http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Туваан: Дүрмийн бус, зарчмаас гажсан, хуйвалдааны шинжтэй зүйлд оролцохгүй гэдгээ хэлчихье
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай АН-ын шинэчлэлийн үйл явц болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.
2017.04.03
Улстөр

Ц.Туваан: Дүрмийн бус, зарчмаас гажсан, хуйвалдааны шинжтэй зүйлд оролцохгүй гэдгээ хэлчихье

 

-АН-ын бүх эрх мэдэл “Шонхор” фракцад шилжлээ, шинэчлэл шинэчлэл биш боллоо гэх мэтийн яриа намын гишүүдээс чинь гарч байна. АН-нд яг юу болоод байна вэ?

-Иргэд, сонгогчид сонгуулиар улс төрийн намуудад зохих дүнг нь тавьдаг. Өнгөрсөн оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар ард түмэн манай намд муу дүн тавьснаа сонгуулийн санал хураалтаар дамжуулан илэрхийлсэн. Бид ялагдлынхаа шалтгааныг хайгаад, АН-д шинэчлэл хийх хэрэгтэй болж, бодлого, зарчмаа хэрэгжүүлэх арга замаа өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Ингээд дараагийн зорилгоо тодорхойлж, ирэх сонгуульд бэлтгэх ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн энэ ажлаа бид АН-ын шинэчлэл гэж нэрлээд буй. Намын шинэчлэлийн хүрээнд даргаа нийт гишүүнээрээ сонгуулсан. Энэ хооронд намын хоёр ч их хурлыг хуралдууллаа.

Шинэчлэлийн уур амьсгалыг тусгасан нэмэлт, өөрчлөлтийг намын дүрэмдээ оруулж, үүнийхээ дагуу шинэчлэлийн хоёрдугаар шат буюу АН-ын сонгуульт гишүүдийн сонгуулийг амжилттай явуулсан.

Хэтэрхий ил задгай, ардчилал гэдэг үгээр халхавч хийн намаа хайр найргүй шүүмжилдэг нь манай намын онцлог. Энэ нь зарим үед бидний сайн тал, заримдаа сул тал болдог. Шүүмжлэл хэлэх нь намын дотоод ардчиллын нэг хэсэг хэдий ч заримдаа хэтрээд намаа гутаан доромжилдог талтай.

С.Эрдэнэ гэдэг хүн намын дарга болохоор “Шонхор” фракц энэ намыг эзэллээ, бусдад нь орон зай үлдсэнгүй” гэж байгаа нь үүний жишээ. Бодит байдал дээр, өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулснаас бусад аймаг, дүүргийн намын даргын 25 мандат болон нийслэлийн намын даргын сонгуульд 54 хүн, Үндэсний бодлогын хороо (YБХ)-ны 380 мандат дээр 510 хүн нэр дэвшсэн.

Хэн ч нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө уралдуулаад өрсөлдөх боломж бүрэн байсныг хэлэх хэрэгтэй. Ямар ч шинэчлэл дардан, шулуун замаар явдаггүй. Саад гацаа, туршлага дутах гээд бэрхшээл тулгардаг. Бид энэ бүхнийг даван туулж, ямар ч байсан ухрахгүй, урагшилж байна.

-Дотоод сонгуулийг энэ цаг үед явуулж буй нь хэр оновчтой вэ. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялагдсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд илүү анхаарах ёстой байсан биш үү?

-Манай нам их хурлаараа дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Энэ дүрмийнхээ дагуу анхан, дунд шатны намын удирдлагуудаа сонголоо. Өнгөрсөн УИХ болон орон нутгийн сонгуулиар 110 гаруй сумын намын дарга ажлаа сайн хийж, ялалт байгуулан иргэдээс үнэлгээгээ авсан учраас өөрчлөөгүй.

Бусдыг нь гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадаагүй гэж үзээд энэ удаагийн дотоод сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхийг нь хасаж, өөр хүмүүс өрсөлдсөн. Манай намын дотоод сонгууль бол намын үндсэн бүтэц, сонгуульт гишүүдээ 100 хувь өөрчилсөн шинэчлэлийн маш том давалгаа. Сумын намын хороо, үүрийн тэргүүлэгч гишүүдийг оролцуулбал улсын хэмжээнд 17800 сонгуульт албан тушаалтан сонгогдож байгаа.

