МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Туваан: Улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна
2018.01.16
Улстөр

Ц.Туваан: Улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт АН-аас УИХ дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Та бүхний шаардлагын бодит үндэслэл нь юу байв?

-Бид УИХ дахь бүлгийн гишүүдтэйгээ хамтарч гурван зүйл бүхий хугацаатай шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн. Үүний өмнө УИХ дахь АН-ын бүлэг ижил агуулгатай шаардлага тавьж байлаа. Энэхүү бүлгийн шийдвэрийг нам дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Бидний хөндсөн асуудал ард иргэд, компанийн эрх ашиг хөндсөн үндэсний хэмжээнийх учраас хариу өгөх хугацааг хоёрдугаар сарын 1-ний дотор гэж заасан юм.

Нэгдүгээрт, татварын асуудал түүнийг дагасан үнэ, инфляцийн өсөлт. Хоёрдугаарт, гамшигийн хэмжээнээс давсан утааны асуудал. Гуравдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион явуулахдаа Үндсэн хуулийн заалт зөрчсөн. Ийнхүү гурван зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Хоёрдугаар сарын 1-ний дотор хариу өгөхгүй бол АН ард түмэнтэйгээ хамт тэмцэлийн дараагийн хэлбэрийг сонгож ажиллана.

– Өнөөдрийн хувьд эрх баригчид АН-аас тавьж буй шаардлагыг биелүүлэх эсэх нь эргэлзээтэй. Хэрэв биелүүлэхгүй тохиолдолд УИХ-ыг тараах хууль эрх зүйн боломж бий юү?

-Ард түмнээ сайн, сайхан байлгах гэж төр оршдог. Тиймээс ард түмнээ татвараар дарамталж, бодит орлогоос нь авч, халаас руу нь гар шургуулдагаа болих хэрэгтэй. “Мэргэжлийн”, “Ардын” гэсэн нэртэй Засгийн газрууд эдийн засаг өсөж, гадаад валютын нөөц нэмэгдэж байгааг гайхах юм. Гэтэл эдгээр өсөлт, нэмэгдэл хаашаа алга болчихоод ард иргэдээ татвараар дарамтлах болов. Ингэж л худлаа ярьж байна. Шатахууны үнэ нэмэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, инфляци дагаад өсдөг. Инфляци гэдэг чимээгүй хулгайчтай зэрэгцээд татвар нэрээр ард түмэн, аж ахуйн нэгжүүдийн мөнгийг давхар хулгайлж байна. Ингэхээр ард түмэн яаж амьдрах юм бэ. Нийгэмд бухимдал их бий.

АН 2016 оны зургадугаар сараас өөрсдийн алдаагаа дүгнэж, дотоод шинэчлэлээ хийсэн. Бид эрх баригчдыг ойлгож, ажлыг нь хийлгэх гэж хичээлээ. Дуугүй байж үзлээ. Гэтэл амлалтаа мартаж, эргэж буцсан олон шийдвэр гаргасан. Ийм нөхцөл байдалд бид ард түмнийхээ талд гарч дуугарна. Аливаад хязгаар, тэсвэр гэж бий. Тиймээс ард түмэнтэйгээ тултал тэмцэнэ. Өөр арга байхгүй. УИХ, Засгийн газраас дорвитой шийдвэр гаргуулахын тулд аж ахуйн нэгжүүд, ард түмэн, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад хандана. Өргөн хүрээг хамарч зөвийн төлөө тэмцэхээр шийдсэн. Шаардлагын хариуг өгөхгүй бол хоёрдугаар сарын 1-нд ард иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрчний эвлэлийн холбоодтой хамтарч улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Үүнээс өмнө төр, засаг алдаатай шийдвэрүүдээ эргэн харах хэрэгтэй.

Эрх баригчид өнөөгийн эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг АН-ын Засгийн газартай холбон тайлбарладаг. Тэгвэл АН-ын Засгийн газар тухайн үед яаж ажилласан юм бэ? Иргэдийн халаасыг тэмтрэх хэмжээнд хүртэл улс орныг өрөнд оруулчихсан хэрэг үү?

-Бодитой ярья. 2011 онд МАН төр барьж байхад гадаадын хөрөнгө оруулалт 11 тэрбум байсан. Энэ үед орж ирсэн төсвийн мөнгөөр “Юу хийх вэ” гэдэг уралдаан явсан шүү дээ. Шинэ шинэ зардал нэмж, төсвөө тэлсэн. Дараа нь зардлаа даахаа больсон. Ингээд 2012 онд АН-ын Засгийн газар байгуулагдахад их наяд төгрөгийн өртэй байлаа. АН төрийн залгамж чанар гээд нэг ч үг дуугараагүй. Өнөөгийн эрх баригчид шиг өр яриагүй, төлөөд урагшилсан. 2014, 2015 онд уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ унаж байхад гал алдалгүй асуудлаа зохицуулж чадсан юм. Гэтэл эрх баригчид “Чингис” бондыг өр гэж яриад ард түмний тархийг угааж байна. “Чингис” бондын 500 сая ам.доллар бол Монгол Улс авсан зээлээ хугацаандаа төлсөн л хэрэг. Аль ч Засгийн газрын төлөх л ёстой зээл.

