Ц.Туваан: Эрх чөлөө гэх үгэн дээр ардчилал тодорхойлогддог
Ардчилсан намын генсек Ц.Туваантай ярилцлаа.
2020.02.11
Улстөр

Ц.Туваан: Эрх чөлөө гэх үгэн дээр ардчилал тодорхойлогддог

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой болох гэж байна. Ойн талаар ярилцлагаа эхэлье...

-Ардчилсан намын хувьд энэ өдрүүдэд түүхэн тэгш ой тохиож байна. 30 жилийн өмнөх өвлийн хүйтэн өдрүүдэд тухайн үеийн нийгмийн сэхээтэн, оюутан залуучууд түүчээлж, Ардчилсан хувьсгалыг анх Монголд өрнүүлж байлаа. 30 жилийн хугацаа гэдэг хүний амьдралд урт хугацаа боловч нийгэм болоод намын хувьд тийм ч урт хугацаа биш. Дэлхий даяар арванхоёрдугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэ хүний эрхийн өдөр Улаанбаатар хотноо анх Ардчилсан хувьсгалын эхлэл тавигдсан гэж үзэж, тэмдэглэдэг. Энэ өдрөөс өмнө тухайлбал, Ховд, Хөвсгөл аймаг, Эрдэнэт хот гээд олон газарт Ардчилал гэх тухайн үедээ шинэлэг оюутан, залуусын хөдөлгөөн үүсч байсан түүхэн баримтууд байдаг.

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад Ардчилал хэр хөгжиж чадсан бэ?

-Монгол төдийгүй Азийн ард түмэн хугацааг жарнаар хэмждэг. 30 жил нь хагас жаран гэсэн үг. Энэ хугацаанд монголчууд бид бүтэн 360 градус эргэсэн өөр улс болж чадсан. Дэлхий ч биднийг ингэж харж байгаа. Ард иргэд, тэр дундаа дунд эргэм насны хүмүүс үүнийг сайн мэддэг. Улс болон, хувь хүний амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, эрх чөлөө гээд олон зүйл дээр огцом, маш томоохон өөрчлөлтүүд гарч ийнхүү ардчилалтай хамт өнгөрөөсөн бидний 30 жил өнгөрч байна. Дараагийн 30 жилийг зөвхөн баяр тэмдэглээд өнгөрөөх биш, нэг жарны хугацаанд юу хийхээ ярьж төлөвлөж, дүгнэлт хийж байна даа.

-Ардчиллыг түүчээлж байсан партизанууд ардчиллыг бий болгохын тулд ямар саад бэрхшээлүүдийг туулж байв?

-Мэдээж өнөөдөртэй харьцуулах юм бол тэнгэр газар шиг зөрүүтэй. Тухайн үед манай нийгэмд үзэл суртал гэдэг зүйл байлаа.

Мөн нэг нам дангаараа ноёрхож, намынх нь гишүүд өөр улсаар асуудлуудаа шийдүүлдэг баригдмал хүлэгдмэл нийгэмтэй байсан. Ийм нийгмийг цоо шинэ Ардчилсан нийгэм болгох үйл явц тухайн үед маш хүнд байсан. Бидний ахмад партизан ах нар өглөө жагсаалд оролцчихоод орой ямар газар, хаана ямар хэрэг, ял тулгагдахаа мэдэхгүй их хяналт, цагдалт дор айдас хүйдэс дунд Ардчилсан хувьсгалыг өрнүүлж байсан. Энэ үйл явцыг бид ардчилсан хувьсгал гэж нэрлэдэг. Энэ хувьсгалд оролцсон анхдагч ах, эгч нарыг бид Ардчилсан хувьсгалын партизанууд, баатрууд гэж үздэг.

-Ардчиллын үнэ цэнэ юун дээр тогтдог юм бэ?