АН-ын хувьд маш том ажил. Үүнийг хийхдээ цаг хугацаа алдаж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгууль бол төрийн сонгууль. Хуулиараа явна.

Үүний өмнө бид намын дотоод зохион байгуулалтаа шинэчилж, сонгогдсон хүмүүс нь багаа бүрдүүлэн, тамга тэмдгээ хүлээж аваад, шинэ баг, шинэ бодлогоор Ерөнхийлөгчийн сонгуульд орох нь улс төрийн намын хувьд цаг алдалгүй хийх ажил байлаа.

-Та намын шинэчлэл үе шаттай явж буй гэлээ. Гэтэл “Шинэчлэл хэлбэрийн төдий боллоо. Намын дотоод сонгууль л гэхэд бэлдсэн төлөвлөгөөний дагуу явсан.

Намын шинэ удирдлагууд таалагдахгүй хүмүүсээ хасаж, өөрсдийнхөө хүнийг л сонгуульд орууллаа. Дүрэм, журмаа зөрчлөө” гэсэн яриа намын гишүүдээс чинь гараад байна?

-Намын эрх барих дээд байгууллага бол их хурал. Хамгийн сүүлд хуралдсан манай намын VII их хуралд 3000 гаруй гишүүн оролцож, дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан. VII их хурлын өмнө бид 21 аймаг, есөн дүүрэгт Үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг долоо хоногийн турш явуулж, гишүүдийнхээ саналыг авсан. VI их хурлаас байгуулсан Үндсэн дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэг гишүүдээс ирүүлсэн саналыг багцалж, дүрэмд тусгахыг нь тусган, VII их хурлаар батлуулсан.

Үүний дагуу их хурлаас Дотоод сонгуулийн хороо, намын хяналтын байгууллага буюу Үндсэн дүрмийн хороог байгуулж, баримтлан ажиллах дүрэм, журмыг нь баталсан. Их хурлаар баталж өгсөн дүрэм, журмын хүрээнд л бид ажиллаж байгаа. Гэтэл энэ дүрэм намын зарим гишүүнд, ялангуяа намд тодорхой сонгуульт, удирдах албанд удаан ажилласан хүмүүст таалагдахгүй байгаа бололтой.

Гишүүдээсээ асууж, тэдний саналаар боловсруулсан, их хурлаар батлуулсан дүрмээ хэрэгжүүлээд явах нь одоогийн намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч миний бие, Дотоод сонгуулийн хорооны үүрэг. Бид тогтоосон дүрэм, журмын дагуу л үйл ажиллагаа явуулж байна. Ямар нэг алдаа гаргавал хариуцлагыг нь бид 100 хувь хүлээнэ.

-Б.Жаргалсайхан БНН-ын даргаасаа чөлөөлөгдөөгүй хэрнээ АН-ын ҮБХ-нд нэр дэвшиж байгаа юм билээ. Танай намын дүрмээр ингэж болохгүй биз дээ?

-Б.Жаргалсайхан бол Монголд ардчилсан хувьсгал хийхэд гар бие оролцож явсан, Ардчилсан намын анхны гишүүдийн нэг. БНН-ын даргаар ажиллаж байгаад АН-ын гишүүнээр элссэн.

БНН-ын даргаас чөлөөлөгдсөн, үгүйг нь мэдэхгүй байна. Би хувьдаа, манай намын гишүүнээр элсэх шаардлагыг хангаад орж ирсэн байх гэж бодож байна.

-Дээд шүүхийн бүртгэлээс лав хасуулаагүй байна билээ?

-Тэгвэл хууль, дүрэмд нийцүүлэх л шаардлага гарах байх даа.

-АН-ын дотоод сонгууль ямар дүрмээр явж байгаа вэ. Улсын дээд шүүх дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж аваагүй учраас дотоод сонгууль хүчин төгөлдөр байж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байна шүү дээ?