-Оны сүүлээр АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж бодлогын салбар зөвлөлүүд байгуулсан. Эдгээр зөвлөлүүд ажилдаа орж эхэлсэн үү. Ер нь ямар чиг үүргийн зөвлөлүүд байгуулсан юм бэ?

-Өнгөрсөн онд багтаж “Үндэсний бодлогын хорооны II хуралдаан”-ыг хийж, АН-ын Үндсэн дүрмийн дагуу бодлогын салбар зөвлөлүүдийг Засгийн газрын бүтцээр байгуулсан. Мөн “ҮБХ-ны нэг гишүүн хоёр салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд орж болно” гэсэн дүрмийн заалтын дагуу гишүүдийг хуваарилсан байгаа. Нийт 15 яамны чиг үүрэг дээр Нийслэлийн хөгжлийн бодлогын салбар зөвлөлийг нэмээд 16 салбар зөвлөл зохион байгуулалтад орж, ажиллаж байна. Нэг салбар зөвлөл 30-80 орчим хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм. Салбар зөвлөлүүд анхдугаар уулзалт, хуралдаануудаа хийж, даргаа сонгосон байгаа. Нийслэл болон байгаль орчны салбар зөвлөлүүд утааны асуудлаар хамтарч байна. Санхүү, эдийн засгийн бодлогын болон Хүн амын хөгжил, хөдөлмөр, нийгэм хамгааллын салбар зөвлөл татварын нэмэгдэлтэй холбоотой асуудал дээр хуралдаж, шийдвэр гаргаж байх жишээтэй. Цаашид салбар зөвлөлүүд өөрсдийн чиг үүргийн дагуу ажиллана.

-АН 2018, 2019 оныг анхан, дунд шатаа хөгжүүлж, дэмжих жил болгон зарласан. Тэгэхээр ажлаа юунаас эхлэх гэж байна вэ?

– Өмнө нь “Төв нам анхан, дунд шатны байгуулагатайгаа харилцаа холбоогүй байна” гэх шүүмжлэл байсан. Тиймээс тухайн дунд шатны аймаг, дүүргийн намын Хэрэг эрхлэх газрын даргыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар томилж, цалин олгож эхэлсэн. Ингэснээр хариуцлага тооцох, үүрэг чиглэл өгөх шугам нээгдэж байгаа юм. Энэ онд анхан шатаа бэхжүүлж, гишүүдийн чадавхийг нэмэгдүүлэх зорилт тавьсны үндсэн дээр ҮБХ-ны гишүүд, намын удирдлагууд хамтдаа анхан шатанд очиж, гишүүтэй уулзаж, асуудлыг нь сонсох юм. Мөн сургалт явуулж, гишүүдээ идэвхжүүлнэ. Он дуустал сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ онд анхан шатны намын дарга нар, гишүүдэд чиглэсэн IT, сошиал, дотоод бүртгэлтэй холбогдох сургалтууд явуулна.

Түүнчлэн төвийн болон баруун, хангайн бүс, нийслэлийн чуулга уулзалтыг хийх төлөвлөгөөтэй байгаа. Уг чуулганд гишүүд, тухайн шатны удирдлагуудыг өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулж хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн сургалт хийнэ. Мөн АН-ын гишүүдийн татвар нэмэгдсэнтэй холбоотой түүнээс бүрдэх орлогыг захиран зарцуулах эрхийг тухайн шатанд олгох юм.

-Намын гишүүд жилд 12000 төгрөгийн татвар төлөхөөр болсон. Энэ шийдвэр цаг үеэ олж чадав уу?

-2016 оны арванхоёрдугаар сард АН-ын эрх барих дээд байгуулага Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ноос гаргасан шийдвэр юм. Үүнийг бид “Үндэсний бодлогын хорооны II хуралдаан”-аар хэлэлцээд эл шийдвэрийг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Зарим гишүүдэд татвар өндөр санагдаж магадгүй. Гэхдээ нэгэнт шийдвэр гарсан. Энэ хэмжээний татвар төлж, төвлөрүүлэх нь гишүүн бүрийн намдаа оруулж буй том хувь нэмэр. Уг татвар нь анхан шатны үйл ажиллагаа, улстөрийн ажилд зарцуулагдах эх үүсвэр юм. Энэ утгаар нь дэмжсэн.

-Зарим аймагт намын хорооны даргын нөхөн сонгууль явуулах ёстой. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Сэлэнгэ аймаг, Баянзүрх дүүрэгт намын даргын сонгууль явуулна. Мөн гурав, дөрвөн сард намын дотоод эргэлтийн сонгуулийг зохион байгуулах хуваарь бий.

ШИНЭ МЭДЭЭ