-Маш олон зүйл бий. Гэхдээ эрх чөлөө гэх үгэн дээр л ардчиллын үндсэн тодорхойлолт явдаг болов уу гэж боддог. Эрх чөлөө олон төрөл шүү дээ. Хувь хүн, хууль ёс, шударга ёс, эдийн засаг, үндэсний эрх чөлөө гээд олон төрлийн эрх чөлөөтэй. Би “Ардчилсан тогтолцоог эдгээр олон эрх чөлөөнүүдийн нийлбэр” гэж хэлнэ.

-30 жилийн хугацаанд бид эдгээр олон эрх чөлөөг бүрэн дүүрэн эдэлж чадахаар хэмжээний Ардчилалд хүрч чадсан уу?

-Эрх чөлөөгөө бид эдэлж байгаа. Монгол Улс эрх чөлөөний индексээрээ дэлхийд дээгүүрт ордог. Ардчилсан хувьсгал Монголд ирснээр бидэнд ирсэн үндсэн эрх чөлөө бол хүн ёсны, үгээ чөлөөтэй хэлэх, жагсах цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Гэхдээ ганц Монгол гэлтгүй дэлхийн ардчилал популист гэж ярьдаг поп амлалтуудад гүйцэгдэх үзэгдлүүд гарсаар байна.

Мөн бусад улс төрийн хүчнүүд буюу МАН-ын зүгээс хуучин нийгмийг сайн сайхан байсан мэтээр сурталчлах, тэр үед амьдрал сайхан байсан гэж итгүүлэх үзэл суртлын зүйлс явуулах, аливаа асуудлыг ардчиллын зарчмаар бус шийдэх гэсэн сорилтууд бидэнд тулгарч байгаа. Гэхдээ төв Азийн цээжинд буй Монгол орон тоталитар дэглэмтэй дэлхийн хоёр том гүрний дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзагатай адил байрлалтай оршдог ч ардчилал хангалттай хөгжиж байгаа гэж үзэж байна.

-Хуучин нийгмийг сайн сайхан байсан мэтээр сурталчилж байна гэлээ. Нийгмийн хандлага дарангуйллын нийгмийг нэлээд дэмжих болсон. Ялангуяа сошиал орчинд. Энд таны байр суурь ямар байдаг вэ?

-Монголчууд бид агуу их түүхтэй, дэлхийн талыг эзэлж явсан нүүдэлчин ард түмэн. Бид баригдмал, барьцаагдмал зүйлд угаас дургүй. Монголчууд онгон зэрлэг тал шигээ задгай сэтгэдэг, баригдмал бус эрх чөлөөтэй байхыг дээдэлдэг. Ийм хүмүүсийг Манж дарлалдаа 220 орчим жил, ЗХУ 70 жилийн хугацаанд Москвагаас хамааралтай социалист нийгэмд байлгасан. Энэ хоёр дарамт унаж монголчууд бид өөрсдийн толгойг дааж, сайхан амьдрах уу, үгүй юү, өлсөх үү, цангах уу гэдгээ өөрсдөө шийддэг болсон нь Ардчиллын 30 жилийн үнэ цэнэ.

Хуучин нийгмийг сайхан, муухай байсныг 1990 оноос хойш төрсөн хүүхдүүд огт мэдэхгүй. Тэрний өмнө байсан бид нар болон биднээс дээш насны хүмүүс ямар хэцүү байсныг мэднэ. 2008 оны долдугаар сарын 1-нд нэгхэн телевиз эфирээ цацаж, гадаа гудамжинд буутай цэрэг цагдаа зогсч, хэвлэл мэдээлэл зогссон тэр гурав дөрөвхөн хоногт л ардчиллын үнэ цэнэ гэдэг зүйлийг бид мэдэрсэн шүү дээ. Тэгтэл өмнөх нийгмийг сайн сайхан байсан мэтээр кино, суртал ухуулгаар тарааж байгаа явдал буруу. Энэ бол худал суртал ухуулга. Энэ зүйлд ард түмэн итгэхгүй ээ, монголчууд ардчилал, эрх чөлөөндөө хайртай. Ардчиллын үр өгөөжийг ганцхан Ардчилсан нам хүртээгүй. Монголын бүх ард түмэн хүртсэн. Ялангуяа МАН-ын толгойд сууж байгаа эх баригчид бусдаас 1000 дахин илүү хүртсэн.

