бус, олон улсын стандарт норм зөрчсөн, авлига хээл хахууль өгсөн, авсан байдлаар энэ гэрээг хийсэн. Эзэн  орны эрх ашгийг дэндүү доогуур тавьсан асуудал байвал гэрээг эргэн харж, засаж, сайжруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Ажлын хэсэг гэрээнд судалгаа шинжилгээ хийж байгаа гэлээ. Эхний  дүгнэлтүүд гарсан уу?

-Хараахан гараагүй байна.  УИХ дахь ажлын хэсэг ч  судалгааны ажлыг эхлүүлээд явж байгаа.  Манай намаас З.Нарантуяа гишүүн ажлын хэсэгт багтсан. Намын бодлогын зөвлөлийн хүрээнд удахгүй хуралдаж, санал дүгнэлтүүдээ нэгтгэсний дараа тодорхой мэдээллийг хүргэнэ.

-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар танай намын зарим гишүүн саатуулагдаад байна. Тэднийг эргэж очсон гэл үү?

- Намын удирдлагууд саатуулагдаад байгаа гишүүдээ эргэж, очиж уулзсан. Биеийн байдалтай нь танилцсан байгаа. Энэ асуудалд ямар нэгэн байдлаар хууль зөрчиж, эх орны язгуур эрх ашгийн эсрэг үйлдэл хийсэн нь нотлогдвол гишүүдээ өмгөөлж хамгаалах  асуудал байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явагдана.  Харин энэ хэрэг дээр ганцхан  ардчилсан намын гишүүд буруутай мэтээр ярьж, улс төрийн  байдлаар хандвал бид эсэргүүцлээ эрэлхийлэх болно.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал мөн л олон нийтийн анхаарлын төвд байна?

-Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлыг хоёуланг шалгах учиртай.  51 хувь дээр асуудал олон байна.  Шахааны бизнесээс эхлээд 51 хувь үнэхээр Монголын төрд байна уу гэдгийг хүртэл нягтлах учиртай.  Олон улсын шүүхийн өмнө тодорхой хэмжээний төлбөр төлөх асуудал ч яригдаад байна. 

Мөн “Эрдэнэт” үйлдвэрээс улсын төсөвт орж, монгол орны  хөгжил цэцэглэлтэд зориулах ёстой мөнгө хэн нэгэн хүний халаасанд орох учиргүй. Үүнийг шалга.  Бас хэн нэгэн төрийн мэдлийн 51 хувийг эрсдэлд  оруулсан бол өөрөө хариуцлага хүлээх учиртай. Түүнээс биш “Эрдэнэт” үйлдвэр, Монголын ард түмэн энэ ачааг үүрэг ёсгүй юм.

-Өнгөрсөн нэгдүгээр сард тантай уулзахад УИХ-ыг тарах хэмжээнд  муу ажиллаж байна гэж дүгнэж байсан. Энэ дүгнэлт өөрчлөгдсөн үү?

-Бид УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хугацаатай шаардлага хүргүүлж байсан.  Маш бөөрөнхий, шийдсэн шийдэлгүй хариу ирүүлсэн.  Тиймээс хоёрдугаар сарын 1-нд орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан.  Одоогоор улс төрийн алдаатай бодлогууд ард түмний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар бүх талын судалгаа хийж байна. 

“Монголоо сонсъё” аянг улс орон даяар зохион байгуулж, ард түмний амьдрал хөрсөн дээр яг ямар байна. Муудаж, сайжирч байгаа эсэх, төр, засгийн бодлогод ямар үнэлэлт дүгнэлттэй хандаж байна гэдгийг сонсох ажил үргэлжилж байгаа. Энэ аянаас ямар үнэлэлт дүгнэлт гарна түүнд үндэслэн дараагийн улс төрийн алхам, акцуудаа хийнэ.  УИХ-ыг тарах асуудалд олон иргэн санал бодлоо хүргэж байсан.  Ерөнхийлөгч орон нутагт ажиллах үеэр ч энэ асуудал газар бүрт хөндөгдөж байна.  Тиймээс сөрөг хүчний зүгээс ард түмнийхээ талд зогсож, шаардлагатай бол тарах хэмжээнд асуудлыг ярина.

-АН-ын бүлгээс Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн.  Энэ нь хэр үндэслэлтэй вэ.  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хувьд огцруулах үндэслэл болж чадахгүй гэсэн байр суурьтай байгаа?