-Улс төрийн намын тухай хуульд “Улс төрийн намын эрх барих дээд байгууллага нь их хурал байна, их хурал намын дүрмээ эцэслэн батална” гээд заачихсан. Энэ заалтын дагуу их хурлаараа дүрмийн нэмэлт, өөрчлөлтөө баталсан. Хүмүүсийн дунд “АН-ын хуучин дүрэм хүчингүй болсон. Шинэ дүрмийг нь Дээд шүүх бүртгээгүй” гэсэн ойлголт байгаа.

Бид VII их хурлаар дүрмээ шинэчлээгүй, зөвхөн нэмэлт, өөрчлөлт батлаад, Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл гэж 30 хүний бүрэлдэхүүнтэй бүтэц байгуулсан. Энэ зөвлөл дараагийн их хуралд дүрмийн шинэчилсэн найруулгыг боловсруулан оруулах үүрэг хүлээсэн. VIII их хурлаар үзэл баримтлалаа шинэчилж, үүндээ нийцсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг батална.

Одоо АН нэмэлт, өөрчлөлт оруулсан хуучин дүрмээрээ явж байгаа. Улс төрийн нам ч бай, бизнес эрхлэх аж ахуйн нэгж ч бай, ямар ч байгууллага дүрмээ хүргүүлсэн Дээд шүүх бүртгэгчийн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, АН их хурлаараа батлаад, бүртгүүлэхээр хүргүүлсэн дүрмийг тэнд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад үндэсний эрх ашигтай харшлах зүйл, заалт байна уу гэдгийг нягталж үзээд, бүртгэх үүрэгтэй.

VI их хурлын дараа тухайн үед дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтөө Дээд шүүхэд хүргүүлэхэд, тун удалгүй бүртгэсэн. Энэ удаагийнхыг ч гэсэн удахгүй бүртгэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Их хурлын шийдвэрийн дагуу явж байгаа, бид буруу, зөрүү зүйл хийгээгүй учраас итгэлтэй байна.

-АН-ын зарим гишүүн энэ удаагийн дотоод сонгуулийг эсэргүүцсэн, хойшлуулахыг хүссэн өргөдөл Дээд шүүхэд хүргүүлсэн байна билээ.

Дотоод сонгууль хүчин төгөлдөр, ямар нэг асуудал дагуулахгүй гэдэгт та бүхэн итгэлтэй байгаа юу?

-Намын их хурлаар баталсан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй учраас бид 200 хувь итгэлтэй байгаа. Шинэчлэлийн ажилд таагүй хандаж буй гишүүд байгаа гэж дээр хэлсэн. Энэ хүмүүс хэрэв өөр улс төрийн намд байсан бол хариуцлага тооцуулаад явах байсан биз.

Манай нам ч гэсэн дүрэмдээ хариуцлагын тогтолцоо бий болгож, маш нарийн зааж, тусгасан. Дүрмийг нь хүлээн зөвшөөрч, гишүүн нь болчихоод намынхаа эсрэг олон нийтэд хандсан илт буруу, зөрүү мэдээлэл тарааж, гүтгээд явбал хариуцлага хүлээлгэдэг тогтолцоотой болж байгаа.

Дээд шүүхэд дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэхээр өгөхөд манай намын гишүүдээс буруу зөрүү мэдээлэл өгч, саад хийхээр оролдсон гэсэн мэдээлэл ч гарч байгаа.

-Хариуцлагын тогтолцоог нарийн болгосон гэлээ. Тухайлбал, ямар хариуцлага тооцохоор байгаа вэ?

-Өөр намтай, эсвэл ард түмний дунд улс төрийн үйл ажиллагаа чадахгүй хэрнээ өөрийнхөө намыг муужирч унатал шүүмжилж, гутаан доромжилдог, заримдаа бүр намаасаа гарч өөр намд элсэн нэр дэвшдэг, бие даадаг, тэгээд буцаад ирдэг явдал гарч байсан.