-Ардчилсан намын зүгээс ардчиллын 30 жилийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?

-Нэгдүгээрт, ардчиллын партизануудаа бид хэзээ ч мартаж болохгүй. Тэр хүмүүсээ алдаршуулах, шагнах ажиллагаануудыг жил бүр хийнэ. Тэрнээс хойш дунд, залуу үеийнхэн бидэнд Ардчилсан намын нэр хүндийг унагахгүй, өдөр бүр өнгөлж тордох үүрэг ногдсон. Мөн 30 жилийн хугацаанд бид юу хийв. Ардчиллын 30 жил бидэнд юу авчирсан юм. Алдаа, оноо нь юу байв гэдгийг дүгнэж байгаа. Ардчилал бол ганцхан Ардчилсан намын өмч биш.

Монголын гурван сая 300 мянган хүний амьдралд тусгалаа олсон зүйл. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Жишээ нь, Дэлхийгээр аялагчид гэх фэйсбүүк групп 610-аад мянган гишүүнтэй. Энэ группээс харахад монголчуудын очиж үзээгүй улс орон газар, өнцөг үлдсэнгүй шүү дээ. Явсан газар орнынхоо сонин хачныг энэ групп дээр ярилцаж байна. Энэ бол нөгөө л газар оронд визгүй зорчих, визтэй бол хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих энэ боломжийн үр юм. Үүний баталгаа нь зөвхөн сошиал орчинд ингэж харагдаж байна. Жижигхэн жишээ шүү дээ. Хоёрдугаарт, дараагийн гучин жил яах вэ. Монгол Улсыг хааш нь залж явах, бид ардчиллаа яаж хамгаалахав, хэрхэн ард түмнээ сайхан амьдруулах вэ, авлига хээл хахуулийг яаж устгах вэ гээд ирээдүйн 30 жилийн хөгжлийг ямар төлөвлөгөөгөөр харж хөгжүүлэх вэ гэдэг зүйлийг ярилцаж байгаа. Үүнийг цаашдаа ч ярина.

-Ойн хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Ойн баярыг бид долоо хоногийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлнэ. Ардчилсан хувьсгалтай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн, ардчиллын партизануудад зориулсан гар зургийн үзэсгэлэн, ардчиллын түүхийг арван арванаар нь гаргасан ардчиллын таван боть ном, ардчилсан хувьсгалдаа зориулсан урлаг спортын наадмын финаль, гала тоглолтууд, уламжлал ёсоор мөн энэ сарын 7-ны өдөр ардчиллын хүний эрхийн өдөрт зориулсан барилдаан энэ сарын 8-нд, 9-нд эмэгтэйчүүдийн холбоонынхон маань цэнгүүн зохион байгуулна. Энэ сарын 10-ны өдөр Цогтсайхан агснынхаа хөшөөнд цэцэг өргөх энэ үйл ажиллагаанууд явагдсанаар баярын үйл ажиллагаа өндөрлөнө. Мөн таван нам нэгдсэн ой энэ өдрүүдэд давхцдаг. Энэ хүрээнд арга хэмжээнүүд зохион байгуулна.

-Ардчиллын 30 жилийн ойн медалийг хуулиар баталлаа. Энэ талаар ярихгүй юу?

-Ардчилсан хувьсгалыг ямар чухал вэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч үнэлээд зарлиг гаргаж ардчилалд зүтгэж буй, зүтгэж байсан хүмүүсээ төрийн одон медалиар шагнасан. Энэ хүрээнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг УИХ-аар батлаад Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох гэж байна. Манай нам болоод Монгол Улсын хувьд чухал ой учраас шагнал ч гэсэн партизанууд, зүтгэлтнүүдэд хүрнэ. Энэ сайхан нийгмийг бидэнд авчирсан ах нартаа өнөөдөр ч, цаашид ч талархаж явах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