-Бид аливаа асуудалд сөрөг хүчний байр сууринаас хандаж байна. Хуулийн хүрээнд хоёр сайдад хариуцлага тооцож өгнө үү гэсэн хугацаатай шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлсэн.  Хууль бус алдаатай шийдвэр гаргасан сайдууддаа эрх барьж байгаа хүчин хариуцлага тооцох байх гэж найдаж байна.  УИХ-ын гишүүд ч энэ асуудалд улс төрийн өнцгөөс биш ард түмнийг төлөөлж байгаа гэсэн үүднээс хандаасай гэж хүсэж байна. 

Хэрэв асуудлаа шийдэж чадахгүй бол Засгийн газрыг огцруулах хэмжээнд асуудлыг тавих байх.  Гэхдээ засаг огцорно гэдэг улс орны хувь заяатай холбоотой асуудал. Тиймээс ийм байдалд хүргэхгүйгээр хоёр сайддаа хариуцлага хүлээлгэнэ байх. Бидний зүгээс ямар нэгэн байдлаар ард түмнийхээ эсрэг ажиллаж эхлэх л юм бол хариуцлагын асуудал ярина. Энэ бол сөрөг хүчний үндсэн үүрэг. Бид өнгөрсөн хугацаанд их л тэвчээртэй хандаж ирлээ. МАН энэ байдлаараа цааш явбал бид ард түмэн, аж ахуй нэгжүүдийнхээ талд баттай зогсоно. Нөгөө талаар тогтвортой байлгана гээд толгойг нь илээд байж болохгүй.

-Ер нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагааг таны зүгээс юу гэж дүгнэх вэ?

-Маш хангалтгүй ажиллаж байна.  Өнгөр­сөн хугацаанд бодитой хүний амьдралд харагд­сан өөрчлөлт, шинэчлэлт авчирч чадсангүй. Улс орны хөгжлийг нэмэг­дүүлэх  томоохон ажлууд эхлүүлж чадахгүй байна.  АН-ын Засгийн газрын үед  эхний 100 хоногоос эхлээд улс орны эрх ашигт нийцсэн  томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж чадсан байдаг.  Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар маш удаан, шийдэмгий бус, үр өгөөж багатай ажиллаж байгаа.  Аливаа асуудалд гал унтраах маягтай л хандаж байна.

-АН-ын дарга С.Эрдэнийн санаачилсан Ардчиллын анхдагчдад дэмжлэг үзүүлэх ту­хай хуу­лийн төсөл,  Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан Жолоочийн даатгалын тухай хууль, мөн хүүхдийн мөнгөний асуудал гээд танай намаас оруулсан хуулийн төслүүд бүхэн бүлэг, байнгын хорооны хурал дээр унаж байна. Энэ асуудлыг яах ёстой юм бол?

-АН-ын зүгээс оруулж ирж байгаа аливаа асуудалд эрх баригч  хүчин маш их  улстөржсөн байдлаар хандаж байна. Гэсэн атлаа өөрсдөө улс эх орны хөгжилд хувь нэмрээ оруулах дорвитой хуулийн төсөл санал санаачилга гаргаж дэвшүүлж чадахгүй байна.  Амин чухал бус, жижиг асуудлыг ч УИХ маань хэлэлцээд явдаг боллоо.  Аливаа асуудалд аль болох улстөржихгүйгээр авах гээхийн ухаанаар хандаж ирэх нь уг нь зөв юм.  Харин тэгж чадахгүй байгаад маш их харамсаж байна.

-АН-ын доторх бүлэг, фракцуудын  задралын талаар нэлээд ярьж байна.  Намынхаа эв нэгдлийг хадгалж үлдэх асуудлаар удирдлагуудын зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-Манай намын асуудал фракцын системээр явж ирсэн нь үнэн. 2016 онд ард түмнээр дүнгээ тавиулсны дараа намын шинэчлэлийн асуудал нэлээд хөндөгдөж байна. Аливаа асуудалд фракцилж ханддаг байдлыг халъя. Мөн зөв шинэ зүйлийг хийж намаа шинэчлэх учиртай гэдгийг гишүүд маань ярьсан. Аливаа асуудалд бодлоготой, судалгаатай ханддаг байя гэсэн чиг шугамыг баримтлан ажиллаж байна. Одоо  АН-д энэ фракцынх, тэр фракцынх гэсэн асуудал яригдахаа больсон.

ШИНЭ МЭДЭЭ