Үүнд хариуцлага тооцох гэхээр тодорхой зүйл байдаггүй байсныг нэлээд нарийвчилж, дүрэмд оруулан, их хурлаар баталсан. Цаашид энэ заалтууд хэрэгжээд явна.

-Шинэчлэлийг эхлүүлэхдээ ярьж байсан гол асуудал нь намын эв нэгдэл, намыг нэг цул болгох тухай байсан. Гэтэл шинэчлэл шувтрах шатандаа орчихоод байхад талцал, хуваагдал, тэмцэл үргэлжилсээр байгаа.

Та бүхний хийсэн шинэчлэл үр дүнтэй болж чадав уу?

-Нэг удаагийн дайралтаар, алга урвуулах төдийд, 180 мянган гишүүнтэй намд нэг ч гомдол, саналгүйгээр шинэчлэл хийнэ гэдэг боломжгүй. Гишүүдээс гарсан гомдол, саналыг бид сонсоно. Авахаа авна. Бид 100 хувь алдаагүй ажилласан гэж хэлэхгүй.

Ямар ч шинэчлэл туршлага дээр тулгуурладаг, алдаа, оноо гардаг. Гэлээ гээд бидэнд ухрах зам байхгүй. АН-ын дарга, удирдлага намаа фракцгүй, нэг тугийн дор мөр зэрэгцэн явах хүмүүсийн нэгдэл байх ёстой гэж үзэж байгаа.

Энэ чиглэл рүү л явна. Хэн гишүүдийнхээ дэмжлэгийг авч гарч ирнэ, түүнтэй баг болж, урагш хараад явна.

-VIII их хурлыг хэзээ хуралдуулах вэ?

-АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ VIII их хурлаараа эцэслэн батламжилна. Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хугацаа тавдугаар сарын 2-7-нд таарч байгаа. Тэгэхээр тэр үед хуралдах урьдчилсан товтой байна.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сунгаагаар тодруулах хэвээрээ юү?

-Манай нам бүхнийг гишүүдээрээ шийдүүлэх зарчим баримталж буй. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах вэ гэдэг эцсийн шийдвэр гараагүй.

Хуулиар юуг зөвшөөрч, юуг эс зөвшөөрөхөөр байгааг судлах хуулийн баг ажиллаж буй. Иргэн ч бай, улс төрийн нам ч бай хуулийн дор захирагдана.

-Генсек гэдэг бол намынхаа “гал тогоо”-г хариуцдаг албан тушаал. Та гишүүдтэйгээ, ялангуяа хэдэн фракцынхаа удирдлагуудтайгаа хэр ойлголцож, нэгнээ дэмжиж ажиллахаар байна вэ.

“МоАН санаачилга” намын шинэ удирдлагуудад шүүмжлэлтэй хандаж байгаа, “Алтангадас”-ын лидерүүд дотоод сонгуульд оролцоогүй нь та бүхнийг таарамжгүй байгаа мэт харагдуулаад байна?

-Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг гишүүдийн баяр жаргал, уй гашуу, шагнал урамшил, сургууль соёл, ажил алба гээд бүх л асуудалд оролцдог амаргүй алба юм байна. Намын дарга итгэл хүлээлгэж, энэ ажлыг хий гэсэн үүрэг өгсөн учраас болохоос болохгүйг хүртэл зүтгэнэ дээ.

Би намын ам бүлд багтаад 20-иод жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд намын одоогийн лидерүүд, МоАХ-ын партизанууд, журмын нөхөдтэйгөө бүгдтэй нь сайн харилцаатай явлаа. Тэдэнтэйгээ сайн ойлголцдог, дэмжлэгийг нь авч чаддаг гэж боддог.

Тэгэхээр хүндрэл гарахгүй байх. Шулуухан хэлэхэд, би шударга зарчим, дүрэм баримталж ажиллана. Энэ хүрээнд хэнтэй ч хамтарч, баг болж ажиллахад бэлэн.

Дүрмийн бус, зарчмаас гажуудуулсан, хуйвалдааны шинжтэй зүйлд оролцохгүй гэдгээ хэлчихье.

ШИНЭ МЭДЭЭ